Сэлэнгийн Дара –эхийн сүмийн хонь хариулж явахдаа Гомбын Сэр-од намрыг бусдаас арай илүү мэдэрдэг болжээ. Тиймээс л "царцаахайн төмөрлөг дуун намрыг урин шагширмой” гэж бичсэн билээ. Түүнийг би намар л нас барсан болов уу гэж санадаг юм. НАМАР… Миний мэдэх бараг ихэнх хүн энэ улиралд амьсгал хураасан. Аав минь, багш минь, эмээ минь. Тиймээс би намарт дургүй. Өвс тэргүүнээсээ шаргалтахад ч дургүй. Харин байшинд ялаа шумуул ядаргаатай дүнгэхээ болиход дуртай. Гол ус чимээгүйхэн тунгалагшихад дуртай. Орон хотын минь дээгүүр нарны будан татахад дуртай. Орой салхи навч хоёр хэн нь салхи, хэн нь навчисаа ялгахаа болитол шуурахад дуртай. Өвөл шиг үнэн голоосоо дургүй байж болдоггүй тийм хачин жигтэй улирал бол НАМАР юм даа?
Яруу найрагч өвгөн модод бөгтийн гудайсан хуучин цэцэрлэгээр алхаж явна. Хөлөөр нь нил навчис хөглөрнө. Мөнгөн бариултай дэгжин таягныхаа үзүүрээр хэсэг навчисыг агаарт бужигнуулснаа, дугуй хүрээтэй шилнийхээ дээгүүр нарыг удаан гэгч нь ширтэж зогслоо. Бууралтаж яваа бужгар үс нь салхинд үл мэдэг сэвэгнэнэ. Эрт цагт рыцарийн илдчин байсан гэмээр царай төрх нь, эсвэл Иерусламыг хамгаалагч загалмайтны дайны догшин баатар байсан гэмээр хамар, үгүй бол явуулын циркийн жүжигчинд баймаар эрүү. Цувныхаа захыг босгоод амандаа ямар нэгэн тарни шившлэг үглэх мэт болсоор одно. Тэр намрын зарим өдөр 16 шүлэг бичиж байжээ. Нэгэн тэмдэглэлдээ” Ой модны хүчирхэг дуу чимээ, ертөнцийн айзам аялгууны дээд зохицохуй” хэмээн бичсэн байна. Тэр тусмаа намрын ой оюун санааг эзэмдэгч хамгийн хүчтэй соронзон орон үүсгэж, яруу найрагч тэнд хөглөөд тавьсан хуур шиг уянгалдаг байжээ. Манай Г.Сэр-Од намрын талд царцаахайн царгиаг төмөрлөг дуугаар мэдэрсэн шиг Блок намрын ойгоос хүчирхэг дуу хоолойг нь сонсдог байлаа. Харин бид яадаг вэ?
Өндөр сайхан уул минь… Уул л магтаад байлаа. Уулсын дотоод дуу хоолойг анирдаж чадсангүй. Өргөн сайхан гол минь… Хэрлэн, Онон, Туул, Хараа, Ерөө минь. Ийм шүлэг Монголын бүх яруу найрагчдад бий. Бас л гол усны дотоод хэл аялгууг тэмтэрч барьж авч аялгуунд гүн нэвтэрч чадсангүй. Тэгсэн атлаа хэн нэгнийгээ нүд анихаар "байгалийн уянгын гайхамшигт яруу найрагч” гэж өргөмжлөх нь гайхмаар. Харин байгалийг Монгол яруу найрагчид үгээр гайхалтай зураглана. Хээлээд хуалаад хаячихна.
Өтлөх нас, гуниг, уйтгар гурав намраас хэзээ ч салахгүй дагуул мэт
явна. Түүний тааварлашгүй олон нууцыг энэ гурван дагуул нь
бүрхэгдүүлчихсэн санагдана. Аль 19-р зуунд л Гулранс: Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар жихүүцьюү
Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай” гэж
намарт бус өөрийнх дотор хамаг буруу байгааг илчлин шүлэглэсэн байтал
бид нас, уйтгар, гуниг гурваас нь нэгмөсөн салгаж арвин их ургац, тариан
талбай, трактор комбайн, баяр хөөртэй хөдөлмөрчдийн баясгалантай царай
гээд өөрсдийнхөө мөн чанарыг хууран мэхлэх гэж оролдсон шүлэг олныг
бичсэн байгаа юм. Хууран мэхлэх гэснээс ийм нэгэн түүхийг надад хол замд
танилцсан өвгөн хуучилсан юм. Эрт цагт гурван улсын ханхүү бас нэг
үхэрчин хүү дөрөв нэгэн бүсгүйд зэрэг дурлажээ. Хан хөвгүүд хэн нь илүү
эр зоригтой, эд хөрөнгөтэйгээ харуулах гэж хоорондоо баахан өрсөлдсөн юм
байх. Хамаг л сайхан бүхнээ өргөн барьж хаан аавуудынхаа сан хөмрөгнөөс
багагүйг үрсэн гэнэ. Үхэрчин хүүд харин өргөх барих юу ч байсангүй.
Эцэст нь өнөөх үзэсгэлэнт бүсгүй гурван ханхүүгийн аль нэгийг бус жирийн
нэг үхэрчин хүүг сонгожээ. /Үлгэрт ихэвчлин үхэрчин хүүг сонгодог.
Харин амьдралд даанч тийм биш дээ?/ Хаан хөвгүүд аз жаргалтай амьдрал,
баян тансаг байдал, эрх мэдэл, элдэв ямба амласан бол үхэрчин хүү зөвхөн
"өвөлгүй хавраараа, намаргүй зунаараа” байх нутагт жаргаана гэжээ.
/Одоо цагт бол ийм мөрөөдлийг сонгуулийн үеийн улс төрийн амлалт гэдэг
юм. Харин эрт цагийн үзэсгэлэнт бүсгүй өнөөгийн сонгогчид хоёрын дунд
олон мянган жил бий ч нэг ч ялгаа байхгүй. Хууран мэхлэгчдэд итгэсэн
хэвээр… / Өвөл өнгөрч хавар иржээ. Бүсгүй үхэрчин хүү намайг хуурсангүй
гэж бодож гэнэ. Удалгүй зун залгажээ. Гэтэл… цэцгийн толгой модшоод
иржээ. Үзэсгэлэнт бүсгүй хууртсанаа мэдэж гэнэ. Гэвч нэгэнт бүх юм ард
хоцорсон байжээ. Тэгээд намрын турш гуньж гансарчээ. Тэр цагаас л хүмүүс
намрын улиралд гуних уйтгарлах болсон ажээ. Өвгөний ярьсан энэ үлгэрт
би хувьдаа итгэсэн юм. Учир нь Жангарт бас тийм "мөрөөдөл” бий. Одоогийн
ойлголтоор бол мань үхэрчин хүү үзэсгэлэнт охины” мөрөөдөл” дээр
тоглосон гэсэн үг.
Зохиолчид ихэвчлин найм, ёсдүгээр сард төрсөн байдаг гэнэ. Европчуудын ангилалаар бол яг намрын "алтан сард” нь. Мөн физикийн эрдэмтэд намрын улирлыг сонгож төрсөн байжээ. Яагаад ирээдүйд хэн болох нь төрсөн улирлаас нь шалтгаалаад байгааг өнөөгийн өндөр хэмжээнд хөгжсөн гээд байгаа шинжлэх ухаан баталсан болов уу? Би хувьдаа эргэлзэж л байна. Хамгийн сонирхолтой нь өвлийн хүйтэн хахир саруудад улс төрчид их олноор төрдөг гэнэлээ. Хөөрхий яруу найрагчид яагаад голдуу намар төрж, намар буцна вэ?
Пушкины "Насан хөсөг” шүлэгт ч тэр, бидний "насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа” гэж дуулдаг дуунд ч тэр, ер нь их олон бүтээлд намар ухаарал хоёр яагаад байнга хамт яваад байгааг бодохоор яруу найрагчид намар ирж, намар буцдагийн учир тодорхой ч юм шиг. Тэд ухаажих гэж ирдэг байх. Тэгээд л намрын шувууд шиг буцдаг биз. Үнэхээр энэ насны эрдэм авьяас өмнөх төрлөөс өвлөгддөг юм бол яруу найргийн эрдэм авьяас өмнөх төрлийнх ч бус түүнээс өмнөх төрлөөс хуримтлагдаж бий болдог байх. Тэр өвлөгдөн хуримтлагдаж буй зүйлс хамгийн ихээр цуглардаг улирал нь НАМАР. Хүмүүсийн хууртагтан мэхлэгддэг улирал ч НАМАР.
Намрын дурсамж тэгвэл ямар байдаг вэ? Мэдээж амьдрал хийгээд хүний учрал тохиол их учраас янз янзын дурсамж тархины бор хальсанд хадгалагдаж явдаг биз. Надад л лав навчис хөлөөр нэг хөглөрсөн 1991 оны намар санаанаас гардаггүй юм. Яруу найрагч болох асар хүчтэй мөрөөдөлд автаад багшийгаа дагаж алхсан өдрүүд. Цээжинд ямар нэг зүйл асаад зүрхийг минь төөнөж, халууцсандаа хоёр хацар минь халуу шатахыг мэдэрч байлаа. Би яруу найрагч болно. Энэ итгэл надад бас намар ирсэн юм. Тэр дотроос халуу шатуулсан зүйл багшийн хэлсэн ганцхан үгүүлбэр байлаа.
-Чамд лав авьяас байна.
Энэ үгүүлбэр намайг өвлийн хүйтэн өдрүүдэд нэг ч дааруулаагүй юм. Амьдралд итгэл төрүүлсэн НАМРЫН ҮГҮҮЛБЭР одоо ч намайг ивээдэг гэдэгт итгэсээр… Гэхдээ үе үехэн дэргэдээс одсон хайртай дотно хүмүүсээ бодохоор намарт учиргүй гомдмоор. Үзэн ядмаар санагдавч халуун дотноор санасаар байдгийн минь хамаг учир НАМАРТ байнам. Намайг өвлийн хүйтэнд дааруулаагүй тэр л үгүүлбэрт намрын асар их эрчим хүч хуримтлагдсан байжээ. Бальмонтийн "удахгүй намар сэрээд уйтгартайгаар уйлахыг сонсном” гэдэг шиг намраас би зүрх сэтгэлийнхээ надаас хамааралгүй эмзэглэлийг мэдэрнэм. Мөн надаас хамааралгүй нас, гуниг, уйтгарын сувгуудыг хүлээн авч шүлгээ бичсээр суунам. Заримдаа бас ”МИНИЙ НАМАР ХЭНИЙХТЭЙ Ч АДИЛГҮЙ” гэдэг яруу найраглаг санаанд олзлогдон бодлын гав гинжээ чирсээр толгой дээрээ солонго нумруулан олон хүмүүсийн дунд олны адил алхаж явдаг билээ.
Зохиолч П.БатхуягТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих