Түүх хаана үлддэг вэ. Гэрэл зурагт, цаасан дээр. Дөрвөлжин цаасан дээр бичиг болон үлдэж, хүмүүс түүнийг уншихаас өөрөөр мэдэрч чаддаггүй. Гэрэл зургийг бид харж л чадна. Харин тухайн түүхээр аялж, орчинд нь очсон юм шиг мэдрэмжийг музей хүмүүст өгдөг. Монголын Үндэсний түүхийн музейд ороход ийм мэдрэмж төрдөг. Үүднээсээ эхлээд чамин хаалга, музейн тайлбартай номууд. Өмнө харж байгаагүй ховор үзмэрүүд. Энэ өдөр 10 жилийн сургуулийн дунд ангийн сурагчид музейн тайлбарлагчтай хамт Монголын түүхээр аялав. Түүхийн багш нь тэдэнд музей үзэж, тэмдэглэл бичих даалгавар өгчээ. Үндэсний түүхийн музей 10 танхимтай юм байна. Бүгдээрээ өөр, өөрийн түүхийг өгүүлдэг. Харин бид тэднээс Монголын хамгийн эртний түүхийн танхимтай танилцахаар сонголоо. Үндэсний түүхийн музейг Монгол Улсын түүх, соёл, байгаль орчныг ард олонд үзүүлэх, таниулах зорилгоор 1924 онд байгуулжээ. Анх Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд О.Жамъян гүний удирдлагад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин 1950 оноос "Орон нутаг судлах улсын төв музей” нэртэй болжээ. Үүний дараа "Монгол ардын хувьсгалын музей” болгож өөрчилсөн ч ардчилсан хувьсгал ялсны дараа буюу 1991 онд татан буугдаж, одоогийн Үндэсний түүхийн музей нэрийг авсан гэнэ. Музейд монгол нутагт анх хүн аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг харуулсан 50 мянга гаруй үзмэр бий. Энэ тоо нь манай нийт музейн үзмэрийн 30 гаруй хувь гэсэн үг юм байна. Биднийг танхим руу орохоос өмнө тайлбарлагч музейнхээ тухай ийнхүү тайлбарласан юм.
МОНГОЛЫН ХАМГИЙН ЭРТНИЙ ОЛДВОРУУД БАЯНХОНГОРООС ОЛДЖЭЭ
Танхимын хаалгаар ороход хүн анх гал гаргаж авч буй тухай баримлан үзмэр бий. Сурагчид үзмэрийг сониучирхан тайлбарлагчаас "Хүн ийм байсан юм уу, чулуунаас анх гал үүсэн гэж үү” хэмээн асууж байв. Тайлбарлагч "МЭӨ 100-400 мянган жилийн тэртээд буюу Чулуун зэвсгийн үед хүмүүс хоёр чулууг хавсран үрж, анх гал асаасан” гэж тайлбарлахад анхааралтай сонсоод, бичиж авч байдаг. Үүнийг гэрчлэх олон үзмэр тэнд байна. Эртний хүмүүсийн ан гөрөө хийж байсан хутга. Мөн яс, эвэр болон том биетэй амьтны шүдээр хийсэн гөрөөлөх хэрэгсэл ч байв. Монголын хамгийн эртний түүхийг өгүүлэх олдворууд Баянхонгор аймгийн Баянлиг сумаас олдсон ажээ. Түүнээс хамгийн олон жилийн түүхтэй нь 800 мянган жилийн тэртээх чулуун зэвсэг аж. Хурц, шовх үзүүртэй, жад хэлбэртэй юм. Мөн хадны сүг зургууд сонирхолтой. Хүмүүсийн ан гөрөө хийж байгаа, тухайн үеийн аварга биет амьтдын сүүмгэр дүрс тэртээх мянганы түүх болон өнөө бидний үед, бидэнтэй хамт мөр зэрэгцэн амьдарч байгаа мэт. Тэдгээр үзмэрүүд бидний хэн гэдгийг хэлээд ч байх шиг. Цаг хугацаа өнгөрч, цаг уур өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн ухамсар, хэрэглээ нь дагаад өөрчлөгджээ.
Эртний хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хувцас музейн чухал үзмэрийн нэг. Тэртээх 40000 жилийн өмнөөс орчин үеийн Монголын газар нутгийн баруун хойд ба уулархаг бүс нутгаар мөстлөгийн үе эхэлжээ. Хүмүүс хүйтнээс өөрийгөө хамгаалахын тулд агуйд хоргоддог болж, агнасан амьтдынхаа арьсаар хувцас хийж, өмсдөг болсон түүхтэй. Үндэсний түүхийн музейн эртний үзвэрийн танхимд Монголын хувцасны бүх цаг үеийн түүх байх аж. Тайлбарлагч үзмэрээ тайлбарлах зуур сурагчид хувцасны загваруудыг зурж байгаа бололтой, дэвтэр харандаа болон шаагилдаж байлаа. Тэдний нэг нь тайлбарлагчаас "эртний хүмүүс агуй, урцанд амьдрахаар даардаггүй байсан юм болов уу” хэмээн асууж байсан юм. Тайлбарлагч "Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа байгаль орчинтойгоо зохицон амьдарч, олон саад бэрхшээл, сорилтыг давсан юм. Хэрвээ тэд тэр хүнд хэцүү үеийг давж чадаагүй бол өнөөгийн бид байхгүй байх байлаа” гэж хариулсан. Бидний үзсэн хамгийн сүүлийн үзмэр Хүрэл зэвсгийн үед буюу МЭӨ 3000-МЭ 300 жилийн өмнөх үед тооцогдоно. Энэ үеийн хамгийн үнэт олдвор нь том чулуун булш байв. Дөрвөлжин, дугуй хүрээгээр хүрээлсэн тус булш тухайн үеийн нүүдэлчин мал аж ахуй, соёлын үнэтэй олдворт тооцогддог ажээ. Мөн энэ үед хамаарах хүрэл эдлэл, буган хөшөө ч байсан. Монголын түүхээр аялсан аялал энэ хүрээд өндөрлөсөн юм. Сурагчид түүхийн хичээл дээрээ "онц” авах нь тодорхой гэсэн бодол тээсээр Монголын Үндэсний түүхийн музейн эртний үзвэрийн танхимаас гарлаа.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих