"Яг ийм төсөл байна, үүнд Засгийн газар ийм хэмжээний мөнгө хөнгөлөлттэй зээлэхээр боллоо” гэх шийдвэрүүд ил тод, нээлттэй байх учиртай. Түүнчлэн зээлийн мөнгө зориулалтынхаа дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавих вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм. Нэг их наяд төгрөг буюу маш их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа үед хяналтын тогтолцоо маш сайн ажиллах ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Нөгөөтэйгүүр Засгийн газар энэ мөнгийг банкны хадгаламжийн хүүгээс бага хүүтэйгээр бизнес эрхлэгчэд зээлж байгаа. Энэ тохиолдолд муугаар бодвол Засгийн газар өөрсдийн мөнгөөрөө хэсэг бүлэг хүмүүст "мөнгө угаах” боломжийг нь нээж өгч байхыг ч үгүйсгэхгүй. Засгийн газраас хямд хүүтэй зээлээд, өндөр хүүтэй хадгаламжинд байршуулах маягаар илүү мөнгө олоод байх боломжтой гэсэн үг. Энэ мэт асуудалд Засгийн газрын хяналтын механизм ажиллаж байх ёстой болов уу. Мэдээж энэ чиглэлд тодорхой ажлууд Засгийн газар болон холбогдох яам, агентлагийн төвшинд хийгдэж байгаа гэж найдъя.
Үүнээс гадна бас нэг асуудал байгаа нь энэ хэмжээний мөнгө өөрөө хангалттай юу, үгүй юу гэх асуудал. Нийтдээ нэг их наяд төгрөгөөр 888 төсөл санхүүжүүлнэ. Нэг ёсондоо жижиг хэмжээний л төслүүд болж байна гэсэн үг. 888 төсөлдээ нэг их наяд төгрөгийг механикаар хувааж бодвол нэг төсөлд ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож байгаа юм. Гэтэл үнэхээр бодитой үйлдвэрлэлийг бий болгож, дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай, олон мянган ажлын байр бий болгох, эдийн засгийн өндөр үр ашигтай төсөлд энэ хэмжээний мөнгө хаанаа ч хүрэхгүй биз ээ. Яг 888 гэдэг тоо яаж гараад ирэв гэдэг нь ч бас "сонин” л асуудал. Арай бэлгэдлийг нь бодоод 888 гэдэг тоог гаргаж ирсэн юм биш биз гэж хардах хүмүүс ч байгаа юм билээ. Ер нь бол илүү чанартай байлгая гэвэл чанартай, цөөн хэдэн төсөлд л санхүүжилт олгох хэрэгтэй баймаар. Тооноос илүү чанар чухал шүү дээ.
Ямартай ч импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл бүгдээрээ үнэхээр сайн төсөл байгаад, тэгээд амжилттай хэрэгжвэл мэдээж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Гагцхүү төрийн сайн төвшний хяналт, зөв менежмент үүнд хэрэгтэй. Ер нь бол "Монголд импортыг орлох хэмжээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон бий. Гагцхүү зах зээл дээр хүчтэй өрсөлдөж, импортыг шахаж гаргахуйц хэмжээнд ажиллаж чадахгүй байна” гэж эдийн засагчид хэлдэг юм билээ. Тэгэхээр Засгийн газар магадгүй шинээр үйлдвэрлэл бий болгоно гэж байхаар байгаа боломжоо илүү өргөн хүрээнд ашиглаад, цөөн хэдэн үйлдвэрлэгчдээ хууль эрх зүй, татварын орчноор дэмжээд өгөхөд ч болохгүй гэх газаргүй. Хэчнээн мөнгө төгрөг өгөөд, үүний нөгөө талд татвараараа дарамталдаг, хил гааль дээр хүнд сурталтай гэх зэрэг асуудал хэвээрээ байвал төрийн мөнгө хий дэмий урсахыг ч үгүйсгэх аргагүй. Юутай ч импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд Засгийн газар анхаарал хандуулж эхэлсэн. Гэхдээ үүнд зөвхөн мөнгө санхүү гэхээсээ илүү асуудлыг өргөн хүрээнд, цогцоор нь авч үзэж, ажиллах хэрэгтэй болов уу.
Л.Энхдэлгэр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих