Айлын хүүхэд бүр өөрийн намтар түүхтэй.
Жишээ нь айлын ууган хүүхэд, дунд хүүхэд, отгон хүүхэд, бас айлын ганц
хүүхэд ч гэж байдаг. Зарим айлын хүүхдүүд бүгд л хүмүүжил
боловсролтой, гайгүй ажил төрөлтэй болсон байдаг бол заримынх нь ганц
хоёр нь гайгүй, бусад нь ажилгүй энэ тэр гээд л. Ах, эгч нар нь онц
сурдаг л байсан юм, энэ дүү нь хэнийгээ дуурайсан юм, хичээл номгүй хүн
болох нь гээд л, манай удамд лав ийм залхуу хачин хүн байгаагүй гээд л
эмээ, өвөө ээж аав нарын яриа байнга л дуулддаг. Нэг л гэр бүлд өсч,
нэг ижил хоол унд, эцэг эхийн хүмүүжлээр явсан мөртлөө хүүхдүүдийн зан
авир, авьяас чадвар өөр өөр байх.
Нэг хүүхэд нь ичимхий даруухан, нөгөө нь "ичих булчирхайгүй” мэт
хэлэмгий доломгой, гурав дахь нь ууртай догшин, дөрөв дэх нь өгөөмөр
хүлээцтэй гээд л нэг айлын дөрвөн хүүхэд л дөрвөн янзын зантай байдаг.
Айлын ууган хүүхэд
Айлын ууган хүүхэд төлөн төвшин буурь суурьтай, хашир, хянамгай,
найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хүүхэд бол танд баяр хүргэхээс
өөр аргагүй. Учир нь хүмүүс тэднийг хүндэлдэг, итгэж найддаг, бас
танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хүүхдүүд өндөр
албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил үйлс
өөдрөг бүтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авьяастай.
Гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь түүнийг
бусадтай эвдрэлцүүлж болзошгүй. Ууган хүүхдүүд амьдралд хэтэрхий
бодитой ханддаг. Тиймээс юм бүгдийг сэтгэлдээ маш эмзэг хүлээн авдаг.
Тэд удаах хүүхэд гарах хүртэл эцэг,
эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд тухайн гэр бүл дэх зарчим, дэг
жаяг, уламжлал зэргийг бусад хүүхэдтэй харьцуулбал илүүтэй ихээр өвлөн
авдаг учраас гол төлөв консерватив үзэл бодолтой болон төлөвшдөг
байна. Харин удаах хүүхэд гарснаар эцэг, эхийн зүгээс тавьж байсан
анхаарал халамж сулардаг учраас ууган хүүхэд насан туршид энэхүү
алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог, манлайлагч хэвээр
байхыг эрмэлздэг ажээ. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ
өндөртэй хүмүүс болдог.
Ууган хүүхдийг төрөх үед эцэг, эх нь гол төлөв залуу байдаг учраас
залуу насны эрч хүч, сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд мөн хадгалагдан
үлддэгийн зэрэгцээ оюун ухааны чадварын хувьд харьцангуй өндөр байдаг
байна.
Айлын дундах хүүхэд
Хоёр дахь, гурав дахь хүүхдээс эхлэн эцэг, эхийн хүүхэддээ тавих
анхаарал сулардаг учраас дунд хүүхдүүд харьцангуй эрт биеэ даах
чадвартай болохын дээр хүмүүжил, зан төлөвт нь эцэг эхээс илүү ах,
эгчийн нөлөө хүчтэй байдаг байна. Тиймээс тэдний хувь заяа гайхалтай
байдаг ажээ. Тэд амьдралынхаа 1/4 тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин
хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг хэрэглэж өнгөрөөдөг байна.
Айлын дундах хүүхэд үргэлж нөөцөнд байдаг. Эцэг эхчүүд нь анхны ба
бага хүүхдээ илүү их хайрлаж халамжилдаг. Айлын дунд хүүхдүүд амьдрах
ухаанаараа хэр баргийн хүнийг урдаа оруулахгүй. Энэ нь хожим тэдний
амьдралд байр сууриа олоход онцлох үүрэгтэй байдаг. Айлын дундах
хүүхдүүд заримдаа өөртөө хууль ёсоор ноогдох хувиа ч хүртэл хүртэж
чаддаггүй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мөн айлын
дундах хүүхдүүд шинийг сэтгэгчид, зохион бүтээгч, төрөлхийн инженер хүн.
Айлын дундах хүүхдүүд дүүтэй болж
дээшээ, доошоо нэгэн зэрэг ах, дүүгийн харилцаанд орох болдог тул
харилцааны ур чадвар илүү төлөвшиж, сайн хэлэлцээр хийгч болдог байна.
Гэвч дунд хүүхдийн нэгэн дутагдалтай зан чанар нь гэр бүлдээ төдийлөн
анхаарал тавьдаггүй явдал юм. Учир нь ах юмуу эгч нь тухайн гэр бүлийн
анхдагч, пионер байж ирсэн, дунд хүүхэд ямагт ууган хүүхдийн гаргасан
замаар араас нь явж ирсэн байдгаас өссөн гэр бүлдээ сэтгэл ханамжгүй
байх явдал гардаг ажээ. Мөн дунд хүүхдийн зан төлөвийн нэг онцлог нь
нэлээд атаач, нэр төрд дуртай, хүмүүсийн санал зөвлөгөөг тэр бүр хүлээж
авдаггүй, асуудлыг дандаа өөрийнхөөрөө шийдэх гэсэн хандлага юм.
Айлын бага хүүхэд
Гэр бүлдээ хамгийн бага нь байдаг тул дунд хүүхэдтэй харьцуулахад эцэг
эх болон ах, эгч гэх мэт гэр бүлийн бүх гишүүдийн хайр анхаарал дунд өсч
хүмүүжнэ. Мөн хүмүүжилд нь ах эгчийн нөлөө хүчтэй байдаг. Учир нь
эцэг, эх нь ууган хүүхэддээ тавьсан шиг эрчимтэй хүмүүжил, өндөр
шаардлага тавьдаггүй бөгөөд эцэг эхийг ах, эгч орлох маягтай болдог
байна. Эцэг эхийн анхаарал багатай учраас оюун ухааны чадварын хувьд
ууган хүүхдээс доогуур байх магадлалтай. Хүн бүхэн тэднийг буруутгана.
Хэрэв үнэн зөв шийд гаргаж чадахгүй бол цаашид сэтгэл хангалуун
амьдарч чадахгүй. Айлын бага хүүхдүүд бие дааж сураагүй байдаг. Аав
ээж ах, эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал үзээгүй учраас тэд
нулимс, уур хилэн, гомдол тунирхалаар бүхнийг ялна гэж боддог.
Ах эгчийн зүгээс ирэх захиргаадалт,
дарангуйлалд өртөж байдаг тул эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэдэг
нэгэн болж өснө. Либераль үзэл баримтлалтай болох нь олонтаа ажээ. Отгон
хүүхдүүд эрсдэл ихтэй спорт, хоббигоор хөөцөлдөх дуртай. Учир нь ахмад
гишүүдийн дарамтыг эсэргүүцэн сөрж өөрийгөө олон зүйл дээр нээн
харуулахыг оролддог байна. Сул тал нь өөрийгөө хянах чадвар тааруу
учраас насанд хүрсэн хойноо архинд орох магадлалтай гэнэ шүү.
Айлын ганц хүүхэд
Айлын ганц хүүхдэд ах, эгч гэх мэт гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс
ирэх нөлөөлөл байхгүй учраас эцэг, эхтэйгээ адилсаж, эрт хэрсүүждэг
байна. Мөн олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их
сахидаг, үүрэгт ажилдаа тавих хувийн хариуцлага өндөр, цаг ашиглалт
сайтай, тооцотой хүмүүс болж төлөвшинө. Сул тал нь өөрийгөө бусдад
илэрхийлэх, харилцааны ур чадвар дутмаг байдаг явдал юм.
Харин уншигч та өөрөө айлын хэд дэх хүүхэд болох, энэ онолын үндэслэгээ таарч байгаа эсэх талаар санал бодлоо сэтгэгдэл дээр бичиж үлдээнэ буй заа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих