Хуулийг яах гэж баталдаг вэ. Мөрдөх гэж хэмээн олон хүн хариулна.
Харин үүнийг баллуурдаж хуулийг уландаа гишгэгчдийн нүдэнд бол зүгээр л
эрээн цаас харагдаж байна. Энэ бусармаг байдал байгаль хамгаалал, тэр
дундаа тусгай зориулалтын агнуур дээр тод харагдах болсон нь
харамсалтай.
Тусгай зориулалтын агнуур гэдэг нь ховор амьтдыг
тусгай зөвшөөрлөөр агнуулж ашиг олдог бизнес юм. Манай улсад 8-9 зүйлийн
ховор амьтныг ихэвчлэн агнуулдгаас сүрлэг том эвэртэй угалзын ан
гадаадын анчдын сонирхлыг ихэд татдаг билээ. Анх 1962 онд гадаадын
анчнаар угалз агнуулж эхэлсэн түүхтэй бөгөөд жил бүр хамгийн багадаа 12,
ихдээ 163 угалз агнуулж байжээ. Өмнө нь агнуураас олсон мөнгийг бүгдийг
нь улсын төсөвт оруулдаг байв. Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн
тухай хуультай болсноор агнуураас орсон орлогын 50 хувийг тухайн
амьтныг хамгаалахад зориулах ёстой болсон юм. Хэдийгээр хууль гарсан ч
хэрэгжилт тааруу байсан тул Засгийн газар өнгөрсөн жил "Ховор амьтныг
агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам"-д өөрчлөлт оруулсан нь цаг
үеэ олсон чухал шийдвэр байлаа. Ингэснээр гадаадын баян анчдын бууны
овоо хараанд өртдөг ховор амьтдыг жинхэнэ утгаар нь хамгаалах боломж
бүрдсэн. Нөгөө талаар аргаль агнах зөвшөөрлийг тойрсон хахуулийн мөнгө
шинэ журмын ачаар дарга нарт бус харин "эзэддээ" очих сайхан боломж
бүрдлээ гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байгаа билээ. Гэвч
аливаа шинэ зүйл бэрхшээл дагуулдаг нь тусгай зориулалтын агнуурыг ч
тойрсонгүй.
ТАВАН УГАЛЗ АГНАХ ЁСТОЙ БАЙТАЛ ДОЛООГ АГНАВ
Тусгай
зориулалтаар жилд хэдэн амьтан агнахыг Засгийн газар тогтоодог. Үүний
дагуу энэ жил Увс аймгийн нутгаас таван угалз агнуулах эрх өгчээ. Ийм
төрлийн бизнес эрхэлдэг "МАТ" компани хоёр эрхийг нь авсан юм байна. Тэд
хоёр угалзаа аль хэдийнэ гадаадын баян анчдаар агнуулчихаж. Үйл явдал
ингээд дууссан бол асуудал гарахгүй байв. Гэтэл тус компанийнхан нэмээд
хоёрыг агначихжээ. Эх сурвалжийн ярьж байгаагаар "МАТ" компани өнгөрсөн
жилийн агнуурын дараа дахиж нэгийг агнана гээд хураамж болох 14 мянган
ам.доллар тушаачихсан байсан аж. Засгийн газраас тоо заачихсан байхад
ямар шалтгаанаар нэмж зөвшөөрөл авах гэснийг нь тухайн үед хэн ч
ойлгосонгүй. Энэ жил тэд хоёр угалз агнах эрх авчээ. Агнуур ч
дуусав,харин "МАТ"-ынхан, бид мөнгөө тушаачихсан юм чинь нэг угалз нэмж
агнана гэж Байгаль орчин.ногоон хөгжлийн яамаар баахан гүйсний эцэст
зөвшөөрөл авч дөнгөжээ. Асуудал үүгээр дууссангүй. Тэд нэг угалзын оронд
хоёрыг агначихжээ. Байгаль хамгаалагч үүнийг нь мэдээд холбогдох
байгууллагад нь мэдэгдэхэд "МАТ"-ынхан нэг угалз буудуулсан чинь хоёрыг
давхар оночихож хэмээн тайлбарлажээ. Тийм байдаг байж тэгвэл яагаад хоёр
удаа буун дуу гарав гэсэн асуултад, хад руу хий буудаж үзсэн юм хэмээн
хэн ч үл итгэх хариулт өгчээ.
Туршлагатай анчдын яриагаар бол
дал хавсарч супер винтовоор буудсан ч нэг сумаар хоёр амьтан агнах ямар ч
боломж байдаггүй ажээ. Эсвэл "МАТ"-ын авчирсан анчин үнэхээр хорвоод
хосгүй мэргэн буудагч байсан бололтой. Үнэхээр үлгэрт гардаг шиг зүйл
тохиолдсон байлаа гэхэд Увсад таван угалз л агнуулна гэсэн Засгийн
газрын шийдвэрийг зөрчсөн асуудалд тэд яахын аргагүй холбогдоно. Мөнгөө
урьдчилаад тушаасан байх нь хамаагүй, тэнд таваас олныг агнаж болохгүй
гэж Засгийн газар аль хэдийнэ шийдчихсэн байхад өөдөөс нь сөрөх эрх хэнд
ч байх ёсгүй билээ.
УВСАД ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА
Байгалийн
нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар агнуурын нөөц ашигласны
төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн амьтныг хамгаалахад
зарцуулах ёстой байдаг. Харамсалтай нь, байгаль хамгаалалд зарцуулж
байгаа мөнгөний хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрэхгүй хэвээр байна.
Угалзын агнуурын гол нутаг Увсад энэ байдал бүр ч тод харагдаж байгаа
юм. Жишээ нь, өнгөрсөн жил Сагил, Бөхмөрөн суманд тодорхой тооны угалз
агнуулжээ. Хуулийн заалтаар бол угалз агнуулсны төлбөрийн 50 хувийг
менежмент төлөвлөгөөнд заасан аргаль хамгаалах ажилд зарцуулах ёстой
байв. Гэтэл энэ мөнгө эздэдээ очсонгүй өөр зүйлд зарцуулагджээ. Сумынхны
яриагаар бол бараг 20 хувьд нь ч хүрэхгүй мөнгө өгсөн юм байна.
Нэгэнт
л заасан хэмжээнд хүрээгүй юм чинь хууль зөрчжээ гэхээс өөр дүгнэлт
алга. Хэдэн төгрөг дутуу өглөө гээд хэдэн аргаль яав л гэж зарим хүмүүс
бодож байж магад. Тэгвэл үүнд хоёр хариулт байна. Эхнийх нь, хуулийг их,
бага зөрчинө гэсэн ойлголт байдаггүй. 50 хувийг зарцуулах ёстой гэсэн л
бол 49.9 хувийг зарцуулсан ч хууль зөрчсөнд тооцно. Нөгөөх нь, ан
амьтны нөөцийг хамгаалагч нь ашиглагч байхаар заасан шинэ журмын энэ
чухал заалтыг заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн олны чин хүсэл юм.
Байгалиа
хамгаалж байгаа нутгийн иргэд нь агнуурын ашгаас хувь хүртэх төдийгүй
хамгаалах ажилдаа зарцуулах мөнгөтэй байх нь одоо дэлхий нийтийн жишиг
болоод байна. Ер нь эзэнтэй юм бүхэн л өнгөтэй өөдтэй байдаг. Энэ нь
амьтнаар баялаг нутгийн иргэдэд ч хамаатай. Нутгийн иргэдийн
оролцоотойгоор байгалиа хамгаалснаар Увс аймгийн аргаль бүхий нутагт
хулгайн ан бараг байхгүй болсон аж. Энэ бол ан амьтдаа агнахаа больж
хамгаалдаг болсны илрэл. Гэвч зүтгэл гаргаж хамгаалчихаад ан амьтнаасаа
нэг ч төгрөгийн ашиг хүртэхгүй байхад хотын компаниуд гаднын нөхөр
дагуулж ирээд өнөө хамгаалж байсан угалзыг нь агнуулж мөнгөтэй болоод
явчихна гэдэг дэндүү шударга бус явдал. Нутгаасаа өндөр үнэтэй ан
хийлгээд л байдаг. Аргалиа өөрөөсөө ч харамлаад байдаг. Гэтэл хамгаалж
байгаа иргэдэд нь ямар ч хүртээлгүй. Үүнээс болж иргэдийн байгалиа
хамгаалах сэтгэлгээнд сөрөг өөрчлөлт орж байна гэж нутгийн иргэд
ярьж байна лээ. Үнэхээр үнэн үг. Төр засаг, олон нийтийн байгууллагууд
иргэдийг байгалиа хамгаал, яагаад гэвэл энэ чинь зөвхөн та нарынх шүү
гэж олон жил, олон сая төгрөг зарцуулж ухуулан сурталчилж байж овоо үр
дүнд хүрээд байлаа. Гэтэл хуулийг цаас гэж боддог түшмэдийн буруугаас
болж аргальтай нутгийн иргэдийн сэтгэхүй байгаль руугаа дайрдаг хэвэндээ
эргээд ороход ч бэлэн болчихож. Уг нь, журманд оруулсан өөрчлөлтийн ач
холбогдол бол агнуур хийлгэнэ, агнуурын компаниуд ашгаа олно, нутгийн
иргэд ч тодорхой хишиг хүртэнэ, бас амьтнаа хамгаалдаг мөнгөтэй болох
явдал юм.
Ер нь ганц амьтныг хамгаална гэдэг дагалдаад ямар
тустайг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тухайн нутагт байгаа ургамал,
амьтан давхар хамгаалагддаг юм. Нөгөө талаар байгаль.ан амьтныг
хамгаална гэдэг маш хэцүү ажил. Гол буруутан болох хүнтэй тулж
ажилладаг, толгойд нь зөв ойлголт өгөх гэж маш олон жил зарцуулдаг
билээ. Увс аймгийн ИТХ-ын гишүүд төсөв батлахдаа өнгөрсөн жилийнх шиг
хууль зөрчсөн үйлдлээ энэ жил давтахгүй байх гэж найдаж байна. Увсад
2014 онд таван угалз агнуулсан. Нийт 70 мянган доллар олсон бөгөөд энэ
мөнгө агнуур хийлгэсэн сумдын төсөвт орсон. Хуульд зааснаар 50 хувь нь
буюу 35 мянган долларыг аргаль хамгаалах ажилд зарцуулах ёстой. Юунд
зарцуулахыг агнуурын менежментийн төлөвлөгөөнд нь заачихсан байгаа. Ийм л
тодорхой зүйл.
Н.Энх /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих