2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
Монгол улсад:
Улсын хэмжээнд албан болон албан бус сувгаар халдварт өвчин, олныг хамарсан осол, гэмтэл, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, үйл явдлын талаарх мэдээлэл мэдээлэгдээгүй байна.
Дэлхий дахинд:
Энтеровирус D68 вирусын халдвар, АНУ-д (албан мэдээ):
2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар АНУ-ын Алабама, Колорида, Индиана, Йова, Кансас, Нью-Иорк зэрэг 43 мужид Энтеровирус D68-аар үүсгэгдсэн уушигны хүнд явцтай өвчний лабораториор батлагдсан 538 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан 4 хүний сорьцод Энтеровирус D68-ийг илрүүлсэн байна. Мөн 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Канад улсад нийт Энтеровирус D68-аар үүсгэгдсэн халдварын 85 тохиолдол бүртгэгдсэн байна. Канад улсын Үндэсний Микробиологийн Лабораторид Энтеровирус D68-ыг илрүүлэх сорьцын 18%-д эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: www.cdc.gov
Мэдрэлийн цочмог өвчин, АНУ-д (албан мэдээ):
2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ДЭМБ-д АНУ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрмийг зохицуулах байгууллагаас хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн мэдрэлийн цочмог өвчний талаар мэдээлсэн байна. Колорида мужийн хүүхдийн төв эмнэлэгт 9 хүүхэд мэдрэлийн цочмог өвчнөөр өвчилжээ. Тэдний дундаж нас 8 (насны хязгаар 1-18) байна. Өвчтөнүүдэд халуурах, мэдрэлийн эмгэг (юм хоёрлож харагдах, залгиж чадахгүй болох) илрэхээс гадна амьсгалын замын эмгэг өөрчлөлт илэрсэн байна. Мөн урьд нь Энтеровирус D68-аар үүсгэгдсэн уушигны хүнд явцтай өвчнөөр өвчилсөн 2 хүүхдэд мэдрэлийн гаралтай эмгэг (энцефаломиелит, саа, саажилт) илэрсэн бөгөөд тархи нугасны шингэнд Энтеровирус D68 вирусыг илрүүлсэн байна. Энэ мэдрэлийн цочмог өвчин нь АНУ-ын ихэнх мужид тархсан Энтеровирус D68-аар үүсгэгдсэн халдварын дэгдэлтээс өөр байдлаар тохиолдож байна. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс дэгдэлтийн судалгаа хийх, лабораторийн шинжилгээгээ үргэлжлүүлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих