Энэ намрын чуулган их хүлээлтийн дунд эхлэх нь. АН-ын олон фракцийн түг түмэн нөхөд энэ хэдэн шөнө нойр муутай хонож байна. Юу гэвэл "Засгийн газарт сэлгээ хийнэ...” гэсэн АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдэл "Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороорой...” гэсэн шиг сонсогдсон бололтой.
Одоо байгаа сайд нарын зарим нь асар ууртай байна гэнэ. Яам нь цомхотголд орох гэж байгаа гэсэн мэдээлэл тарснаас тэр ажээ.
Харин зарим нь намрын чуулганд Ерөнхий сайд бүтцээ танилцуулах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Яам нь томрох гэж байгаа учраас тэр.
2012 оны зун хуваасан бялуунаас зүсэм ч үгүй хоцорсон нөхөд Ерөнхий сайдын үзэгний үзүүрээр өөрийнхөө нэрийг зуруулж, сайд болчих санаатай энд тэнд нь ил гарч яваа сураг ч байна.
АН-ынхнаас гадна МАН-ынхан гэж тэчьяадсан хүмүүс Тусгаар тогтнолын ордондоо ойрмогхоноос бөөгнөөд байгаа. Хашааны гадна үлдсэн гэж хэлж болох тэд Засгийн газарт цэвэрлэгээ хийлгэх бус тэр чигт нь нураах санаатай элдэв PR-аа эхлүүлээд байна. Энэ намынхан ийн сөрөг хүчин гэдгээ ухаарсан гэлтэй хэд хонож буй юм.
Ерөнхийдөө энэхүү бужигнаан Ерөнхий сайдын мэдэгдлээр эхлээд хаа нэгтээгээс гарч зарим хэвлэлд нийтлэгдсэн УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч гэсэн материалуудаар эх сурвалжлан үргэлжилсэн.
"Өнөөдөр” сонины 2014 оны есдүгээр сарын 18-ны дугаарт "16 яамыг ес, 19 сайдыг 11 болгож цөөлнө” нийтлэлд "...Таамаглал бус төслөөс харахад 16 яам, 19 сайдаа Ерөнхий сайд, сайдын статустай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг оролцуулан 11 сайд, есөн яамтай болгохоор төлөвлөжээ... Нөгөө талаас энэхүү төсөл нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц рүү буцаж хэлбийсэн шинжтэй. Юутай ч энэ төслийн дагуу яамд, сайд нарыг цөөлж, базаж чадвал эдийн засгийн агуулгаараа ихээхэн үр ашиг дагуулах нь лав...” хэмээжээ.
Хэвлэлүүдэд гарсан дээрх бүдүүвчид Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, тэгээд есөн яамтай байхаар тусгажээ. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Дэд бүтцийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалллын яам гэсэн есөн яам байх нь. Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яамны хувьд өмнөхөөс онцын өөрчлөлтгүй. Харин Дэд бүтцийн яам гэж нүсэр том бүтэц бий болж байна. Энэ яаманд одоогийн Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, эрчим хүчний яам багтана. Боловсрол шинжлэх ухааны яамны суурь дээр БСШУЯ хэмээх өмнөх Засгийн газрын нэршилтэй яаманд одоогийн Ц.Оюунгэрэл сайдын толгойлдог ССАЖЯ нийлж байгаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам бас "томорч” байна. Энэ яаманд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яамны чиг үүрэг давхар хамаарах болж байгаа юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд одоогийн ССАЖЯ-ны зарим чиг үүрэг хамаарна. Эрүүл мэндийн яам, ХАХНХЯ нийлээд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болж өөрчлөгдөнө. Сангийн яаманд ч эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэхээр төлөвлөж буй ажээ. Арай өөрөөр тайлбарлах гэвэл Дэд бүтцийн яам Ц.Баярсайхан, А.Гансүх, М.Сономпил, БСШУЯ нь Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Сангийн яам Ч.Улаан, Н.Батбаяр, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам Н.Удвал, С.Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Ш.Түвдэндорж, Д.Ганхуяг, Я.Санжмятав нарын нийлэмж болж байгаа юм. Харин тэдний хэн нь яамаа авч үлдэх нь тодорхойгүй байна. Нэг нь үлдэж, нөгөө нь явна. Энэ бараг л тодорхой болж.
Гэхдээ асуудлыг томоор харах хэрэгтэй. Том гэдэг нь энэхүү өөрчлөлт хэнд ашигтай вэ гэдэг гол юм. Тэр эрх ашиг гээч нь олон нийтэд, Монголын ард түмэнд хамаарах ёстой болж байгаа юм. Одоогоор тийм шинж харагдаж байгааг зарим хэвлэлүүд хэлж эхлэв. "Улс төрийн тойм” сонин 2014 оны есдүгээр сарын 23-ны дугаартаа "...2011 онд төсвийн орлого тийм ч бага байгаагүй атлаа сайд нарын багцад 2.4 их наяд төгрөг хуваарилагддаг байсан бөгөөд бэлгийн яамд гарч ирснээр энэ тоо эрс нэмэгдэж 6.4 их наяд төгрөг болсон. Энэ бүхнийг анзаарсан Ерөнхий сайддаа талархаж байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, 16 яамыг цомхотгож, хуучны тоонд нь эргүүлж аваачих алхмыг хийж чадвал сайд нарын нийт багц гурав дахин буурахгүй ч тодорхой хэмжээгээр танагдаж эдийн засагт ээлээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Амьдрал дээр яг ийм байвал болж л байна. Гэвч үүнээс өмнө Н.Алтанхуяг АН доторх фракцуудтайгаа хэрхэн зохицож байж шийдэлд хүрэх вэ гэдэг их сонин байгаа юм. Анх "Женко” Х.Баттулга засгаас гарснаас хойш Н.Алтанхуягийн танхим ганхаж эхэлсэн нь нууц биш. Мөн үүнтэй зэрэгцэн эдийн засаг унаж, ам.долларын ханш өсөөд... Монголын эдийн засаг чадамж муутай болж ирсэн нь хүн бүрт мэдэгдэж эхэлсэнтэй холбоотой. Тэгэхээр Засгийн газар бүтцээ өөрчлөхөд хүрсэн нь өөрөөс нь ч, өрөөлөөс ч болсон гэхэд болно.Одоогийн хийх гэж байгаа өөрчлөлтөөс харахад Н.Алтанхуяг фракц, бүлэглэлүүдээ тойглож, найрсан юм харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, АН дотор сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд явж ирсэн дарга нь фракцуудаа зохицуулдаг технологи энэ удаад алдагдаж магадгүй. Харин эсрэгээрээ буюу аль аятайхан санал тавьсантай нь хамтарсан шиг хамтрах бодлогыг Ерөнхий сайд баримтлаад эхэлсэн бололтой. Хамгийн сүүлд хийсэн ЦЕГ-ын даргын томилгоо, үүнээс улбаатай халаа сэлгээнээс тэр бүхнийг харж болох юм. Мөн намаас гадна Шинэчлэлийн хэмээх Засгийн газарт нь хамтарч байсан хоёр намаас бүтсэн эвсэл бий.
Энэ сарын 18-ны өдөр www.eagle.mn сайтад Засгийн газрын шинэ бүтцийн талаарх "Есөн яамыг хэн удирдах вэ” гарчигтай материал нийтлэгджээ. Уг нийтлэлд "Үүнээс гадна Шадар сайдын ажлын албыг татан буулгаж, ажил үүргийг нь ЗГХЭГ-т шилжүүлнэ гэж байгаа юм. Шинэ Засгийн газрын иймэрхүү бүтцийг Ерөнхий сайд хаалттай хуралдаанд танилцуулсан гэх мэдээлэл бий. Энэ тохиолдолд урьдчилан таамаглаж байсанчлан Хөдөлмөрийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, ССАЖЯ ямар ч байсан татан буугдах бололтой. Мөн Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам ч ялгаагүй цомхотголд өртөх аж. Засгийн газрын бүтэц ийнхүү өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бүрэлдэхүүний асуудал мэдээж яригдана...Өнөөгийн Засгийн газар МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвсэлтэй хамтарч буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гурван яамыг "Шударга ёс” эвслийн сайд нар удирдаж байгаа. Гэтэл дээр дурдсан мэдээллээр бол Шадар сайдын албыг мөн цомхотголд оруулж байгаа гэх. Мөн шинэчилсэн бүтцээр цомхотголд орох яамдын дунд "Шударга ёс” эвслийн гишүүдийн удирдаж буй яамд бараг бүгдээрээ багтжээ...” гэж бичжээ. Ийм тохиолдолд 2012 оны сонгуулийн дараа байгуулсан АН, "Шударга ёс” эвслийн хоорондын засагт хамтрах гэрээний хувь заяа хэрхэх нь бас л асуултын тэмдэг болон үлдэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байсан агентлагуудыг шинэ бүтцийн сайд нартаа хуваан байршуулжээ. ЗГХЭГ-ын даргад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг, Хууль зүйн сайдад Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг, Сангийн сайдад Худалдан авах ажиллагааны газрыг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газрыг тус тус хариуцуулна гэсэн албан бус мэдээллийг хэвлэлүүд цацаад удаж байна.
Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга хэвээр байсан тохиолдолд түүний мэдэлд ирсэн агентлагууд наашаа цаашаа хөдлөх, нийлж салах ажил өрнөх магадлалтайг зарим эх сурвалж хэлж байна. Учир нь 2013 оны нэгдүгээр сард Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнтэй уулзахдаа "...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, Хяналтын ерөнхий газар байгуулна. Энэ байгууллага нь хянаж шалгахаас илүүтэйгээр зөвлөх туслах, сургах үйлчилгээ явуулдаг болно...” хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ мэтчилэн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн дараах "улстөр”- үүд үргэлжилж магадгүй нь.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих