"Сайн морь эрийн чимэг” гэсэн хуучны хэлц үг өнөө цагт "Сайн машин эрийн чимэг” болж өөрчлөгджээ.
Дорнодын гудамж замаар өрнө дорнын гоёмсог, хүчирхэг төмөр хүлгүүд нааш
цааш давхилдаж, өчигдөрхөн л "од” болон гялалзаж явсан үнэтэй цайтай
автомашинууд өнөөдөр жирийнд тооцогдох болж. "Миний Дорнод” сэтгүүл энэ
удаа нутгийн замаар сүлжилдэх сонин, содон автомашинуудыг нэрлэж байна.
ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ МАШИН
Дорнодын
бизнес эрхлэгчдийн гангараа болсон төмөр хүлгүүд дундаас хамгийн үнэтэй
нь "Хан шувалдай” ХХК-ийн захирал П.Гэрэлбаатарын худалдаж аваад
удаагүй байгаа цоо шинэхэн Бенз G-500 аж. Мөн УИХ-ын гишүүн
Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар ч Бенз-G-500 хөлөглөдөг. Автын зах зээл
дээр хуучин нь хамгийн багадаа 40-50 мянган ам.доллараас дээш зарагддаг
бол шинэ нь 180-190 сая төгрөгийн үнэтэй гэнэ.
Хамгийн анхны Lexus-570 автомашиныг "Эбо” хөгжмийн дэлгүүрийн эзэн
Баяраа гэх залуу оруулж ирж байсан бол анхны Hummer H2-ыг "Өгөөж нарлаг
тал” ХХК-ийн захирал Чулуунханд, INFINITI Qx56-г Оюу дэлгүүрийн эзэн
Мөнхзул оруулж ирж байж. Харин одоо Lexus 570, 470, Land-200, Hummer
зэрэг автомашинууд бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл хэрэглээ болсон тул
энд тоочих нь илүүц биз. Гэрийнхээ үүдэнд Лексус, Ланд сойгоогүй мянгат
малчин ч ховорджээ.
"КИНО ОД” ГАЗ-67 ГУАЙ
Хуучны Газ-67 маркийн автомашин Дорнод аймагт хоёр ширхэг үлдсэнийг нэгийг нь та харж байна.
Өдгөө 57 нас сүүдэр "зооглож” буй уг автомашиныг эзэн нь тэр бүрчлэн
унаад байдаггүй, Хааяа нэг, баяр ёслолын үеэр гаргаж олны нүд хужирладаг
ажээ.
Машин хуучирсан ч тэтгэвэрт гарах болоогүй. Машины эзэн Ц.Цоггэрэлийн
ярьснаар, 100 км-т 16-18 литр бензин хэрэглэдэг бөгөөд Улаанбаатар,
Манжуур луу хэд хэдэн удаа яваад ирсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй
Газ-67 гуай "Татар ажиллагаа" МУСК-нд тоглож, "дүрээ мөнхлөөд” амжсан.
ТӨРӨЛ АРИЛЖСАН АВТОМАШИНУУД
Автомашин бол хүний өдөр тутмын хэрэглээ учраас жолооч, зорчигчдын ая тухыг хангасан, аяны урт замд найдвартай, бат бөх байх ёстой. Ийм л шаардлагаар техник сэтгэлгээтэй бүтээлч нэгэн нь автомашинаа өөрчилж, "төрөл арилжуулсан” байх юм. Хоёр жилийн өмнө "Эрдэнэт хүлэг" Автозасварын газрын Н.Ерөө хэмээх залуу хуучны Газ 66 машиныг уртасгаж давхар кабинтай болгон өөрчилсөн нь нэг хэсэгтээ л Дорнодчуудыг гайхуулж байв.
Уншигч та Чойбалсан хотын гудамжаар зургаан дугуйтай Ланд круйзер
давхиж явахыг харсан л биз дээ. Тэгвэл уг автомашины эзэн нь Хэрлэн
номин Бизнес төвийн захирал Д.Болдбаяр юм.
Тэрээр сүүлийн 10-аад жилийн турш хөдөө, орон нутгийн замаар нааш цааш
явж буй нэгэн. Иймээс холын замд ая тухтай байдлыг бодолцож, зургаан жил
унасан хуучин машинаа зургаан дугуйтай болгон өөрчилжээ. Ингэснээр
шарвалт, донсолгоонд ажрахааргүй тулгууртай, найдвартай, хамгийн гол нь,
илүү зөөлөн явдалтай болсон гэж байна. Д.Болдбаяр захирал хэсэг нөхдийн
хамт дахиад дөрвөн ч автомашиныг ингэж өөрчлөхөөр ярилцаж буй ажээ.
Зөвлөлтийн үед пургон автомашинуудыг уртасгах боломжтойгоор үйлдвэрлэж байжээ. Энэ талын заавар зөвлөгөө одоо ч элбэг гэнэ. Авто агро ХХК-ийн захирал Энхболд машинаа уртасгах тухай олон жил бодож явсны эцэст бодит амьдрал дээр хэрэгжүүлээд буй нь энэ. Тэрээр автомашинаа амралт аяллын журмаар тохижуулах бодолтой байгаа аж.
"Миний Дорнод” сэтгүүлТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих