МОСКВА. /asiarussia/. Монгол Улсын Ерөнхийлөгч бол социализмын
дараах орон зайг эзэлж буй улсуудын төрийн тэргүүн нарын доторх хосгүй
нэгэн хэвээр байна. Монгол Улс Азийн эрх мэдэл нь хамгийн ахмадад
харьяалагддаг удирдлагын зарчим руу уналгүй, либерализм хийгээд барууны
үнэт зүйлсийг илүүц шохоорхолгүйгээр бараг хорин таван жил ардчиллын
замаар хэлбэрэлтгүй, тогтвортой замнаж байна. Элбэгдорж бол улс орноо
хөгжүүлэх энэ загварыг бүтээгчдийн нэг юм.
Төр баригч ардчилсан үзэлтэн
Монгол, Оросын Ерөнхийлөгч нарын түүхэн уулзалтаас хойш хэсэг хугацаа
өнгөрсний дараа одоо төрийн тэргүүнээр улиран ажиллаж буй Элбэгдорж хэн
болохыг дахин ажиглах цаг болжээ. Монгол Улс Азийн ардчилсан орон гэгдэх
болсон нь олон талаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавъяа юм.
Хуучин социалист бүх оронд 1990-ээд оны эхээр арчилсан өөрчлөлтийн
давалгаагаар төрийн эрхэнд гарсан улс төрийн удирдагчид нэг бол хорвоог
орхиж, эсвэл ажил албанаасаа хөндийрч, нэг бол сөрөг хүчний эгнээнд
нэгджээ. Чехийн Вацлав Гавел, Польшийн Лех Валенса шиг төрийн
тэргүүн-ардчиллын урам зоригтнуудыг цагийн явцад зүсээ хувилгасан намын
зүтгэлтнүүд, хүчнийхэн, "бизнес эрхлэгчдээр” сольжээ.
Орост ч бас бараг хэн ч үлдсэнгүй. Егор Гайдар, Анатолий Собчак нар
хэдийн байхгүй болж, бусад нь Григорий Явлинский шиг улс төрийн хуучин
нөлөөгөө алдаж, үгүй бол Ельциний хамтран зүтгэгч Михаил Полторанин шиг
бүрмөсөн алга болжээ.
ЗСБНХУ-ын бүгд найрамдах улс байсан социализмын дараах Азийн орнуудаас
Ц.Элбэгдорж онцгой ялгарч байна. Тэдгээр улсад ЗХУКН-аас гаралтай намын
түшмэлүүд нэг бол Туркменистаны Сапурмурат Ниязов шиг насан эцэс
болтлоо, нэг бол Киргизийн Аскар Акаев шиг түлхэгдэн унтлаа засгийн эрх
барьсан бол Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Тажикистаны
Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов нар
одоо болтол төрийн эрхэнд байгаа билээ. Харин Монгол Улс нэр хүнд бүхий
ардчилсан улс болсон харагдаж байна. Тус улсын ардчилсан 24 жилийн
хугацаан дахь Монголын дөрөв дэх Ерөнхийлөгч нь Элбэгдорж билээ.
1980-аад оны сүүлээс хойш тэр бараг тасралтгүй төр барилцсаар ирснийг
тэмдэглүүштэй юм. Тэрбээр хоёр удаа буюу 1998 онд болон 2004-2006 онд
Монголын Ерөнхий сайд байсан ба Улсын их хурлын гишүүнээр гурван удаа
сонгогдсон билээ.
Болгоомжтой, бодлоготой ажилласан нь
1989 оны эцсээр Монголын ардчилсан олон нийт тайван хувьсгал хийв. Орон
даяар жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлаж байв. Хувьсгалын нэг
"өдөөгч нь” 27 настай сэтгүүлч Ц.Элбэгдорж байлаа. Сонирхолтой нь Монгол
Улсын ирээдүйн Ерөнхийлөгч Львовын цэрэг-улс төрийн академид суралцаж,
мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Украины төрийн шагнал хүртсэн билээ.
Гол төлөв нас дээр гарсан улс төрчдөөс бүрдэж байсан Монгол Ардын
Хувьсгалт Намын Улс төрийн товчоо байдлыг хяналтдаа авч чадалгүй,
ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай хэлэлцээ хийсэн билээ. 1990 оны
эхээр Монголын Ерөнхий сайд Ж.Батмөнх МАХН-ын Улс төрийн товчоог тарааж,
дараа нь Монголд анхны олон намын оролцоотой сонгууль болжээ.
МАХН улс төрийн нөлөөгөө хэвээр хадгалсан боловч дангаар захирах
коммунист далайлтгүй ердийн зүүний төвч нам болон хувирчээ. Ерөнхийлөгч
Багабанди (1997-2005), Энхбаяр (2005-2009) нар МАХН-ын гишүүн байв.
Монголд 2006 онд МАХН-ын байрыг дайрч хувьсгал маягийн юм хийхийг
оролдсон, гэвч "жаахан бужигнуулаад тарсан” гэгддэг. Ямар ч гэсэн
МАХН-ын нөлөө багасч, 2009 онд Н.Энхбаяр Ардчилсан намаас нэр дэвшигч
Ц.Элбэгдоржид ялагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч анхны хугацаандаа болгоомжтой, бодлоготой
ажилласан. Гадаад бодлогодоо "гурав дахь хөршийн бодлогыг” урьдын адил
явуулж, Орос, Хятад хоёрын хооронд хавчуулагдсан Монгол Улс АНУ-тай
нөхөрлөхийг хичээсэн билээ. Бүр 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч бага Жорж
Буш Монголд албан ёсны айлчлал хийсэн Америкийн анхны удирдагч болсон
билээ.
Гэвч одоо Ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаандаа Элбэгдорж "мориныхоо
жолоог аажмаар эргүүлэх” болов. Орос, Хятад хоёртой Монгол Улс дэндүү их
ойртох нь аюултай гэж сөрөг хүчний улс төрчид ярьж байгаа ч
Элбэгдоржийн гадаад бодлогын стратеги өөрчлөгдсөн нь харагдаж байна.
Үүнийг дараах баримт гэрчилнэ. 2009 онд Киргизийн "Манас” нисэх буудал
дахь АНУ-ын агаарын цэргийн бааз хаагдсан бөгөөд 2014 оны долдугаар
сараас уг буудал дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний дамжин өнгөрөх
тээврийн төвийн үйл ажиллагааг зогсоов. Тиймээс америкчууд дамжин
өнгөрөх тээврээ одоо шинэ нисэх буудал баригдаж буй Улаанбаатарт
шилжүүлэхээр шийджээ. Гэвч гэнэт Монголын талын эсэргүүцэлтэй тулгарчээ.
Орос улстай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэлгүй олон жил сунжруулж
байсан Монгол Улс энэ асуудлыг тун богино хугацаанд шийдвэрлэв. Үүнд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал ч үүргээ гүйцэтгэсэн нь
маргаангүй. Гэвч Монголын удирдагч ч ийм байдлаар өөрийн байр суурийг
илэрхийлж, АНУ-ын Төрийн департаментыг тодорхой хэмжээгээр бухимдуулав.
"Гурав дахь хөршийн бодлого” дууслаа гэж шинжээчид ярих болов.
Ерөнхийлөгчийн хоёр дахь хугацаандаа Элбэгдорж чөлөөтэй болсноо мэдэрч,
АНУ хол байна, харин Хятад, Орос хоёр энүүхэнд байна гэх болжээ. Тэглээ ч
гэсэн Монголын Ерөнхийлөгч АНУ-тай найрсаг харилцаатай байж, Бараг
Обаматай харилцаатай байна.
Одоо Элбэгдорж Ерөнхийлөгчийн сүүлийн хугацаандаа Азийн хэмжээний улс
төрийн томоохон зүтгэлтэн болж байна. Түүнийг хойч үеийнхний төлөө улс
орноо хөгжүүлэх суурийг тавьж, Монгол Улсыг "Азийн Швейцарь” болгож
бүрэн чадна гэж бодож байна. Энэ тухай түүний нэр нэгт, мөн хувьсгалын
урам зоригтон буриад-монгол Элбэгдорж Ринчино бас мөрөөдөж байсан билээ
гэж Буриадын сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн, buryatia.org сайтыг үндэслэгч
Хамаганов Евгений Андреевич бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих