Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын
чуулганаар хэзээ мөдгүй хэлэлцэх гэж банйа. Энэ хуулийн шинэчлэлээс
Монголын ард түмэн цөөхөн боловч маш чухал дор дурдсан шийдлийг хүлээж
байгааг хэн хүнгүй мэдэж болгоож байгаа биз ээ.
Ямартай ч
энэхүү шинэчлэлээс юун түрүүнд эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүрээ
өргежиж, өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг даатгалаас
санхүүжүүлэх шийдвэр гаргаасай гэж олон түмэн чинь хүлээж байна. Мөн
малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эрүүл мэндийн даатгалд бүрэн
хамрагдах бололцоог энэ шинэчлэлээр нааштай шийдээсэй гэж хүлээж байна.
Бас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд чирэгдэлгүй,
шуурхай, ялгаварлалгүй үйлчилдэг болох боломжийг нээж өгөөсэй гэж
хүлээж байна.
Эдгээр хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд юун
түрүүнд даатгалын шимтгэлээс эх үүсвэр нь бүрддэг мөнгө санхүү нь
хүрэлцдэг байх учиртай.
Манай өнөөдөр мөрдөж байгаа эрүүл
мэндийн даатгалын хуулиар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйлчигээ даатгалаас
санхүүжих зохицуулалттай байгаа хэдий ч мөнгө нь хүрэлцэхгүй байгаагаас
өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өвчтөн өөрөө хариуцах,
эсвэл хорвоогоос халих гэсэн хүсмээргүй тавилантай учирч байгаа нь
нэгэнт ил байгаа зүйл.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэнд
хүргэх хүрээг өргөтгөхийн тулд санхүүгийн эх үүсвэр байх учиртай. Энэ
эх үүсвэрийг буй болгохын тулд эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалд
хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.
УИХ-д өргөн барьсан
"Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай" хуулийн төсөлд малчид,
хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг энэхүү даатгалд заавал хамруулахаар зааж,
хүрээг өргөтгөх алхам хийсэн ч малчдын төлөх шимтгэлийг баг хорооны
Засаг дарга даатгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хариуцан
төлүүлэхээр заасан байтал, хувиараа хөдөлмар эрхлэгч иргэнийхийг өөрт нь
даатгаад орхисон нь иргэд энэхүү даатгалд бүрэн хамрагдахгүй байх
цоорхойг үлдээсэн
зохицуулалт болсон байна. Цаашид хөдөлмөр эрхлэлт
нэмэгдэж, даатгуулагчдын тоо нэмэгдэж, даатгалын хөрөнгийн эх үүсвэр
нэмэгдэнэ гэсэн оптимист хүлээлттэй байх нь зөв байх.
Даатгалын
сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх өөр нэг эх үүсвэр бол
даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх явдал билээ. Төсөлд ажилтны
төлөх шимтгэлийг гурван хувь байсныг тав хүртэл хувь байхаар заажээ.
үүнийг би өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх эх
үүсвэрт зориулагдаж банйа гэж харж, 1,2 хувь нэмэгдэхийг манай
даатгуулагчид, аж ахуйн нэгж байгууллагууд хүлээж аваасай гэж уриалмаар
байна.
Өргөн баригдсан төслөөр улсын төсвөөр даатгалын
шимтгэлийг нь хариуцан төлдөг иргэдийн шимтгэлд Засгийн газар өчүүхэн
мөнгө төлдөг байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар
заасныг миний бие уялдуулах бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс
ядахдаа 1-2 хувиар тогтоох 'байх гэсэн хүлээлттэй байна. Ингэх аваас
даатгалын
сангийн эх үүсвэр мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
Дээр
дурдсан гурван зохицуулалтаас харвал Эрүүл мэндийн даатгалд хамрагдах
хүрээ өргөжиж, сангийнх нь эх үүсвэр ч боломжийн хэмжээнд нэмэгдэхээр
байна.
Харин төслөөс харахад өндөр өртөг бүхий эмнэлгийн
тусламж үйлчилгээг даатгалаас санхүүжүүлэх асуудлыг төслийн 9 дүгээр
зүйлээр зохицуулахдаа зөвхөн өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд
шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, хорт хавдрын хими болон туяаны өдрийн
эмчигээгээр хязгаарлах гэж байгаа бол шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж
байгааг эсэргүүцэх байр суурь руу түлхэж байгаа бусуу. Ийм учраас энэ
заалтыг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг 50-100 хувь санхүужүүлэхээр
заагаад өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний жагсаалт, тэдгээрийн
зардлаас даатгалын хариуцах хувь хэмжээг Үндэсний зөвлөл батална гэвэл
илүү баталгаатай болохоор байна. Ер нь эрүүл мэндийн даатгалын
шимтгэлийн хувь хэмжээг хуульд шууд заахаас ухарч УИХ бүрэн эрхээ
Засгийн газарт шилжүүлэх хэрэг байгаа эсэхийг хууль тогтоогчид эргэн
харах хэрэгтэй байх аа.
Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг
эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулахын тулд гадаадын зарим орны
жишгийг харгалзан тэдгээрийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн
хэмжээнээс тодорхой хувь /тухайлбал 20 хувийг нь төсвөөс хариуцан ногдох
хөрөнгийн эх үүсвэрийг баг, хорооны Засаг дарга хувиараа хөдөлмөр
эрхлэгч иргэн, малчидтайгаа гэрээ байгуулан шимтгэлийг нь төлүүлэх ажлыг
хариуцан зохион байгуулах бололцоотой. Ингэвээс эрүүл мэндийн даатгалд
хамрагдах хүрээг өргөтгөхийн сацуу, иргэд, Засаг даргын хоорондын
харилцааг илүү ойртуулах ач холбогдолтой болох юм.
Эрүүл
мэндийн даатгал бол даатгалын процесст оролцох субъектын хувьд тэтгэвэр,
тэтгэмжийн даатгалаас ялгагдах онцлогтой. Тэтгэврийн даатгалыг
даатгагч, даатгуулагч хоёрын хоорондын шууд харилцаагаар зохицуулах
боломжтой байдаг бол эрүүл мэндийн даатгалын хувьд даатгагч, даатгуулагч
хоёроос гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг субъект
оролцдогоороо онцлогтой. Иймээс даатгагчийг эрүүл мэндийн үйлчилгээг
үзүүлэх байгууллагад зуучлах, даатгагчаас даатгуулагчид үзүүлсэн эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад
шилжүүлэх чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн даатгалын төв орон нутгийн
байгууллага бие даасан байхаар хуулийн төсөлд тусгасан нь зөв болов уу.
Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас
даатгуулагчид чирэгдэлгүй, шуурхай, ялгаварлалгүй үйлчлэх боломжийг нээж
өгнө.
Энэ бол даатгуулагчид, иргэдийн хүлээлт учраас шийдвэр гаргагчид миний энэ саналыг хүлээн авна гэдэгт найдаж байна.
Судлаач
Ц.ТОВУУСҮРЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих