Сүүлийн өдрүүдэд Британий Уэлсд болж байгаа НАТО-гийн чуулга уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэ удаагийн чуулган нь хүйтэн дайнаас хойш болж байгаа хамгийн түгшүүртэй цаг үед болж байгаагаараа онцлог юм.
Яг одоо Украйнд газар аван ужигарсаар байгаа иргэний дайны асуудал өнөөдөр НАТО-гийн чуулганы гол сэдэв болоод байгаа билээ. Тэд ОХУ-ын эсрэг авах арга хэмжээ, болзошгүй тохиолдолд цэргийн үйл ажиллагаа явуулахаар бол ямар хүрээнд, хэрхэн явуулах талаар хэлэлцэж байгаа юм.
Өрнөдийн хэвлэлээр ОХУ, түүний удирдагч В.Путины Украйны хэрэг явдалд гол буруутан хэмээн сурталчилж, түүний эсрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр асар өргөн суртал нэвтрүүлгийн компанит ажлыг өрнүүлээд байна. Иймд болж буй хэрэг явдлыг суртал нэвтрүүлгийн улангассан дайралтаас үүдэн асуудлыг эрүүл ухаанаар харах боломж асар хомс байгаа юм.
Хуучин дэлхийн их гүрэн байсан ЗХУ-ыг залгамжилсан ОХУ нь цөмийн зэвсэгтэй бөгөөд, өмнө нь НАТО-гийн Югослави, Ирак, Афганистан, Ливи улсуудаад явуулж байсан цэргийн ажиллагаануудтай жишиж болохоор "амар хоол” биш юм. Хэрэв дайн гарвал энэ нь зөвхөн бүс нутгийн хүрээнд биш дэлхий дахиныг хамарсан дайн болж болзошгүй байгаа нь ноцтой бөгөөд энэ тохиолдолд талуудын хүчний харилцааг тооцоолж үзэх хэрэгтэй.
► НАТО гэж юу вэ?
НАТО (NATO-North Atlantic Treaty Organisation буюу Умард Атлантын Гэрээний Байгуулллага) нь, анх 1949 онд хуучин ЗХУ-ын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан Брюссельд төвтэй цэргийн холбоо юм. Одоогоор энэ холбоонд Хойд Америк болон Европын 28 орон нэгдээд байна. НАТО-гийн гол гол асуудлуудыг НАТО-Зөвлөлийн Хурлаар шийддэг бол, онц чухал асуудлуудыг НАТО-гийн дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэдэг байна. НАТО-Зөвлөлд, Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн орнууд тус бүрийн 28 төлөөлөгч багтана.
► НАТО-гийн санхүү. Өнөөгийн байдлаар НАТО нь жилийн 2,3 тэрбум Евро төсөвтэй бөгөөд 3500 энгийн, 2000 орчим цэргийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээрээс 2000 орчим нь гишүүн орнуудын төлөөлөл байна. Нийт төсвийн 22%-ийг АНУ, 14,5%-ийг ХБНГУ гаргадаг бол Словень мэтийн жижиг орнууд 0,2%-ийг гаргадаг аж. Хэрвээ тусгай зардал, жишээ нь гадагшаа байлдааны ажиллагаа явуулах бол тухайн цэрэг илгээсэн улс зардлыг гаргадаг байна.
Хуучин НАТО ба Варшавын гэрээний орнуудын хил хязгаар 1973 оны байдлаар
► НАТО-гийн гишүүд
Анх 1949 онд үүсгэн байгуулагдахдаа АНУ, Их Британи, Канад, Белги, Дани, Франц, Исланд, Итали, Люксенбург, Голлонд, Норвеги зэрэг орнууд байсан бөгөөд, 1952 Грек, Турк, 1955 онд ХБНГУ, 1982 онд Испанийг эгнээндээ оруулжээ. Хүйтэн дайны дараа Дорнод Европд улам өргөжин 1999 онд Польш, Чех Унгар зэрэг улсуудыг, 2004 онд Болгар, Эстони, Латви, Литов, Румын, Словак, Словени улсууд, 2009 онд Хорват, Албани зэрэг улсуудад нэмж элсүүлсэн байна. Ингэснээр НАТО-гийн цэргийн үйл ажиллагааны идэвхжил нь ОХУ-ын баруун хил рүү улам бүр ойртох болж, хуучин ЗХУ-ын дагуул орнууд болох БН орнуудад хээрийн сургууль тогтмол хийх, агаарын болон пуужингийн орчин үеийн системүүдийг суурилуулж байгаа нь ОХУ-ыг санааг зовоож байгаа билээ.
Одоогийн НАТО-гийн хил
► НАТО ямар үүрэгтэй вэ?
НАТО-гийн гэрээний 5-р зүйлд зааснаар "Хэрвээ НАТО-гийн аль нэгэн юмуу хэд хэдэн оронд гаднаас халдах юм бол бусад бүх гишүүн орнуудад халдсантай ижилхэн авч үзнэ” гэжээ. Энэ нь тэд нэгэндээ цэргийн талаар харилцан туслалцана гэсэн үг юм. Энэ гэрээний заалтаар бол Украйн нэгэнт НАТО-гийн гишүүн биш учраас тэдний цэргийн тусламжийг шууд авах хуулийн үндэс байхгүй юм.
Хэрэв НАТО, ОХУ-тай шууд мөргөлдөөнд хүрэх юм бол үр дагавар нь маш аймшигтай гэдгийг өрнөдийн цэргийн мэрэгжилтнүүдийн нэг генерал Х.Куят анхааруулж ”НАТО болон ОХУ-ын хооронд шууд дайн хийх эрсдлийг ямар ч эрүүл ухаантай хүн хийхгүй. Хэрэв ийм тэнэглэлд хүрвэл үр дагавар нь аймшигтай бөгөөд түүний дэргэд дэлхийн 2-р дайн юу ч биш байх болно. Ийм ноцтой конфликтыг ингэж хялбарчилж битгий яриасаа л гэж зөвлөх байна.” хэлжээ.
Харалд Куят, НАТО-гийн генерал асан
► НАТО-гийн цэрэг-техникийн чадал ямар вэ?
Энийг шууд хэлэх бололмжгүй . Учир нь зарчмын хувьд НАТО өөрийн гэх цэрэггүй. Ямар нэг юм болоход НАТО гишүүдээсээ цэрэг, зэвсэг "зээлдэг” аж. Хэр хэмжээний цэрэг-техникийг, хэнээс "зээлэх” асуудал нь НАТО-гийн Төв Штабд шийдэгдэнэ. НАТО-гийн хүчийг үндсэндээ АНУ бүрдүүлнэ. Одоогоор ОХУ бие бүрэлдэхүүний хувьд 1 270 000 хүнтэй бол НАТО-д:
Бусад нь 100 000 хүрэхгүй хүнтэй армитай байна. Украйны армийн бие бүрэлдэхүүн 336 400 байна. Цэргийн бие бүрэлдэхүүн бол орчин үеийн дайнд шийдвэрлэх үүрэг байхгүй ч сайтар бэлтгэгдсэн кадрууд сунжирсан дайны явцад ихээхэн рольтой нь мэдээж. Генерал Х.Каятын үзэж байгаагаар НАТО-д нэгэн сул тал байгаа нь ”Ноцтой тохиолдолд цэргийг мөргөлдөөний районд татахад цаг их алдахаар байна” Хамгийн бэрхшээлтэй АНУ-аас цэрэг татах асуудал.
► НАТО хэр хурдан байлдааны бэлэн байдалд орох вэ?
Хэрэв байдал ноцтой болоход хүрвэл НАТО нь 10 хоногийн дотор 60 000 орчим цэрэг бэлэн болгож 2 сарын дотор байлдах раойнд хуралдуулж чадах юм. Мөн Германы Мюнстер орчимоос 13 000 хүнтэй сайтар бэлтгэгдсэн шуурхай дайрагч группыг үүн дээр нэмж тооцох боломжтой аж. Хамгийн гол нь НАТО "олон толгойтой” болохоор шийдвэр гаргах хурд, тэдний хоорондын тохиролцооны хурдаас шууд хамаарна. Гэвч энэ нь байлдааны цагт нэн чухал үзүүлэлт юм. Иймээс НАТО-гийн холбоотнууд Украйнд Оросын цэргүүд орох тохиолдолд яаж ч чадахгүй нь гэж болгоомжилж байна.
АНУ-ын десантын ангиуд ХБНГУ- д сургуулилж байгаа нь
► Дорнод Европ дахь НАТО-гийн зэвсэгт хүчин
Дорнод Европд НАТО-гийн шинэхэн гишүүд болох Балтийн орнууд, Польш зэрэгт цэргийн хувьд мэдэгдэм хүч байхгүй юм. Тэдний хувьд НАТО-гийн цэргийн бодит хүчний биш хоосон гэрээний нөмөрт байгаа гэж хэлж болохоор байгаа ажээ. Энэ нь 1997 оны НАТО-Оросын гэрээнээс үүдэлтэй хэмээн өрнөдийхэн тайлбарладаг. Учир нь энэ гэрээгээр ОХУ нь НАТО-гийн хувьд "хамтрагч” байсан агаад одоогийнх шиг "дайсагнагч” болоогүй байж. Гэвч ОХУ энэ гэрээнээс энэ оны 4-р сард гараад байгаа билээ. Энэ нь хэд хэдэн ноцтой шалтгаантай юм. Энэ гэрээгээр НАТО-гийн хувьд ОХУ нь тэртээ тэргүй "ядуу хамаатан” маягийн статустай байсан бөгөөд сүүлийн үед НАТО нь Балти орчим, Польш, Чех зэрэг орнуудад агаарын болон, пуужингийн шинэ системүүд суурилуулах болсон нь уг гэрээг шууд зөрчсөн явдал байв. Үүнд ОХУ мэдээж эелдэгээр хандах үндэслэл байхгүй юм. Гэхдээ өрнөдийн зарим хэвлэлд бичсэнээр ОХУ ч НАТО-той шууд мөргөлдөхөөс мэдээжийн хэрэг болгоомжилно гэж тооцоолжээ.
► НАТО Дорнод Европд байнгын цэрэгтэй болох уу?
Өрнөдийн эрх баригчид болон НАТО-гийн дээд удирдлагынханы хүрээнд энэ асуудалд "Тийм” гэсэн хариултыг нэгэн дуугаар өгч байна. Гэхдээ тэд үүнийгээ Оросуудыг "гомдоохгүйгээр” шийдвэрлэхийг чармайж байгаа аж. Яг энэ асуудлаар ч НАТО-гийн зөвлөгөөн дээх нухацтай ярилцаж, "…НАТО-гийн цэргийн байлдааны бэлэн байдлыг чангатгахаар хэд хэдэн арга хэмжээ төлөвлөсөн” гэж Германы Канцлер А.Меркель мэдэгдсэн байна. Энэ хүрээнд НАТО-гийн ЕНБД А.Расмунссены хэлсэнээр дараах арга хэмжээнүүд төлөвлөгдөөд байна. Үүнд:
- НАТО нь Дорнод Европд өөрийн байлдааны бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргах
- Агаарын хамгаалалтыг чангатгах
- Хуучин Баруун Германд байсан шиг Балт орчим болон Польшид НАТО-гийн цэргийг байрлуулах
- Германы Бундесвэрийн агаарын хүчнийг ирэх Даваа гаригаас Балти орчмын агаарын орон зайд байнгын эргүүл хийлгэх, үүнд Эстоний Амари хот орчимд Eurofighter загварын 4 сөнөөгч, 170 хүний бие бүрэлдэхүүнтэй агаарын ангийг байрлуулах, дахин хоёр сөнөөгчийг Германаас хөөргөхөөр бэлэн байдалд байлгах
Eurofighter 2000 загварын сөнөөгч
- Тус бүс нутагт НАТО-гийн хээрийн сургуулиуд олширсоноос үүдээд логистикийн шинэ байгууламжуудыг байгуулах ажил төлөвлөгдөөд байна. Тэд Балтийн 3 улс болон, Польш, Румыны нутагт тус бүртээ 300-600 цэрэгтэй, 5-9 байнгын байлдааны түшиц газруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Тэднийг тагнуул, логистик, давшилтын төлөвлөгөө гаргахад хэрэглэх аж.
- Бүс нутагт байгаа усан боомт, нисэх буудлуудыг шинэчлэх, цэргийн шинэ техник хэрэгслээр хангах
- Дотроо хэдэн мянган хүнтэй тусгай ажиллагааны шуурхай-дайрагч ангиудыг байгуулах. Ингэснээр НАТО-гийн реакцилах хурдыг нэмэгдүүлэх. Ийм маягийн ангиуд нь мөргөлдөөний районд 2 хоногийн дотор очих чадвартай байх аж.
Энэ бүхнээс харахад НАТО нь Украйнд одоогоор шууд цэргийн үйл ажиллагаа явуулах бэлтгэлгүй байгаа нь харагдаж байна. Өрнөдийн холбоотнууд Украйнд ойрын хугацаанд цэрэг оруулах бодолгүй байгаа нь тодорхой байна. Тэдний хувьд ОХУ-ын эсрэг явуулж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангалах, суртал нэвтрүүлгийн улангассан компанит ажлаа үргэлжлүүлэх, Украйны сайн дурын "залхаан цээрлүүлэх” ангиуд болон армийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэх зэргээр хязгаарлах бололтой. Өрнөдийнхөний гол хүлээлт бол ОХУ тэвчээр алдан Украйны зүүн хэсэгт цэрэг оруулах явдал бөгөөд ингэвэл тэд өөрсдийн цэргийн ажиллагаагаа зөвтгөх сайхан шалтаг олно гэж оросын хэвлэлүүд бичиж байна.
Өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, байнгын хямралтай байгаа нь улс төрийн тогтворгүй байдалд шууд нөлөөлж байгаа гэж олон ажиглагчид үздэг. Зарим нь үүнийг ерөөсөө капиталист системтэй холбож тайлбарлах нь ч бий. Капитализм бол фашизм, милитаризмын найз ч гэж ярьдаг. Ямартай ч "Капитализмын дээд шат бол империализм” гэж В.Ленин хэлсэн л ортой ч юм шиг. "Хэрэв капитализм чи хүн төрөлхтөнд хямрал, дайн хоёроос өөр санал болгох юмгүй бол, чи энэ дайнаараа чөтгөр шулам луугаа тонилог” гэж л бид хэлэх үлдэх шив дээ.
Д.Нэргүй
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих