Лондоны гурван билэгдэл юу вэ гэвэл хамгийн түрүүнд Биг Бен цамхаг, хоёр давхар улаан автобус болон телефон утасны улаан бүхээг санаанд орно. Эдгээр нь британи арлын амьдрал, өнгөний салшгүй хэсэг байсан билээ. Гэвч улаан бүхээгнүүд тийм байхаа больж байна. Гар утас гарч ирснээр улаан бүхээг алга болох замдаа оржээ. 1980-аад онд Их Британи даяар 73 мянга байсан бол өнөөдөр 11 мянга л үлдээд байна. Цөөхөн үлдэж байгаагийн дээр үндсэн чанараа алдаж, зураг, утасны дугаараа үлдээж, секс үйлчилгээ санал болгосон нүцгэн хүүхнүүдийн наалтуудаар дүүрчээ. Нэгэн үе хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг байсан улаан бүхээгнүүд янхандалт, биеэ үнэлэлтийг сурталчлах идэвхтэй самбар болон хувирчээ.
2001 оноос хойш телефон утасны бүхээгт секс үйлчилгээний зарлал наахыг гэмт хэрэг хэмээн үзэх болсон юм. Гэвч муур, хулганы тоглоом мэт л British Telecom-ийн ажилтнууд бүхээгийг үе үе цэвэрлэдэг ч хэдхэн хоногийн дараа охид хүүхнүүдийг ашигладаг мафийнхан нөгөө наалтаар дүүргэж орхидог аж. Улаан бүхээгт дахин ийм наалт наагаад баригдвал 200-1300 паундаар торгох болон нэг сар хүртэл хорих хугацаагаар шийтгэхээр болсон ч нэмэргүй. Энэ шийдвэрийг гаргасны дараа нэг долоо хоногт л 150 мянган секс зарлал хураагдаж байв. Их Британийн улаан бүхээгнүүдэд нэг жилийн дотор 13 сая секс зарлал наасан хэвээр байна.
Их Британид биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг ч гудамжинд хийх, сурталчлахыг хориглодог. Хэрэглэгчийн дүрд хувирсан цагдаа нар тэдгээр зарын дагуу утасдаж улаан дэнлүүний газар болон эздийг нь илрүүлээд, улаан бүхээгт дахин наалт орхихгүй байхыг сануулдаг аж. Тус газрын эмэгтэйчүүд зохих бичиг баримтгүй бол улс орноос албадан гаргадаг. Гэвч тэднийг баривчлах нь ховор. Учир нь эмэгтэйчүүдийг ашигладаг мафийнхан "Card boys”буюу секс зарлал наадаг хүүхдүүдийн бүхэл бүтэн батальонтай байдаг аж.
"Та Лондонд жуулчилж яваад телефон утасны бүхээгт орвол секс-шоп руу орсон мэт сэтгэгдэл төрж магад” хэмээн Лондон хотын захиргааны ажилтан Кит Мальтхаус өгүүлэв. Хотын захиргаа Их Британийн гар утасны операторуудад хандаж секс зарлал дээрх утасны дугааруудыг бүгдийг нь хаах хүсэлт явуулжээ. Улаан бүхээгт биеэ үнэлэгчдийн зурагтай нэрийн хуудас наах моод 80-аад онд Лондоны Сохо дүүргээс эхэлжээ. Сохо нь улаан дэнлүүний газар, биеэ үнэлэгчид болон гэмт хэргээрээ толгой цохидог дүүрэг билээ. Удалгүй энэ моод Кандем, Кенсингтон, Челси, Вэстминстер дүүрэгт тархжээ. Секс зарлал наагдаж байсан анхны бүхээгүүд зарим цуглуулагчдын хувьд үнэ цэнэтэй зүйл болон хувирсан юм. Утасны улаан бүхээг анх 1920 онд бий болжээ. Тэр үед шуудан, холбооны үйлчилгээ эрхэлдэг байсан үндэсний компани бүхээгийг шуудангийн хайрцгийн адилаар улаанаар будах шийдвэр гаргаж байсан гэдэг.
1924 онд шилдэг архитекторуудын дунд улаан бүхээгний загвар дизайны уралдаан зарлахад Ливерпүүлийн цогчин дуганы загварыг гаргаж байсан дизайнер Гилберт Скотт түрүүлснээр улаан бүхээг өнөөгийн хэв загвараа олжээ. Техник технологи хөгжиж, гар утас дэлгэрэх болсноор улаан бүхээгээр үйлчлүүлэгчид нь телефон утсаар яригчид бус, секс зарлал хайгч, харагчид болон өөрчлөгдөөд байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих