Хэрэв та дунд сургуульдаа үзэж байсан Геометрийнхээ хичээлийг санаж байгаа бол Пи тоо гэгчийн талаар жаахан ч гэсэн
мэдэх байх. Энэ тоо нь тойргийн уртыг өөрийнх нь диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг. Харин математикчдийн хувьд чухал тооны нэг болох үүнийг бэлгэдэж жил болгоны 3 дугаар сарын 14-нийг Пи өдөр гэж нэрлэн, багахан хэмжээний баяр зохиодог юм байна.
Пи нь ойролцоогоор 3,14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал Математикийн тогтмолуудын нэг юм. Пи тоог математик болон байгалийн шинжлэх ухааны бусад олон томъёонд хэрэглэдэг. Энэ тоо нь иррационал тоо бөгөөд таслалын арын орнууд нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилнэ гэсэн үг аж. Олон математикч математикийн түүхийн туршид "Пи”-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах гэж ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Пи тоог тэмдэглэдэг үсэг нь Грек хэлний периметр гэсэн үгнээс гаралтай. Анх 1706 онд матемаиткч Виллиам Жонс 3,14 гэх тоог "π” үсгээр тэмдэглэсэн бол Швейцарын математикч, физикч Леонард Эйлер олонд түгээмэл болгожээ. Заримдаа энэ тогтмолыг тойргийн тогтмол, Людольфын тогтмол ч гэж нэрлэдэг юм байна.
Үүнээс гадна Пи тоотой ойролцоо өдөр гэгчийг хүртэл тэмдэглэдэг гэнэ.
Энэ нь долдугаар сарын 22 нь бөгөөд 22-г долоод хуваахад 3,14285 гэсэн
тоо гардаг.
Түүхэнд бичигдэн үлдсэнээр хамгийн анх 1988 онд
Сан Францискод анхны Пи өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Үүнийг Ларри Шау
гэдэг хүн зохиож байсан юм.
Энэ өдөр математикчид бялуу идэж, бие биерүүгээ бялуу шидлэн "Пи” тооны талаар мэтгэлцэцгээдэг гэнэ.
Зарим сургуулиуд "Хэн "Пи” тоог яг зөв дарааллын дагуу хамгийн олон
цифрийг нь хэлэх вэ?” гэдэг тэмцээн хүртэл зохиодог аж. Үүнээс гадна
бидний сайн мэдэх, физикийн загалмайлсан эцэг Альберт Эйнштейн 1879 оны
энэ өдөр мэндэлжээ. Тиймээс "Пи өдөр”-ийг тэмдэглэж байгаа хүмүүс жил
бүр "Хэн Эйнштейнтэй илүү төстэй харагдах вэ?” гэдэг тэмцээн хүртэл
зохиодог гэнэ.
Харин бидний өгүүлж байгаа сэдвийн гол ач холбогдол нь ирэх жилийн Пи өдөр юм. Учир нь 2015 онд нэгэн зуунд ганц тохиох Пи өдөр болно. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний болон оройн 9 цаг 26 минут 53 секундийг зөв дараалалд оруулах юм бол алдарт пи тооны эхний 10 цифр яг дарааллаараа байрлах юм байна. Ингээд ирэх жилийн яг энэ өдрийг хүлээх л үлдэж байх шив.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих