Төв аймгийн Алтанбулаг суманд 20 гаруй хүн галзуу чонын махыг эрүүл мэндэд сайн хэмээн идсэн тохиолдол гарчээ. Мөн тус чононд хазуулсан морь эзэндээ халдсан мэдээлэл байна. Энэ талаар Төв аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Алтанхуягаас тодрууллаа.
-Танай суманд хүмүүс галзуу чонын махыг идсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
-Манай сумын II багт Улаан хужрын булан гэх газарт хэсэг хүмүүс чоно дайрч алсан юм билээ. Тэр хавийн малчид эрүүл мэндэд сайн гээд дайрсан чонын тархи, ходоодыг авч хэрэглэсэн байсан. Гэтэл тэр чоно нь галзуу байсныг тогтоосон. Тиймээс эд эрхтэнг нь хэрэглэсэн 20 гаруй хүнийг вакцинжуулаад байна. Мөн тэр хавийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч хяналт тавиад ажиллаж байна.
-Галзуу чоно малд халдсан гэсэн үү?
-Анх энэ мэдээллийг моринд хазуулсан хүн тусламж авахаар манайд хандсанаар холбогдох байгууллагууд нь мэдсэн. Хазсан морь нь хашаа хороондоо тогтохгүй, галзуу өвчний шинж тэмдэгтэй байгааг тодруулсан. Тэр морь нь чононд хазуулсан юм билээ. Тиймээс сумын Онцгой байдал, мал эмнэлгийнхэн хамтран хөл хорио тогтоосон. Тус моринд хоёр хүн хазуулсан байсан.
-Тэдний биеийн байдал хэвийн үү?
-Нэгнийх нь шарх нь хүнд, шоконд орчихсон ирсэн. Эрүүл мэндийн тусламж үзүүлээд биеийн байдал сайжирсан. Нөгөө хүний биеийн байдал хэвийн болж байгаа.
Б.ЗАЯА
Эхсурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих