Арван хэдхэн настайгаасаа барааг нь хараад андахаа больж, "Алдартай хүн шүү ” гэсэн бодлоо мөн л тэр цагаас хойш 10 гаруй жил хадгалж явжээ. Үнэндээ хадгалахаас ч аргагүй байдлыг би өөртөө "хүчээр” тулгаж байсан санагдана. Өсвөрийн барилдаанд нэрээ бичүүлж, тун цөөхөн удаа туг тойрсон хэдий ч "Бөх болно” гэсэн дэврүүн хүсэлдээ "зовж” явахад минь өнөөх "Алдарт” ах Бөхийн өргөөнд болдог барилдаан бүрийн хойморт тухлан суусан харагддаг байлаа. Бөхийн барилдаан дуусахад бай тэврэн босч ирэхдээ инээд цацруулаад л... Мэдээж би түүнийг зурагтаар л харсан байж таарна шүү дээ.
Ичмээр ч гэсэн Дарма.Батбаяр багшийн дугуйланд зүрх гарган хоёр удаа суухаасаа өмнө үсэг эвлүүлж, үг холбож тооны дэвтрээ дуусгадаг байв. Энэ мэдээж "Болор цом” наадмын улаан фанат байсан үе шүү дээ. Тэгэхэд өнөөх "Алдарт” ах маань мөн л шүүгчийн ширээ тохойлдон суугаад урт сахлаа үе үехэн илбэж харагддаг байлаа. Найргийн наадам дуусахад тайзан дээр гарч бурхан гардуулахдаа хэзээний танил болсон инээдээ цуцруулаад л... Бас л би түүнийг зурагтаар харсан байж таарна шүү дээ. Харин би шилжилтийн наснаасаа эхлээд сэтгүүлч болохоор эрс шулуудсан юмдаг. Үнэндээ энэ салбарт түүнийг бас л "Алдартай” хэвээрээ байж байх юм гэж огт төсөөлж байсангүй. Гэтэл би түүнээс МСНЭ-ийн /хуучин нэрээр/ гишүүний үнэмлэхийг хоёр гардан авч байв шүү дээ. Маш товчхондоо тэрбээр хүүхэд насны мөрөөдөл бүхэнд минь аль эрт хүрчихсэн хүн санагддаг байв. Естой л хүүхэд насны чинь баатар хэн бэ? гэдэг хүүхдийн баймаар асуултад ХҮРЭЛБААТАР гэсэн нэрийг "зоох” шахаж явжээ. Одоо ч бодол санаан дундаа түүний тухай би "муухай” хандаж огт зүрхэлдэггүй юм.
Гэвч би түүнийг энэ удаад ерөөс ойлгосонгүй. Ойлгохыг хичээгээд ч оролдлого минь бүтсэнгүй. Сонин юм шүү. Гуравхан жилийн өмнө утга зохиолын шүүмж судлалын төрөлд "Алтан өд” шагнал гардаж авсан нь санагдаад байж ядаад болохгүй юм. Тэгэхдээ "...Тэр тусмаа шүлэг гэхэд даан ч хэцүү сулхан юм хэлээд тайзнаас салж өгөхгүй байхыг хараад уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг...” хэмээн бухимдлаа тайлж, "...дэлхийн дэвжээнд дэвэх монгол яруу найргийн хөтөлбөр энүүхэндээ "Болор цом” хавьцаа ийн унаж байгаад сэтгэл зовохгүй байхын аргаггүй. Тийн ахуйд "Болор цом”-ын шүлгийн уран чадварын ханш ямар байгааг өөрийн эрхгүй эргэцүүлэхэд хүргэнэ” хэмээн харуусан буйгаа илэрхийлсэн байсансан. Гэтэл "Болор цомд борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” нэртэй Дархан-Уул аймгийн "Болор цом” наадмаас хийсэн сурвалжлагаа буюу "Алтан өд” шагнал хүртсэн алдарт "шүүмж”-ээ Өдрийн сонинд хэвлүүлснээс хойш мянган шөнийн дараа бүх зүйлээ таг мартаад
Цан хүүрэг савссан жин өвлийн жихүүнд
Цахиагийн Элбэгдорж цуглаан удирдсан юм
Үнэний төлөө уухайлан тэмцсэн ард түмэн
Үерийн ус шиг түрхрэн давалгаалж байсан юм...гэх мэтээр цааш хөврөх "Ардчиллын баатрууд” дууны үгийг Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан биччихэв. "Шүлгийг Ү.Хүрэлбаатар, Хөгжмийг Б.Цэрэндондов” хэмээн түүнийгээ тодотгосон харагдана. Ядахад шүлгийг биш, "ҮГ”-ийг гэсэн бол үнэнийг хэлэхэд хамаагүй дээр байх байлаа. Тэгвэл ШҮЛЭГ гэж зоригтойгоор нэрлэж чадсан тус дууны дахилтыг хэзээ нэгэн цагт хэн нэгэн
"Үе үеийн эх орончид
Үндэсний баатрууд байдаг юм
Ардчилсан хувьсгалын анхдагчид
Аз жаргалын эрэлчид байсан юм” хэмээн уянгалуулан дуулах ажээ. Магадгүй түүний холыг харсан уужуу ухаанаар Ардчилсан намын ч юм уу тэр зүгийн "Сүлд” дуу хэзээ нэгэн цагт болох биз. Мөн аз нь таарч, булхайгаа нууцлаад Ардчилсан нам ялаад байвал аль нэг төрийн байгууллагын өмнө "Ардчиллын баатрууд” дуунд зориулсан хөшөө сүндэрлэж ч магадгүй юм. Харин хайртай яруу найрагтаа зориулж, хэлсэн шигээ хувь нэмрээ оруулж чадсан эсэхийг нь надаас өөр хэдэн мулгуу толгойтон түүнээс асуух нь тодорхойгүй. Бас болоогүй олон жил мөр толгой холбож, сэтгүүлзүйн салбарт ч хөрвөж явсан хүн гэсэндээ тус "Шүлэг”-тээ нэлээд шинжлэх ухаанч байдлаар хандаж Эрдэнийн Бат-Үүлийн цагаан үстэй болсон шалтгаан нь эрх чөлөөний төлөөх тэмцлээс улбаатайг тодорхойлж чаджээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан байтугай их мэдэгч бөө, удган ч төсөөлж хэлж зүрхлэхээргүй тодорхойлолт санагдана. Ер нь хүнийг магтаж, урам хайрлаж бололгүй яах вэ. Тэгээд ч энэ цагт хэн нэгнийг магтаж, сэтгэлийн дэм хайрлахад хуучны хэллэгээр бол "Галзуу чонын ам руу гараа хийх”-тэй адилхан эр зориг шаардлагатай болсон мэт санагдах. Гэвч хэдий тийм байлаа гэхэд XXI зууны Монголын төрөөс одон гардсан "том” зохиолч гэхэд, Монголын уран зохиолын шүүмж судлалын төвийг тэргүүлж байсан хэл бичгийн ухааны доктор цолтон гэхэд арай л дэндүү. Үгүйдээ гэхэд
Эвтэйхэн эвхэж хуйлаад
Эвийг олж боогоод
Агт мориороо татаж
Ахин дахин өнхрүүлсэн... гэх Эсгийний ерөөлөөс энэ үеийн докторын шинэ цагийн дууны урлагт оруулж буй хувь нэмэрт нь ялгараад байх зүйл яг хаана нь байна вэ? Энэ бүхний нөгөө талд Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, кино зохиолч С.Цогсүрэн Си Зин пин, В.Путин нарт зориулж бичсэн "шүлэг” одоог хүртэл цахим орон зайд "лайк” цуглуулсан хэвээр. Тэгвэл
...Алдрай багадаа багшаасаа анх дуулсан
Разлив нуурын орчин эх нутаг шиг танил
Яг л энд би Ильич багштай
Ярилцах завшаан олдсон шиг баяртай... гэж
1970-аад онд Г.Мэнд-Ооёо гуайн халзан толгойтой орос нөхөрт зориулж
бичсэн магтаал шүлгээс энэ хоёр эрхмийн бэх нь гүйцэт хатаагүй шинэхэн
уран бүтээлд онцгойрон дээрдэх зүйл нэгээхэн ч үгүй. Харин ч бүр эсрэг
зүг зааж болох юм шүү.
Тийм атлаа "Болор цом-28” яруу найргийн наадамд ирсэн хэдэн зуун шүлгээс эхний шалгаруулалтад тэнцсэн гэх 46 шүлгийг Дархан хотноо хоёрын даваанд шүүгчийн хувьд сонсч суухад нүүр халуу оргимоор сул дорой юмс цөөнгүй байсанд гайхсан” хэмээн яах гэж ноён доктор зориуд тэмдэглэн үлдээсэн байна вэ. Хэрэв та итгэхгүй бол 2011 оны нэгдүгээр сарын 3-ны "Өдрийн сонин”-г эргүүлж нэг хараарай. Түүнд "...дэлхийн дайдад сэтгэж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх яруу найргийг хүн ард маань хүлээж байна” гэж цаг үеэ галзуу мэдэрсэн гайхамшигтай өгүүлбэр ч бий. Бас "...ерөөс энэ үеийн яруу найрагчдын шүлгийн түвшин ийм болчихсон юм уу гэх гунигт бодол төрсөн” тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. Гэтэл бодит байдал дээр Ленин, Сүхбаатар нарын магтаалаас дор "юм” биччихээд шүлэг гээд нэрлэж байдаг нь таагүй үзэгдэл шүү. Үнэндээ үүнээс ч таагүй үзэгдэл өмнө минь байна.
"Хоёр хар хэрээ
Бие биенээсээ цагаан үс хайв
Хоёулаа олсонгүй” гэдэг
гурван мөртөө хайку гэж тодорхойлсон дууны шүлгийн нэрт мастер, сарны
дууч энэ эрхэм "Болор цом” гэдэг наадмын шүүгчээр гурван удаа сууж
байжээ. Энэ хугацаанд Л.Ганзул, Б.Баттулга, М.Амархүү гэх мэтээс эхлээд
яруу найрагт хайртай цөөнгүй уран бүтээлч түүний хатуу шүүлтүүрт "өвдөг
шороодож” байсан аж. Гэтэл алдарт мэргэн шүүгч, оны шилдэг шүүмжлэгч
маань өөрөө "Ардчиллын баатрууд” гэсэн арга ядсан шүлэг бичээд түүнийгээ
дуу болгоод явж байдаг. Бичиж болдог юм аа гэхэд бичгийнхээ ширээнд
нуучихаж бас болох л байсан юм. Тэгээд ч хүн л юм хойно гараас нь сайн,
муу олон л "юм” гарна. Харин сайн нь салхи үзэж саар ширээний нүдэнд
хоцордог тухай олон зохиолч бишгүйдээ л ярьсан шүү дээ. Тийм ч учраас
таныг ширээнийхээ нүдэнд юу авч үлдэж, юугаа салхи үзүүлэх тухай
мэддэггүй гэдэгт би итгэхгүй байна. Үнэндээ итгэхийг ч хүсэхгүй байна.
Гэвч "Шүлэг шиг нь санаад зарим хүнд сүрхий хууртсан минь хичнээн
билээ...” гэж П.Батхуяг зохиолчийн хэлсэн шиг "Шүүмж” шиг нь санаад
сүрхий хууртсан минь дөнгөж гурван жил...
Д.Ганбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих