Дорноговь аймгийн Улаанбадрах суманд "Кожеговь” компанийн охин компани "Арева” уран олборлож байгаагаас болж хүн мал хордож төрөл бүрийн ургийн гажигтай төл гарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл бид "Арева” компанийн ураны өрөмдлөг хийдэг газраас арав гаруй км-т мал малладаг П.Пансалмааг хотод ирээд буцах гэж байхад нь уулзаж цөөн хором ярилцсан юм.
-Та хотод ямар ажлаар ирэв. Танайх ураны өрөмдлөг хийдэг газраас хэр хол байдаг вэ?
-Би аймгийнхаа эмнэлэгт хагалгаанд орчихоод энд шинжилгээ өгөх гэж ирсэн. Маргааш буцна. Би Улаанбадрах сумын Аргалант багад мал малладаг. Манай өвөлжөө "Арева” компанийн ураны өрөмдлөг хийдэг газраас арав гаруй км-т байдаг. Ер нь намар, хавар ч уран олборлож байгаа газартай ойрхон байдаг.
-Танай нутгийн хүн, мал хордоод байна гэж яриад байгаа. Өрөмдлөг хийж байгаа газартай ойрхон байгаа танайд яг яаж нөлөөлж байна?
-2011 оноос хойш манай 100 гаруй мал үхсэн. Мөн хавар болгон үсгүй, нүдгүй төл гардаг. Өнгөрсөн хавар гэхэд л олон мал хээл хаяж, зулбан төл их гарсан. Манай багийн 70 гаруй өрхийн мал үхэж, хөлгүй унага, тугал үс ноосгүй гажигтай төл байнга гарч байгаад малчид их эмзэглэж байгаа. Ураг хэзээ ч цэвэршдэггүй. Саяхан аймгийн нэгдсэн эмнэлэгийнхэн хүмүүсээс шинжилгээ авахад 30 хүний 15 нь элэгний өвчтэй, бас вирус илэрсэн. Манай гэрээс ээж, дүү бид гурваас вирус илэрсэн. Таван хүн нас барахад дөрөв нь элэгний өвчнөөр нас барсан. Энэ бол ураны хорноос болж байгаа.
-"Арева” компанийн кэмп дээр яг хэдэн хүн ажилладаг юм бэ. Орон нутгаас ажилчид авдаг уу?
-Өвөл зунгүй байнгын 20 гаруй хүн ажилладаг. Харин өрөмдлөг хийхээрээ нутгийн залуусыг олноор авч ажиллуулдаг. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь элэгний өвчтэй гэж оношлогдсон гэсэн.
-Цалин хэр байдаг юм бол. Ураныг хоргүй гэж үзэх хүмүүс ч байдаг?
-Цалин 600 орчим байдаг. Хөдөөгийн залуус мэргэжилгүй учраас туслах ажилчин, жолооч гээд муу ажлыг нь хийдэг. Долоо хоногийн өмнө "Арева” компани баг багаас хоёр хүн, сумын иргэдийн хурлын даргыг Казакстан руу авч явсан. Казакстан улсын цаг агаар манайхтай адил бас уусган баяжуулах аргаар уран олборлож байгаа учраас уран хоргүй гэдгийг хүмүүст үзүүлэх гэж байгаа гэсэн. Би уг нь явах хүмүүсийнх нь тоонд орсон байсан боловч яг явахын өмнө яаралтай хагалгаанд ороод чадаагүй. Тэгсэн чинь "Арева” компанийнхан намайг хохиролд унагасан гэж хурлаар ярьсан гэсэн. Арван хүнийг долоо хонуулаад ирэхэд нэг хүний зардал таван сая төгрөг болж байгаа гэсэн. Энэ бүх зардлыг "Арева” компаниас дааж байгаа юм.
- Казакстан руу явсан хүмүүс чинь ирээд юу гэх бол. Хүний зардлаар явсан юм чинь уран хоргүй гээд ирэх юм бишүү?
-Итгэлтэй хүмүүс явсан учраас уран үнэхээр хортой гэдгийг нь олон түмэнд үнэн зөвөөр хэлнэ гэж итгэж байгаа.
-Аймаг, орон нутгийн чинь удирдлагууд уран олборлох тал дээр малчдаа хэрхэн дэмжиж ажиллаж байна?
-Аймаг, сумын Засаг дарга нар уран олборлохыг наанаа эсэргүүцэж байна . Ард иргэдийнхээ талд гэж хэлчихээд одоо болтол энэ асуудлыг зохицуулахгүй "Арева” компанид бүр өрөм тавих зөвшөөрөл олгочихсон. Одоогоор манай нутагт таван газар өрөмдлөг хийж байна. Манай нутгийнханд үнэхээр хэцүү байна. Газар нутаг, ард иргэд, эрдэнэт сүргийг минь хордуулж, сүйрүүлж байгаа "Арева” компанийн үйл ажиллагааг зогсоож байгаль дэлхийг минь бидэнд эргүүлж өгөхийг шийдвэр гаргадаг хүмүүсээс хүсье.
С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих