Хэдхэн жилийн өмнө үнэ цэнэтэй байсан зүйл одоо захын дэлгүүрээс авчихдаг хямдхан бараатай адилхан болсныг харах ямар муухай юм бэ. Хүүхэд байхдаа телевизээр л хардаг байсан жүжигчин эгч "Соёлын тэргүүний ажилтан боллоо” гээд баярын нулимстай сэтгүүлчид ярилцлага өгч байсныг саналаа. Яамнаас шагнал гардуулахаар ирсэн хүнээс бараг сөгдөх шахуу хүндэтгэн авсан тэр хүн хамаг л сайхан хувцсаа өмсөөд ирсэн нь хэн хүнд илхэн. Ингэж л өөрийнхөө хийсэн бүтээснээ яам, харьяа байгууллагаараа тодорхойлуулж үеийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлдэг байсан ахмад уран бүтээлч олон бий. Гэтэл Соёлын тэргүүний ажилтан хэмээх зарим хүний бурхан тахилынхаа дэргэд залдаг цол тэмдгийг өнөө цагт хэн дуртай нь л авч сагсуурах болжээ. Ердөө хэдхэн дууг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацуулж, FM-үүдийн"хит” нэртэй хуурамч жагсаалтад оруулсан дуучин, хэн зохиосон нь мэдэгдэхгүй богино хэмжээний дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн"хүүхэд” гээд дуртайд нь олгодог болсон энэ шагналын үнэ цэнэ алдагдсаныг харахад үнэхээр харамсмаар юм. Захын албан байгууллагын баяр, уулзалт, тэмдэглэлт өдрөөр Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр ёстой л шагналын хур буудаг болсон байна. Тийм болохоор энэхүү шагналыг нэртэй төртэй, үнэ цэнэтэй байхад нь авсан хүмүүст харамсалтай санагдах нь аргагүй. Хүн л юм чинь харамсч бас энэ шагналыг авсандаа санаа зовдог байлгүй дээ. Нэрийг нь дурдаад яах вэ. Саяхан хэдэн уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан боллоо. Гэтэл шагналаа авахаар тайзан дээр гарахдаа тэнгисийн цэргийнхний ямар ч нөхцөлд өмсч болохоор анх бүтээсэн, ажилчдын хувцас нэртэй жийнсэн өмд, пүүзтэй гарч ирж авах юм. Тэр хүний өмнөөс ичсэн гэж яана аа. Хэдийгээр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч уран бүтээлч, урлагийн хүний ёс зүй, тайзаа хүндлэх хүндлэлтэй байх хэрэгтэй. Гэтэл шөнийн цэнгээний газарт байгаа юм шиг авирлаж, тайзаа хүндлэхгүй байгаа нь эмгэнэлтэй юм. Соёлтой байх нь өнөөгийн нийгмийн зайлшгүй шаардлага. Харин тэргүүний ажилтан болох нь хүн бүрийн хүрч чаддаггүй зүйл дээ. Ингээд бодохоор Соёлын тэргүүний ажилтан гэхээр бидний дунд, тодорхой салбарын үлгэр дуурайлал болохоор хүн байгаа биз. Тиймээс л энэ шагналыг гуйгаад өгсөнд нь бус хөдөлмөр, уран бүтээлээрээ манлайлж байгаа хүнд л өгөх нь зүйтэй юм. Тэгж чадвал шагналын үнэ цэнэ алдагдахгүй нь лав.
Б.Сэлэнгэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих