-Манайд суугаа Элчин сайдуудаас монгол хэлээр ярьдаг Элчин сайд дөрөв байдгийн нэг нь та. Өмнө нь Монголд сурч байсан болохоор одоо Элчингээр ажиллахад хэлний бэрхшээл тулгарахгүй амар байна уу?
-Миний бие үзэсгэлэнт байгаль, уужим нутагтай Монгол оронд дахин ирсэндээ баяртай байна. Монгол бол миний амьдрал, хувь заяаны салшгүй нэг хэсэг. Би 1984 онд Монгол Улсын Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан болж байсан. 1989 онд төгсөөд 1993 онд эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ удаа Элчин сайдаар томилогдон Монголд эргэн ирлээ. Ингэхдээ улс эх орныхоо хүлээлгэсэн үүрэгт ажлыг нэр төртэй гүйцэтгэж, улам бүр өсөн нэмэгдэж буй Вьетнам-Монголын хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үйл хэрэгт гүүр нь болж ажиллах чухал үүрэг, хариуцлагатай ирсэн гэж бодож байгаа.
-Та Монголд ирээд зургаан сар болж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөгийн Вьетнамын нийгмийн байгуулал, төрийн тогтолцооны талаар шинэ, соргог мэдээлэл юу байна?
-Вьетнамын улс төрийн систем Вьетнамын Коммунист нам, Бүгд Найрамдах Социалист Вьетнамын төр засаг, Вьетнамын эх оронч фронт, Хо Ши Миний Коммунист залуучуудын холбоо, Вьетнам эмэгтэйчүүдийн холбоо, Вьетнамын хөдөлмөрчдийн нэгдсэн холбоо, Вьетнамын газар тариалан эрхлэгчдийн холбоо, Вьетнамын ахмад дайчдын холбоо болон нийгэм улс төрийн байгууллагуудаас бүрдэж байдаг. Харин төрийн тогтолцооны хувьд Үндэсний Ассамблей, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ардын дээд шүүх, Ардын прокурор болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн байгууллагаас бүрддэг.
-Вьетнам дэлхийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг. Хөгжлийн гол түлхүүр эдийн засгийн хөгжил, алс хэтийн чиг хандлага ямар байна?
-Вьетнам хөдөө аж ахуйн орон учраас эдийн засгийн гол тулгуур нь дотоодын эрэлтэд нийцсэн экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хангахад чиглэсэн хөдөө аж ахуйн салбар байдаг. Үүнээс гадна цахилгаан бараа, оёдол, нэхмэл, арьс шир, гутал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбар багтдаг. Ярьж байгаа зүйлээ бататгахын тулд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Тухайлбал, манай улсын нийт экспорт өнгөрсөн онд 264 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 150 хувьтай тэнцсэн. Энэ нь тодорхой хугацаанд алдагдалтай байсны эцэст хоёр жил дараалан худалдааны эргэлт ашигтай болсны илрэл юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэхэд экспорт 71 тэрбум ам. долларт дөхөж очсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байгаа юм. Үүнийг дээрх салбаруудын гол жишээ болгон харж болно.
-Экспорт гэхээр мэдээж цагаан будаа, кофе санаанд орж байна. Өөр ямар бүтээгдэхүүнүүд нийлүүлж байна вэ?
-Вьетнам цагаан будааны экспортоороо Энэтхэг, кофегоороо Бразилийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог. Мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүний нийт экспорт 27.5 тэрбум ам. долларт хүрсэн. Үүний зэрэгцээ цахилгаан бараа, хөдөө аж ахуйн машин техник, хөдөө аж ахуй, загас агнуурын бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэл, усан онгоц үйлдвэрлэл, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл, авто машин, сэлбэгийн үйлдвэрлэлийг хэлж болно. 2020 он гэхэд эдгээр зургаан үйлдвэрлэл нийт аж ахуй үйлдвэрлэлийн салбарын 35 хувьд хүрч эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах тооцоо бий. Мөн Европын холбоо, Номхон далайн түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Эдгээр чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрт нэгдэн орсноор гутал, хөдөө аж ахуй, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн зэрэг Вьетнамын давуу тал болсон барааг борлуулах боломжтой зах зээлийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн нэг болон цөөн тооны зах зээлээс хараат байдлыг бууруулах, зах зээлийн болон экспортын тогтвортой байдлыг хангахад ихээхэн дөхөм болох бололцоотой. Вьетнам улс АСЕАН-ы бүх гишүүн оронтой хамтран ирэх оны эцэс гэхэд АСЕАН-ы эдийн засгийн нийгэмлэг байгуулахаар чармайн ажиллаж байна. Ингэснээр манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх учиртай юм. Манай улс 2011-2020 онд хүрээлэн буй орчноо сайжруулах үндэсний цогц бодлого, 2050 он хүртэлх урт хугацааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигтэй. Үүнийгээ дагаад олон улсын хамтын ажиллагааны оролцоог улам дээшлүүлэх шаардлага гараад байна.
-Улс орнуудыг эдийн засгийн салбар хамгийн хүчтэй холбож байдаг. Тэр дундаа хөрөнгө оруулалт. Вьетнамаас манайд хөрөнгө оруулах нь хэр байдаг вэ?
-Өмнө хэлсэнчлэн хэдийгээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжиж байгаа ч худалдаа, барааны эргэлтийн хэмжээ хоёр орны нөөц боломжтой харьцуулахад бага хэвээр байна. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 16-18 сая ам.доллар байна. Мэдээж үүнд бараа тээвэрлэлт, төлбөр тооцооны нөхцлийн асуудал зэрэг хүндрэл байгаа нь Вьетнам-Монголын худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд саад учруулж байна. Бидний хамтын ажиллагааны боломж асар их. Тухайлбал, Вьетнам будаа, кофе, бүх төрлийн жимс жимсгэнэ зэрэг хөдөө аж ахуйн, далайн болон оёмол бүтээгдэхүүний том экспортлогч орон. 90 сая хүн амтай. Унаган байгаль, тал нутагтай Монголын хувьд Вьетнам аялал жуулчлалын том зах зээл. Мөн Монгол орон мах, махан бүтээгдэхүүн, бүх төрлийн арьс шир, нүүрсний экспортлогч. Саяхнаас Вьетнамын зарим бизнес эрхлэгч Монголын аялал жуулчлал, уул уурхай, газрын тос, дэд бүтэц, зам гүүр, барилга байгууламжийн салбарт хөрөнгө оруулахаар сонирхож эхэлсэн. Вьетнамын Вьетжет-Эйр, Монголын Хүннү Эйр компаниуд Улаанбаатар-Ханой хотын хооронд шууд нислэг үйлдэх боломж байгаа эсэхийг судалж байна. Хэрэв энэ ажил хэрэгжиж эхэлбэл хоёр орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ шатанд гаргах болно.
-Хоёр улсын харилцаа нэлээд сэргэлээ. Одоогоор ямар салбаруудад түлхүү хамтарч байна?
-Вьетнам Монгол хоёр 1954 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны агуу удирдагчид болох Хошимин, Ю.Цэдэнбал нарын эхлүүлсэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд сайхан явж ирсэн. Цаашид улам өргөжин хөгжих нь гарцаагүй. Өнөөдрийн энэ төвшинд хүрсэн бидний харилцаа гурван үеийг туулж ирсэн. Нэгдүгээр үе нь 1954-1990 оныг хамардаг юм. Энэ үеийг хоёр орны харилцаа хамгийн сайн хөгжиж, улс төр эдийн засаг, соёл боловсролын салбарт амжилттай ажилласан гэж болно. Чухам энэ л үед өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжсон. Хоёр улс Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд хоёр ч удаа гарын үсэг зурсан байдаг. Монголын төр засаг, ард түмэн эх орныхоо бүрэн бүтэн байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн болон эд материалын асар их тусламж үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Хоёрдугаар үед 1990-1994 он ордог. 1990 оноос бүс нутгийн болон олон улсын байдал асар хурдтай өөрчлөгдсөн нь Вьетнам, Монголын эдийн засаг, улс төрийн байдалд ихээхэн нөлөөлсөн. Тухайн үед хоёр орны харилцааны хамгийн хүнд хэцүү үе байсан гэж болно. Гуравдугаар үе нь 1994 оноос өнөөг хүртэлх цаг хугацаа юм. 1990-1994 оны хооронд үргэлжилсэн бүс нутгийн улс төрийн хямралын дараа буюу 1994 оноос Вьетнам Монголын харилцаа эргэн сэргэсэн. 1994 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч П.Очирбат Вьетнамд айлчилж хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах зорилго бүхий хамтарсан тунхаглалд хоёр тал гарын үсэг зурсан. Түүнчлэн Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг-ийг 2000 онд Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр ач холбогдол бүхий найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гурав дахь удаагаа гарын үсэг зурж, шинэчлэн баталсан. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн айлчлалаар Төрийн тэргүүнүүд хоёр орны ард түмэн, энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын тулд бүхий л салбарт харилцаагаа улам өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна гэдгээ харилцан илэрхийлсэн.
-Та Элчин сайдаар суух хугацаандаа ямар ажлууд хийхээр төлөвлөв. Хоёр орны харилцаанд гарсан бодит өөрчлөлт болон нааштай ямар ажил хийж байна?
-Манайх хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн, хувцас зэргийг үйлдвэрлэх, экспортлох боломжтой. Харин Монгол хөлдөөсөн мах, арьс шир, коксжих нүүрс экспортлох нөөц бололцоотой. Өнгөрсөн хугацаанд ихээхэн хичээсэн ч хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа тааруу хэвээр байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн харилцааны хэмжээнд хүрч хөгжиж чадахгүй байна. Гол шалтгаан нь тээврийн асуудал, өндөр зардал, хоёр орны бизнес эрхлэгчид харилцан мэдээлэл хомс байгаад бий. Түүнчлэн хоёр орны хооронд амьтан, ургамлын хорио цээрийн гэрээ байгуулагдаагүйг дурдах хэрэгтэй. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна. Нэгдүгээрт, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан солилцох, семинар, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, зах зээл, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцох замаар зах зээлээ харилцан ойлгох боломж олгох юм. Хоёрдугаарт, Улаанбаатар-Ханой эсвэл Улаанбаатар-Хо Ши Минь хотын хооронд шууд нислэг нээх боломжийг судлах. Хэрэв энэ ажил биеллээ олвол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ алхам болох нь дамжиггүй. Гуравдугаарт, хоёр талын бизнес эрхлэгчид, иргэдийн хувьд харилцан зорчих таатай нөхцлийг бий болгохын тулд энгийн паспорттой иргэдийг визгүй нэвтрэх гэрээ байгуулах боломжийг судалж байна. Миний бие ажлаа аваад зургаан сар болж байна. Богино ч гэсэн энэ хугацаанд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан чухал хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Харин үр дүнд нь Вьетнамын бизнес эрхлэгчид Монголын аялал жуулчлал, барилга, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхээр сонирхож эхэлж байна.
-Хоёр тал боловсролын салбарт чамгүй үр дүнтэй ажиллаж байсан. Ялангуяа мэргэжилтэн бэлтгэхэд нэлээд ахицтай байсан санагдана?
-1990 оноос өмнө Монголоос жил бүр Вьетнамын таван оюутныг сургаж байсан. Харин манай 150 орчим албан хаагч Монголд боловсрол эзэмшсэн байдаг. Тодорхой хугацаанд зогсонги байдалд байсны дараа хоёр орны хооронд боловсролын харилцаа сэргэн хөгжиж байна. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт 2006 онд дахин гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 2004 оноос эхлэн жил бүр Вьетнамын тал Монголын 15 оюутныг, Монголын тал 2-3 оюутныг харилцан хүлээн авч, дээд боловсрол олгож байна. Өдгөө манай оюутнууд гол төлөв олон улсын харилцаа, мал эмнэлэг, биотехнологийн чиглэлээр суралцаж байгаа бол Монгол оюутнууд анагаах ухаан, гадаад харилцаа, олон улсын харилцаагаар суралцаж байна.
-1959 онд Монголоос 100 мянган толгой мал Вьетнамд бэлэглэж байсан түүхтэй. Тэр бэлэгнээс нэг адуу эх орондоо гүйж ирсэн тухай сонирхолтой яриа бидний дунд байдаг. Энэ тухай дурсаач?
-Вьетнамын ард түмний эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн хүнд бэрх жилүүдэд Монголын ахан дүүсийн үзүүлсэн эд, материал, сэтгэл санааны үнэлж баршгүй тусламж дэмжлэгтэй салшгүй холбоотойг онцлон хэлмээр байна. 1959 оны наймдугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Вьетнамд айлчлахдаа 100 мянган толгой мал бэлэглэхээ мэдэгдсэн. Бэлэгний малын эхний хэсгийг удалгүй Вьетнамд хүргэсэн. Гэхдээ бодит байдалд Вьетнамын халуун, чийглэг уур амьсгалд Монголын мал дасан зохицоход үнэхээр хэцүү байсан. Тиймээс Монгол Улс бэлэглэсэн малынхаа оронд Вьетнамд мал аж ахуйг хөгжүүлэхэд туслах зорилгоор гуравдагч орноос үхэр худалдан авахад зориулж санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Үүний дүнд Вьетнамд "Сүхбаатар”-ын нэрэмжит сангийн аж ахуй байгуулагдан өнөөдрийг хүртэл оршин тогтнож, үйл ажиллагаа явуулсаар байна.
-Вьетнам руу зорчих визийг ямар журмаар олгодог талаар манай уншигчид сонирхож байгаа байх?
-Вьетнамд зорчих виз авах журам маш энгийн. Монголын дипломат болон албан паспорттой иргэд Вьетнамд 90 хоног визгүй зорчдог. Энгийн паспорттой иргэд виз мэдүүлснээс хойш гурав хоногийн дараа олгодог. Харилцан зорчих нөхцлийг илүү таатай болгох, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг улам хөгжүүлэхийн тулд энгийн паспорттой иргэдийг визгүй зорчуулах гэрээ байгуулах талаар хоёр тал судалж байна.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих