Тив, дэлхийн тэмцээнд уран барилдаанаараа гайхуулж, дэлхийд данстай болсон гавьяат тамирчин Б.Наранбаатар бэлтгэлийн хувцсаа, албаны хүрмээр солиод хоёр жилийг үджээ. Спорт бэлтгэлийн төвийн даргын ажилтай тэрээр Монголын шигшээ баг болон тамирчдын бэлтгэлийг хариуцдаг юм. Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг гавьяат чөлөөт цаг гарвал хөдөөгийн үзэсгэлэнт байгалиар аялах хоббитой гэнэ. Гэвч тамирчны амьдралд цаг зав бага гардаг учир эх орныхоо байгалиас илүү тэмцээн, уралдаанд оролцохоор очсон улсынхаа түүх дурсгалтай танилцсан нь олон ажээ.
Тэрээр очсон улсаасаа хөргөгчний магнет буюу наалт авдаг уламжлалтай гэсэн. Одоогоор түүнд 40 орны магнет бий. Энэ нь 40 орны түүх гэсэн үг юм. Магнет бүр дахин давтагдашгүй, өвөрмөц байдгаараа онцлогтой. Тухайлбал, Японы магнет тус орны төрийн далбааны хээтэй байдаг аж. Мөн Солонгос, Орос, Хятад гээд өөрийн гэсэн түүхтэй, чамин магнетууд ч бий. Манай тамирчид гадаадад хамтарсан бэлтгэл, сургуулилтад оролцохдоо төдийлөн дэлгүүр хэсч чаддаггүй гэнэ. Харин магнет бол захын дэлгүүрт байдаг, өвөртлөөд явахад авсаархан учир олноор нь цуглуулж, хадгалах боломжтой гэж гавьяат тамирчин бидэнд хуучиллаа. Тэрээр авсан наалтаа зориулалтынх нь дагуу хөргөгчин дээрээ наадаг. Удахгүй хөргөгч нь дүүрэх хэмжээний олон цуглуулгатай болсон хэмээв. Мөн бусад хүн шиг цуглуулгадаа их мөнгө үрэх шаардлагагүй гэнэ. Учир нь хөргөгчний магнет тийм ч үнэтэй биш. Тиймээс нэг дор хэдийг ч авах боломжтой. Гэвч Б.Наранбаатар олноор нь авах сонирхолгүй, очсон орноосоо зөвхөн нэгийг л өөртөө дурсгал болгон авдаг ажээ.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих