Дэлхийн Агуу зуун найруулагч нарын нэг В.Э.Мейерхольдын ном монгол хэлээр хэвлэгдэн гараад жил шахам хугацаа өнгөрч байна. Театр урлагийнхны дунд энэ ном нэгэн шинэ сэдэв болоод буй. Учир нь манайхан театр, найруулагч гэхээр Станиславский л гэж мэддэг, тэгээд ч Мейерхольд гэхээр бараг Станиславскийн эсрэг, дайсан нь байсан гэх маягийн ойлголттой явж ирсэн аж. Тийм болохоор Орос-Зөвлөлтийн үеийн агуу найруулагч В.Э.Мейерхольдын тухай жинхэнэ үнэнийг эх хэлээрээ унших боломж бүрдэнэ гэдэг нь харах бас нэгэн шинэ боломж нээж өгсөн.
Орос-Зөвлөлтийн тайз, дэлгэцийн урлагийн онолч, сэтгэгч, найруулагч В.Э.Мейерхольдын бичсэн өгүүлэл, захидал, хэлсэн үг зэргийг эмхэтгэсэн энэхүү ном тайз дэлгэцийн урлагийнхан тухайн цаг үе-нийгмийн сэтгэл зүйг хэрхэн анхаарах, тайз дэлгэцийн урлагийн цаашдын чиг ханддага ямар байх, тайзны урлагийн бодит илэрхийлэл, нөхцөлт илэрхийлэл, биомеханикийн аргачлал, тайзны урлагийн түүх, найруулга зүй, жүжиглэх урлагийн талаар өргөн мэдээлэл багтаасан бүтээл. Соёл урлаг, нийгэм судлаачид, найруулагчид, жүжигчид, тайз, дэлгэцийн урлагийн мэргэжилтэн, багш нар, ирээдүйн жүжигчид уран бүтээлчдийн хувьд гарын авлага болох бүтээл юм. Тиймээс ч Соёл, урлагийн чиглэлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт энэ ном албан ёсоор оруулахаар болж байгаа талаарх мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн их сургуулийн удирдлагууд өгч байсан билээ.
Товчхондоо бол, Монголын ирээдүйн жүжигчин, найруулагч нар
заавал В.Э.Мейерхольдыг уншиж судласан байх ёстой гэсэн үг л дээ. Энэ
бол орчуулагч Норовын Пүрэвдагвын эрэл, хөдөлмөр талаар өнгөрөөгүйг
харуулна.
Орчуулагч Н.Пүрэвдагва өмнө нь найруулагч
Н.Наранбаатарын захиалгаар Б.Захавагийн "Жүжигчин хийгээд найруулагчийн
уран чадвар" бүтээлийг орчуулсан нь өдгөө СУИС-ийн оюутнуудын тухайд
эрэлт ихтэй ном болсон билээ. Агуу Мейерхольдын араас тэрээр XX зууны
шилдэг дөрвөн найруулагчийн бүтээлийг монгол хэлнээ орчуулан хүргэхээр
ажиллаж байгаа аж.
***
Жүжигчний бие бялдар ийм нөхцөлд
найруулагчийн тоглох хөгжмийн зэмсэг эсвэл нарийвчлан тооцон хийж,
түлхэн хөдөлгөхөд хангалттай машин механизмтай адил байх ёстой гэсэн үг.
Хүнийг машинтай, эсвэл түүнийг бүрдүүлэгч хэсэгтэй адилтган авч үзэж
байгаа болохоор жүжигчин хүн хамгийн түрүүнд биеэ удирдаж сурах хэрэгтэй
гэсэн үг болж байна. Тийм учраас тайзан дээр жүжиг хэмээх машин
механизм зохион бүтээн өрж, урдчилан нарийн сургуулилсан "амьд
механизм"-жүжигчдийн тусламжтай хөдөлгөөнд
оруулна гэсэн үг болж байгаа юм.
***
Тайзан
дээр цаг тун чухал. Зохиогчийн бодсоноор ямар нэгэн үйл явдал тайзан
дээр зурсхийгээд өнгөрөх ёстой зүйл сунжраад эхэлбэл, дараагийн чухал
гэж санасан зүйлд гай болж мэднэ. Онцын хэрэггүй, удахгүй мартаж болох
зүйл харж ядарсан үзэгч чухал хэсгийг үзэх болоход ядарсан байна. Ийм
байдалд оруулсан найруулагч л буруутай.
***
Чеховын сэтгэл хөдлөл
үг ярианы хурданд нуугдаж байдаг. Уран сайхны театрын жүжигчид Чеховын
жүжгийн анх тавих үедээ тэр онцлогийг олж сонссон. Тийм учраас
"Цахлай"-гаар дамжин зохиолчид хайртай болцгоосон.
Чеховын
бүтээл дэх үг ярианы хурдны өөрчлөлтийг барьж учрыг нь олоогүй бол Уран
сайхны театрынхан миний онцолж хэлээд байгаа хоёр дахь нүүр царайг
олохгүй, сэтгэл хөдлөлийн театр гэх алдрыг хүлээхгүй байсан юм.
***
Хаанаас
ч билээ би, тайз уран зохиолыг төрүулдэг гэж уншиж байсан. Энэ тийм
биш, тайз уран зохиолд нөлөөлөх боломж байдаг бол "зөвхөн нэг чигийн
зохиолд"-д анхаарах маягаар байж болно. Шинэ театр шинэ уран зохиолоос л
гарч ирнэ. Жүжгийн тавилтыг өөрчлөх санаачилга уран зохиолоос л
төрдөг.
-Би энд хоёр янзын театрын тухай өгүүлэхдээ жүжигчин
урлан бүтээх эрх чөлөөгөө хумин хумин амьгүй хүүхэлдэй болохоор зүтгэх
үү, эсвэл театрын захирлын хүсэлд захирагдахгүй хүухэлдэйн мөн чанараа
хадгалах гэж тэрсэлж байгаа хүүхэлдэй шиг байх уу гэдгээ зэрэгцүүлж бод
гэсэн санаа.
-Дүр болгоны харагдах гадаад төрхийн хойноос
хөөцөлдөх хэрэггүй. Түүний оронд дүр хэмээх багийн дор хэн нуугдаж байна
гэж эрж хайх хэрэгтэй.
-Хэн нэгэн найруулагч зохиолчид
тоомжиргүй ханддаг гэж хэлж зүрхэлбэл, тэр хүн ердөө л найруулгын урлаг
гэж юу болохыг ойлгохгүй байгаа хүн.
-Хүн нэр алдрын элдэв хэв
маягийн хойноо хөөцөлдөн юугаа ч хайрлахгүй зүтгэж, ёс зарчмаа умартаад
ирэхээр зүй бус санаа бодол, хүсэл шатаж эхэлдэг жамтай. Үүнээс цааш
залгаад үзэгчдэд хөтлөгдөх, тэдэнд таалагдаж болох хэрэгтэй хэрэггүй аяг
маяг гаргах, хамтран тоглогчтойгоо харьцахгүй тоглох хүртэл зохисгүй
ааш авир гаргадаг.
-Ордны гэгддэг театрт Италийн дууриас
улбаалан орж ирсэн урагшгүй нэг зуршил бол дуучин заалгасан эв дүй,
дуулах аргаа эвтэйхэн ашиглаж байгаад хоолойныхоо чадлыг л үзэгчдэд
сонсгохыг голчлох болсон явдал. Италийн дуурийн хөгжимд хэрэглэгддэг
тогтсон, тэнэг гэмээр энэ хэвшлийг хувьсгалч дайчин Глюк гэх уран
бүтээлч эвдсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих