Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны 98 насны ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр гэр бүл, ойр дотныхон нь түүнийг дурсаж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах аж. Түүхэн өдрийг тохиолдуулан Ю.Цэдэнбал агсны хамгаалалтын албаны даргаар 30 гаруй жил ажилласан Л.Нанзад гуайтай ярилцлаа. Л.Нанзад комиссар даргынх нь түүхэн гавъяаг дурсдаггүй хүмүүст гомдож явдаг аж. Тэрээр ерэн насыг шүргэж яваа ч ануухнаараа, даргынхаа тухай дурсамжийг он, сартай нь хүүрнэнэ.
-Монголыг хагас зуун жил удирдаж явсан Ю.Цэдэнбалын ажил, амьдралыг нэвтэрхий мэддэг хүн бол та. Түүний төрсөн өдрөөр ямар дурсамж хүүрнэмээр байна вэ?
-Монголын төр надад итгэж тэр хүнд түшиг болгосон байх. Намайг хамгаалалтын албаны даргаар нь томиллоо гэхэд баяртай хүлээн авч 30 гаруй жил би асар их юм сурсан. Аав, ээж минь болсон эх орондоо бүх юмаа зориулж байна гэж бодож сэтгэлээ зориулан ажилласан. Түүний хүчинд энэ зэрэгтэй явна. Ю.Цэдэнбал 1916 онд төрсөн, XX зууны 84 жилийг туулсан, би XX зууны 75 жилийг туулсан хүн. Энэ хугацаанд түмэн зүйлийг үзлээ. Түүнд хувийн амьдралд анхаарах цаг байгаагүй, өөрт байгаа мэдлэг, чадвараа Монгол орны сайхан ирээдүйн төлөө зориулсан. 600 -аадхан хүн амтай, өвчин зовлонгийн адагт тулчихсан, нүүдлийн бүдүүлэг аж амьдралтай орныг удирдахаар болж байлаа. Би Чингис гэдэг үгийг таашаадаггүй. Чингисээс Монгол орны ард түмэнд үлдсэн сайн сайхан зүйл юу байгааг би одоо ч олж хараагүй. Харин Монголын төрд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их гэж боддог.
-Түүний амьдралын сүүлчийн он жилүүд цөллөгт өнгөрсөн. Гунигтай энэ түүхийн гэрч нь таныг гэдэг?
-Тийм ээ, бид энэ гунигтай түүхийг хамтдаа өнгөрүүлсэн. 1982-1983 оны үед хуйвалдаан явсан юм шиг байна лээ. МАХН-ын 18 дугаар Их хурал боллоо. М.С.Горбачёв манай хуралд ирсэн. Манайд намын хурал элдэв юманд ирсэн хүмүүсийг Ю.Цэдэнбал гуай гэр орондоо урьж их сайхан хүлээж авдаг байлаа. Монгол, Орос хоёр орон ах дүү шиг улс явлаа шүү дээ. Харин тэр үед дулаахан уур амьсгалгүй байсан. Сүүлд энэ тухай бодож байлаа. Ю.Цэдэнбалыг явуулах хуйвалдааныг ямархуу юм болж байгааг газар дээр нь үзэх гэж ирсэн болов уу гэж одоо ч гэсэн би дотроо хардаж явдаг. Энэ миний л санаа шүү. Төрийг авч явна гэдэг асар их ухаан, их сайхан зүйлд хүргэсэн дээ, Монгол орныг. Эрүүл мэнд, боловсрол нь төлбөргүй байлаа. Олон зуун сэхээтэн төрсөн. Үнэхээр тэр хүн сайхан болгоныг хийж чадсан. Даанч их гунигтай дурсамж.
-Түүнийг нам, төрөөс зайлуулсан тухай түүхэн баримт байдаг. Харин та хажууд нь байсан хүний хувьд юу гэж дүгнэдэг вэ?
-1984 онд Халхын голын 45 жилийн ой болж, дарга хэлэх үгээ бэлдчихсэн байсан. Зөвлөлт, Монголын ямар төлөөлөгчид ирэх нь вэ гээд бүх юмаа бэлдсэн байлаа. Гэтэл Зөвлөлтийн эмч шахалт үзүүлж яаралтай үзлэг шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэснээр бид хойшоо явцгаасан. Хуйвалдааны уршгаар харь газар цөлөгдөж билээ. Тийм сайхан сэтгэл зүрхтэй хүн нас өндөр болсноо мэдэж, хойч үедээ албан үүргээ өгөхөөр явахынхаа өмнө төв хорооны Б.Ламжав гэдэг хүнд хүсэлтээ илэрхийлсэн байсан. Б.Ламжав гэдэг хүн муухай юм хийсэн гэж боддог.
-Тэр хойно таван жил тантай хамт байхдаа эх орон, ард түмнээсээ хол их өрөвдөлтэй байсан уу?
-Ямар олигтой байх билээ, бид өрөвдөлтэй байсан. Ажил төрлөөр очсон сайд дарга нар над руу утасдаад даргатай уулзаад явна гэдэг байлаа. Нэг удаа төв хорооны Ц.Намсрай гэж хүн буудалд буужээ. Би очлоо. Даргыг ийм арга хэмжээнд оруулж, өвчний шалтаг болгосон, зохион байгуулалттай юм яваад байна гэж хэлсэн. "Та сэтгэл зоволтгүй” гэж хэлээд явсан. Ингээд биднийг эзгүйд даргыг огцруулсан. Байр өгнө, хэдэн төгрөг өгнө гэсэн ч дарга хүлээж аваагүй. Москвад нэг байршуу юм авах болсон. Тэрнийг би зохицуулсан. 1985 оны хоёрдугаар сарын 25-нд би тэр байранд оруулсан. 1984 оны долдугаар сарын 26-нд явсан хүн 1985 оны хоёрдугаар сарын 25 хүртэл тусгай газар хориотой байлаа шүү дээ. 30 гаруй жил амьдралаа зориулсан юм болохоор өнөөх муу байрыг нь сэтгэл санаанд нь аятай тухтай байлгах юмсан гэж бодож засвар юмыг нь хийсэн. Даавуу авч нэг муу оёдлын гар машинаар хөшиг оёод өөрөө өлгөчихсөн. Хямралд орсон хэцүү үед ийм л арга байлаа. Тэгээд гадуур, дотуур явах ажил төрлөө би л хийдэг байлаа. Хоол ундаа худалдаж авах, угаалгах цэвэрлэх юмаа гадуур өгч явна. Иймэрхүү л байдлаар бид тэр таван жилийг өнгөрөөсөн дөө. Тэгээд намайг 1989 оны арванхоёрдугаар сард буцааж татсан. Тэр үеэр Анастасия Ивановна Цэдэнбал –Филатова ярилцлага өгсөн байсан. "Нанзад маань явж, бид өнчирлөө” гэж ярьсан байсан. Би тэгэхэд "хөөрхий дөө” гэж их өрөвдөж байлаа. Тэр маш их зүтгэлтэй эмэгтэй. Хүүхдийн ордон, парк, "Найрамдал” зуслан гээд энэ бүхнийг байгуулах гэж их ажилласан. Би нэг удаа "Яах гээд энд, тэнд очоод хүмүүстэй муудалцаад байдаг юм” гээд хэлчихсэн. Тэгсэн "Хөөё Нанзад минь монголчуудын нэг айхтар зан байна. Ажлыг маргааш гэж хойшлуулах юм. Хэрэв намайг ингэвэл загнаж байгаарай” гэдэг байгаа. Хааныхаа хатагтайг загнадаг ямар муу хурандаа байх билээ дээ. Ингээд бодоход тэр их сайхан сэтгэлтэй хүн байж дээ. Түүнийг нас бараад оршуулах үеэр би хойшоо очсон юм. Яах вэ хөөрхий, гэр бүлээс илүүтэй ойр дотно амьдарсан хүмүүс шүү дээ, бид чинь. Намайг очиход ойр тойрныхон нь их баярласан. Хүний сэтгэл юм даа. Монгол, орос нь хамаа алга, хүний нөхөрлөл, хүндлэл гэж ийм юм байдгийг мэдэрч байлаа. Би чинь даргаас 10 дүү. Тэр хүнтэй олон сайхан зүйлийг үзэж харж, сурсандаа үргэлж талархаж явдаг. Өдий зэрэгтэй яваа маань эх орны минь ач буян юм.
-Сүүлд МАН-аас гаргасан түүхийн нэгэн номд Ю.Цэдэнбал агсны тухай түүхийг гуйвуулсан гэж сонссон. Та тэр тухай олж уншсан уу?
-Ж.Болдбаатар гэж түүхийн ухааны нөхөр бичсэн юм уу даа. МАХН-ын түүх гажуудалтай, эвгүй юм гарсан байна лээ. Ямар зорилго, санаатай байсныг мэдэхгүй юм. Энд, тэнд янз бүрийн ой болох юм. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын тухай дурдахгүй байна. Монголын тусгаар тогтнолыг олж авахад түүхэн үүрэгтэй хүмүүсийг орхигдуулж байна. Монгол түүхээ үгүйсгэж болохгүй гэж боддог. Би эх орон, ард түмэндээ л хайртай. Хэдий нас өндөр гарч чадал хүрэхгүй болсон ч оюун ухаанаараа их юм хиймээр байна. Хэрэв залуу байсан бол бужигнуулмаар байна. Би гуравдугаар анги төгсөөд нутгаасаа гарч хотод ирсэн хүн шүү дээ. Өнчин өрөөсөн амьдарсан намайг эх орон хүн болгосон. Тиймээс эх орондоо би хайртай, түүнд бүх юмаа зориулна.
-Ю.Цэдэнбал агсны зээ ирсэн гэв үү?
-Хоёр хүүтэй хүн. Том нь өөд болсон. Бага нь 57-той. Түүний охин ирсэн. Надтай уулзсан, хоолой зангирч байсан. Надад их дотно санагдаж байлаа. Энэ ойг /өнөөдөр болох Ю.Цэдэнбал агсны 98 насны ой/ өнгөрөөгөөд буцах байх.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих