Хятадын Гоминданы Засгийн газрын цэрэг Монголд цөмрөн орж Богд хаант автономит улсын эрхийг устган түрэмгийлээд байсан цөвүүн цагт Нийслэл Хүрээний Консулын дэнжид Д.Бодоогийн, Зүүн хүрээнд С.Данзангийн удирдсан хоёр нууц бүлгэм байгуулагдсан нь 1919 он. Дараа жил нь тэд нэгдэж Хятадын түрэмгийллийг буруушаасан ухуулах хуудас тараан үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.
Нууц бүлгэмүүд 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монголын Ардын намыг албан ёсоор зарлан тунхаглаад даргаараа С.Данзанг сонгосон төдийгүй Монголын түр Засгийн газрыг байгуулж, Ерөнхий сайдаар Д.Чагдаржавыг, Гадаад хэргийн сайдаар Д.Бодоо, Бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатар нарыг тус тус томилжээ. Үүнээс ердөө 17 хоногийн дараа гуравдугаар сарын 18-нд Д.Сүхбаатарын удирдсан 400 орчим ардын журамт цэрэг Зөвлөлтийн армийн дэмжлэгтэйгээр Шивээ Хиагтыг хянаж байсан 10 мянган гамин цэргийг довтлон ялсан түүхтэй.
Чухам энэ
өдрийг Монголд орчин үеийн армийг үүсгэн байгуулсан өдөр гэж үзэн албан
ёсоор Монгол цэргийн өдөр гэж зарласан билээ. Гэхдээ зарим судлаач,
эрдэмтний үзэж буйгаар үүнээс 10 жилийн өмнө, Богд хаант Монгол Улсыг
зарлан тунхагласан 1911 онд жинхэнэ утгаараа арми бий болсон гэх.
Тэгэхээр энэ жил Монголд орчин үеийн арми үүссэний 93 бус, 103 жилийн ой
тохиож байна гэж үзэж ч болох ажээ.
Б.БАРС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих