Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог "Төвшин”-г олон хүн "түвшин”, "төвшин” гэж хоёр янзаар бичдэг болжээ. Ингэхдээ зарим тохиолдолд хүний нэрийг бичихдээ аль алинаар нь, хэмжээ заасан утгыг илэрхийлэхдээ "түвшин” гэдэг үгийг нь ихэвчлэн бичдэг юм байна. Тухайлбал, далайн түвшин, төлөв төвшин, амьжиргааны баталгаажих төвшин гэх мэт. Харин энэ үгийн нарийн учир, утгыг сүүлийн үед сургууль төгсч байгаа хүүхдүүд, мөн одоогийн оюутнууд төдийлөн ойлгохгүй байх шиг. Аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо бичсэн эссэ бичлэг зэрэгт аль алинаар нь бичээд явсан тохиолдол олонтаа таардаг гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Харин зарим байгууллагын албан бичиг, лекц, семинар, танилцуулах хуудаст ч үүний утгыг эс анзаарсан, аль алинаар нь бичих тохиолдол олонтаа ажиглагддаг гэж байв. Тиймээс эргэлзээтэй бичигддэг энэ үгсийг цаашид хэрхэн яаж бичих талаар номын хуудас эргүүлэв.
"Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д "төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн "төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод "энх тунх, тогтуун, аятай”, өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь баримжаа хэмээх утгатай "далайн төвшин”, үүний утга шилжсэн хэлбэр нь хэр хэмжээг илэрхийлэх ”төвшин тогтоох шалгалт” зэргээр байна. "Түвшин” гэсэн хэлбэрийг "төвшин”-тэй адилхан гэжээ. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь”-ийг үзвэл "төвшин” гэсэн хэлбэр нь байна, харин "түвшин” гэж байхгүй байна. Чой.Лувсанжав нарын "Монгол бичгийн хадмал толь”-ийн толгой үгэнд мөн "төвшин” л байна. Харин Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь”-д ганцхан "түвшин” гэсэн хэлбэр байх аж. Ингэж хоёр янз бичиж хэвшсэн нь монгол бичигтэй холбоотой. Монгол бичгээр энэ үгийг бичээд түвшин, төвшин ч гэж дуудаж болно. "Ө” болон "Ү” нь монгол бичгээр адилхан хэлбэртэй бичигддэгээс үүдэлтэй юм байна. Энэ бүхнээс үзвэл дээрх толь бичгүүдэд яг аль хэлбэрээр бичих нь зүйтэй гэж нэгтгэж дүгнэсэн, журамласан зүйл алга. Харин "Эргэлзээтэй бичигддэг 700 үгс”-ийн жагсаалтад дээрх хоёр үгийг хэрэглээнд ашиглахдаа хэмжээ илэрхийлэх утгыг түвшин гэж бичих, төлөв төвшин гэх утгыг илэрхийлэхдээ төвшин гэж бичнэ гэжээ. Харин хүний нэрэнд энэ хоёрыг бичихдээ алинаар нь бичсэн ч буруудахгүй. Учир нь хүний нэр гэдэг нь өөрөө оноосон нэр учир гэрчилгээнд бичихдээ тэр хүний нэрийг бичихдээ яаж бичсэн байна, түүгээрээ бичээд явах учиртай гэсэн санааг илүү тусгаж өгчээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих