Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай улс орны тогтворгүй байдалд АНУ-ыг буруутгажээ. "Улс оронд дайн дэгдэж, энх тайван тогтоох үйл явц бүтэлгүйтсэнд АНУ буруутай. Учир нь америкууд энх тайвныг хүсээгүй, тэдэнд өөр зорилго байсан. Өнөөдөр дахиад хэлье, Афганистан дахь дайн бол биднийх биш. Энэ дайныг гадаадынхан бидэнд нялзааж, бид хохирсон. АНУ, эсвэл Пакистан хүсээгүй цагт бид энх тайванд хүрч чадахгүй” хэмээн Карзай мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэн өгч байгаа Хамид Карзай халааг нь авч буй дараагийн Ерөнхийлөгчийг Вашингтонтой ихэд болгоомжтой харилцахыг анхааруулсан байна.
Өнгөрсөн ням гаригт Афганистаны Сонгуулийн үндэсний хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг зарласан юм. Сангийн сайд асан Ашраф Гани ялалт байгуулж Карзайн халааг авахаар болоод байна. Тэрээр долоо хоногийн дотор Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёстой. Түүний гол өрсөлдөгч Абдулла Абдулла Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ. Абдулла Абдулла сонгууль будлиантай болсон хэмээн мэдэгдэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан ч эцсийн эцэст эрх мэдлийг хуваах тохиролцоонд хүрснээр Ашраф Ганид Ерөнхийлөгч болох зам нээгдсэн юм. Афганистаны Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ирэх долоо хоногийн даваа гаригт ажиллаж эхлэх ёстой болж байна.
Афганистаны шинэ засаг захиргааны анхны шийдвэрийн нэг нь АНУ-тай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ юм. Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Хамид Карзай энэ гэрээг батлахаас татгалзаж ирсэн билээ. АНУ болон өрнөдийн орнууд 2001 онд талибуудын засаг захиргаа нуран унасны дараа Афганистанд олон тэрбум долларын тусламж үзүүлсэн ч байдал олигтой дээрдсэнгүй. Энэ хугацаанд олон улсын цэргийн хүчний таван мянга орчим цэрэг амиа алджээ. 2001 онд эрх мэдлээс зайлуулагдсан талибууд эргэн хүчирхэгжиж зарим бүс нутагт нэр нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. АНУ болон холбоотны цэрэг Афганистаныг бүрэн орхиж гарсны дараа тус улс дахин "Талибан” хөдөлгөөний мэдэлд орж, терроризмийн үүр уурхай болох вий гэдэгт олон улс санаа зовнисоор байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих