Долоон хоногийн дараа нэгэн сонин учрал тохиосон байна. Унтах гэж байтал өнөө шувуу нь гурвантаа гаагалжээ. Гэнэт дуу шуу орсонд Жамбал гайхахын ихээр гайхсан байна. Харуй, бүрий харанхуй шөнө Буянт голын тохой болох буйд мухрын энэ газарт юухан тохиох билээ гэсэн шүү юм бодон суухуй дор яалт ч үгүй морин төвөргөөн сонсогджээ. Хааяа хүн амьтан ирж л байдаг, явж л харагддаг болохоор нэг их юм санаанд орсонгүй аж. Нутгийн хүн мал хар хайж яваа юм байлгүй дээ гэх шүү санаад сууж байтал явуулын бололтой хүн ороод иржээ. Их л ядруу явааг нь бодоход оргуул, босуул ч гэмээр санагджээ. Хир даг болсон хувцастай, аяншиж ядарсан царайтай ч нэлээд сэрэмжилсэн байдалтай хараад мэндчилж гэнэ. Монгол хүн болохоор мэнд ус мэдэлцэлгүй хаачих билээ. Харин тэгтэл тун холын хүн болж таарчээ. Өөрийгөө Увсын Завханы Баяр хэмээн танилцуулсан нь сонин байв. Тэр холоос юугаа хийж явдаг юм бол гэж санаад адуу малын эрэлд яваа эсэхийг нь сонирхвол үгүй аж. Ховдод сургуульд сурдаг хүүхдээ эргээд явж байна гэсэн нь нэг л сэжигтэй санагдаад байв. Унаа унаш хөгжсөн өнөө цагт тэр холоос хүүхдээ эргэхээр морьтой явна гэдэг юу л бол гэж бодох зуураа зочиндоо хоол, цай хийж өгчээ. Байр байдлыг нь ажвал их л өлсч цангасан бололтой ч нэлээд шийртэй эр бололтой түүнийгээ мэдэгдэхгүйг хичээж байгаа нь илт харагджээ.
Гэвч хүний бие махбодыг яалтай билээ. Хамаг хөлс нь урсаад, бараг түмпэн хоол идэж орхисон байна. Гэтэл гэнэт өнөө нөхөр явах болсноо хэлжээ. "Эртхэн зам дөхөхгүй бол горьгүй. Гэрээс гараад удсан болохоор ар тал хэцүүдэж байгаа” гэхчлэн хөгийн шахуу хэн ч итгэхээргүй юм ярьсан байна. "Харанхуй шөнө хоноод яваач. Эртхэн босоод газар хороохгүй юу” хэмээн найр тавьбал хэрээ нь учир зүгүй гуагчин, далавчаа сэгсрэн дэвсэн байна. Бараг л хэрэггүй дээ. Явуул, явуул гэх шиг болжээ. Өнөө хүн ч хэрээнээс нь цэрвэж байгаа бололтой хяламхийснээ гараад явчихаж. Хоёр хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч хоёр нөхөртэй ирээд хэл ам сугалангаа алджээ. Явуулын хүн үзэгдэж харагдав уу гээд л яг тэднийд ирснийг мэдсэн юм шиг тулгаад асуужээ. Барагтай юманд барьц алддаггүй багын араншинг яалтай. Өчиг алдсангүй. Сайндаа ч биш, угийн зожиг нэгэн тул байн байн дуудагдахаас залхсан биз. Арайхийж нэг юм хал балгүй салсан байна. Хэсгийн төлөөлөгчийн ярианаас үзвэл Ховдын цагдаагийнханд мөрдөгдөж байсан малын хулгайч Баян-Өлгийн Цэнгэлийн тува эр оргож орхисон юм байх. Даанч хэл нь нэг тийм хачин санагдсаныг дотроо төсөөлөвч гадагшаа гаргасангүй. Бага ястан, дөрвөд, баяд гэхэд арай хатуу аялгатай байжээ. Урианхай хүн бүр биш байв. Урианхайчууд угийн уран яруу, язгуурын гэхээр хэлэмгий доломгой ард түмэн гэдгийг урианхай хүн юу эс андах билээ. Малын хулгайч багагүй зальжин бас ч гэж юм үзсэн "хуйх” тул нутгийн иргэд багцаалдаж орхихыг яахин андуурах билээ. Тэгээд л Увсын дөрвөд болж жүжиглэсэн хэрэг. Нас тогтож яваа эр хүн гэхэд бас л гэнэн юм хийсэн нь харагдаад байлаа.
Оргож босох нь хэрэг хүндрүүлж, ял нэмүүлэхийн цондон болохыг хэлээд яахав. Тэгээд ч хүний өөрийн асуудал болохоор тэгсхийгээд хаях нь зүйтэй буй за. Харин хэрээ нь чухам яагаад зочныг бараг хөөсөн нь тэр удаа нууцхан үлджээ. Түүнээс хойш л хэрээгээ ихэд ажих болжээ. Хэрээ нь сайн үйлсийг гурав, саарыг тав, тун мууг долоо гуаглан мэдэгддэг нь ажиглагджээ. Нэг ийм зүйл тохиосон байна. Энэ бол сайн мэдээ юм. Өвлийн сар эхлээд удаагүй байтал нэгэн өглөө бараг хар үүрээр хар хэрээ нь гурвантаа гуаглан түүнийг дуг нойрноос нь сэрээжээ. Хэрээнийхээ дуунд бэлгэшээсэн зожиг эр босоод цайгаа чанаад сууж байж. Ёстой юм ёсоор болно гэдэг шиг бага үдийн алдад хоёр морьтон ирсэн байна. Сумын төвийн албан хаагчид болохыг таньжээ. Албаны улс цай уучихаад ийн ярьжээ. Аймагт язгуур урлагийн наадам болно. Сум бүрээс уран сайханчид очих юм. Танаар цуурдуулна гэсэн. Цуураа аваад бидэнтэй хамт яваарай. Сумаас машин явна гэжээ. Ингээд гэрээ сайтар баглаж бөхлөөд хэрээндээ хангалттай хоол тавиад гарчээ. Аймагт очсон чинь сум бүрийн уран сайханчид ирчихсэн байжээ.
Ингээд төрөл төрлөөрөө өрсөлдөж гарсан бөгөөд мань хүн урианхай ардын цуурын аялгуу болох "Ээвийн голын урсгал”, "Балчин хээрийн алхаа”-г хөгжимдөөд тасархай түрүүлэн "Язгуур урлагийн наадам”-ын алтан медалиар энгэрээ мялаажээ. Зөнч хэрээ нь үүнийг л зөгнөсөн хэрэг байлаа. Бас нэгэн зөн буюу бараан мэдээ. Цагаан сарын өмнөхөн нэгэн өглөө мөнөөх хэрээ нь тавантаа гуагласан байна. "За даа, тааруухан хэл ирэх нь дээ” гэсэн шүү юм бодоод гэр орноо цэвэрлэсэн болоод цай цүү уусан шиг хүлээжээ. Үд өнгөртөл хэн нэгэн ирж хэл мэдээ хэлсэнгүй. Харин өөрийнх нь бие л нэг тиймэрхүү чичрүүдэс хүрээд, халуураад эхлэх шиг санагдсан аж. Нэг их юм бодолгүй хэн нэгнийг хүлээж байлаа. Гэтэл оройхон биш болоод явчихжээ. Хүчтэй халуурч, бөөлжиж, суулгаад эхэлжээ. Хоолны хордлого болмооргүй юм. Хий шар болсон юм болов уу гэж санаад ус буцалгаж оочсон ч гавьтай юм болсонгүй. Яваандаа харин ч даамжрах янзтай болоод иржээ. Ойр зуурын эм, тан байсангүйд усаа буцалгаж уугаад унтах гэсэн ч болж өгсөнгүй. Бүр аргаа бараад гэрээ маначихаад, юмыг яаж мэдэхэв хэмээн овоо хоол хэрээндээ орхиод ганц морио унаад гараад өгчээ. Сумын төв хүртэл дор хаяж гурван цагийн зай байх тул шөнө дөлөөс урьтахаар цогиулжээ. Гэнэт бие нь тавирах шиг болохоор золтой л буцчихсангүй. Нэгэнт гарсных гээд шуударчихаж. Энэ нь оносон хэрэг байлаа. Морины явдалд зайлагдаад түр намдсан байжээ. Сумын төв талдаа ороод байтал баруун цавь руу нь хадгаад, гэдэс гүзээгээр нь өвдөж гарчээ. Арай чүү нэг юм шөнө дундын хэрд сумын төв ороод эмнэлгийн гадаа дөрөө мулталсан байна. Эмч үзээд хурц олгой болохыг нь оношлоод сум дундын эмнэлэг рүү аваад давхиж орхижээ.
Булган сумын сум дундын эмнэлэг хүртэл бас ч зайтай хэрнээ эрхбиш машинтай учраас төдөлгүй хүрчээ. Ингээд тэндээ хагалгаа хийлгэн гурав хоноод гарсан байдаг. Хэрээ байгаагүй бол хэд хонож, дотроо хагаран юу болох байсныг хэн мэдлээ. Хэрээнийхээ ачаар амь гарсан түүх нь ийн буюу. Тэр цагаас хойш хар хэрээгээ Дамбийжаагийн хоёр хэрээний нэгийнх нь сүнс хэмээн өхөөрддөг болсон байна. Юутай ч нэгэн сонин шувуу ийнхүү алс баруун хязгаар Ховдын Буянтын тохойд гон бие эрийн найз болж орхисон байна. Тэрбээр тэр жилийн зуны эхэн сард нэгэн хар дарсан зөн илгээсэн нь хамгийн аймшигтай нь байжээ. Уг нь Жамбал тийм ч орь ганц хүн биш ганц сайхан эгчтэй ажээ. Эгч нь сумын төвд нөхөр, хүүхэдтэйгээ амьдардаг аж. Зун болохоор зуслан бараадан ганц хоёр гэрээр малаа дагадаг уламжлалтай жирийн нэгэн монгол айл гэхэд болно. Тэр уламжлалаараа Буянт голын ялаа, шумуулаас дүрвэн "Улаан уул”-ын гэх зуслан руу нүүжээ. Мань эр Буянтын тохойгоос дүрвэхдээ бүр эсрэг тал руу нь нүүсэн байгаа юм. Зун голын эргээр байх боломжгүй л дээ. Тэгээд нэгэн сэрүүхэн газар малтай айл бараадан зусч байтал нэгэн үдэш хар хэрээ нь тасалдсан дуугаар долоонтаа "донгоджээ”. Хэрэг бишдээд явчихав. Бас л нэг муу юм болох нь ээ. Чухам надад тохиох нь уу, хэнд муу юм ирэх бол гэх зэргээр гөлрөн хүлээжээ.
Тэр өдрийн үдээс хойш ганц эгчийнх нь хүү морио усан хулгана болтол давхиж иржээ. "Манай хоёр гэрт тарваган тахал гараад хөл хорьчихсон гэнэ. Би сумын төвөөр явж байгаад сонслоо. Очиж болохгүй юм байх. Хоёулаа одоо яах билээ?” гэжээ. Ингээд баахан ярилцаад ямартай ч дөхөж хэл ам авалцъя. Оруулахгүй нь ойлгомжтой” гэж тохироод мордоцгоожээ. Тэднийхнээс тийм ч холгүй эмнэлгийн пост гарчихсан байжээ. Тэдэн дээр яваад оччихсон байна. Хоёр гэрийнхнийг хөнгөн, хүнд өвчтэйгээр нь тусгаарласан тухай эмч нар яриад тахлын вакцин тарьж өгсөн байна. Тэндээ сураг, мэдээ авалцан хоёр хонотол эгч нь нас барсныг эмнэлгийнхэн дуулгажээ. Тэгэх нь ээ малд явсан хүүхдүүд нь нэгэн "ноомой, нойрмог” ч гэж болох тарвага намнаж ирснийг өвчиж чанаад амьсгалын гэх нэлээд хүнд хэлбэрийн тахлаар өвдөцгөөсөн байна. Ингээд Жамбалын эгч, хажуу айлынх нь хүү хоёр нас барснаар энэ хэрэг өнгөрчээ. Түүнээс хойш Жамбалын хэрээний ид шидийн тухай яриа тэр хавиар нэг тархаж, "Хэрээ” Жамбал нэр аваад өчнөөн жилийн нүүр үзэж байгаа тухай тун санамсаргүй сонссоноо уншигчдадаа хүргэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих