Урт үс худалдаж авах зар нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч хүмүүсийг гайхашруулж байсан.
Хонгоо давсан гэзгээ хэдэн төгрөгийн төлөө угаар нь тайруулсан монгол эмэгтэйчүүд ч цөөнгүй. 50 см-ээс дээш урттай үсийг 100-250 мянган төгрөгөөр худалдан авч байсан үсчдийн цаана нь бүгд хятад хүмүүс байсан нь тун удалгүй тодорхой болсон. Хориод жилийн өмнө тэмээн таваг өндөр үнээр авна хэмээн боодол боодлоор нь юань барьж орж ирсэн хятадуудаас болж манай улс тэмээгүй болохоо шахаж байсан удаатай. Мөн бугын чив, согооны сав, бугын эвэр, баавгайн доньт, чонын хэл, шагай гээд хамж болох бүхнийг ахиухан мөнгөөр худалдан авч, манай улсыг ан амьтангүй өвс ургамалгүй болгохыг санаархаж байлаа. Азаар энэ бүхнийг хуулиар хориглосноор байдал намжиж байсан ч далд бизнес одоо хүртэл цэцэглэсээр байгаа билээ. Ан амьтан, ургамал ногоог нь сүйтгэж амжсан өмнөд хөршийнхөн өдгөө хүмүүс рүү нь халдаж эхэлсэн нь ийнхүү урт үс худалдаж авах явдал байлаа. Урт үс өндөр үнээр худалдаж авч байгаагаа эхлээд хиймэл үс хийх зорилготой, мөн зарим эмэгтэйчүүд богино үсээ уртасгах сонирхолтой байдгаас залгаа үс хийдэг хэмээн тайлбарлаж байжээ. Мөн гутал хувцсанд чимэг маягаар хийхэд ашигладаг гэсэн гэм хоргүй мэдээллийг өгдөг байлаа.
Гэтэл үүнийг тэс өөр зүйлд ашигладаг байсан нь саяхан илрээд байна. 2010-2012 оны хооронд хил гаалиар их, бага хэмжээгээр үс гаргах болсон бөгөөд энэ нь хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад байгаагүй тул их хэмжээгээр хил давдаг байжээ. Ийнхүү ямар ч өртөггүйгээр шахам урд хөршид очдог байсан монгол охид, бүсгүйчүүдийн урт үсээр хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болохыг Хятадын тусгай албаныхан илрүүлсэн байна. 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг тухай иргэд ярих болсон аж. Ингээд хүмүүсийн гомдол саналын дагуу, Хэбэй мужийн жан, цуу, сүмс үйлдвэрлэдэг жижгэвтэр хүнсний үйлдвэрт гэнэтийн шалгалт хийхэд санаж байснаас дор дүр зураг угтжээ. Тус үйлдвэр хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрсэн байна. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж, шар буурцагны сүмс болон цууг хуурамчаар хийдэг байжээ. Улмаар жан, цуу зэргээ их хэмжээгээр үйлдвэрлэхээр үйлдвэрийн агуулахдаа хүний болон амьтны үс, ноосыг хадгалж байсныг хураан авч устгалд оруулжээ. Энэ бүгдээр хуурамч жан, цуу хийх гэж байснаа тус үйлдвэрийн эзэн нь мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн гэнэ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан, цууны амт үнэр жирийн хүн хоолондоо хэрэглэхэд төдийлөн мэдэгдэхгүй бөгөөд нарийн шинжилгээгээр туршиж үзэхэд амт, үнэр нь тэс өөр төдийгүй байнга хэрэглэвэл хүний биед богино хугацаанд хорт хавдар үүсгэх аюултай болохыг баталжээ.
Учир нь хүний үсийг хайлуулан боловсруулахад нэлээд хэдэн төрлийн хүчтэй химийн бодисыг ашигладаг аж. Энэ нь хүмүүсийн биед богино хугацаанд нэвчин орж, асар сөрөг нөлөөтэй гэнэ. Хамгийн аймшигтай нь энэ жан, цуу зэрэг нь зах зээлд аль хэдийнэ өөрийн байр суурийг олсон, хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг бүтээгдэхүүн болчихсон байжээ. Түүгээр ч барахгүй манай улсад их хэмжээгээр орж ирдэг болох нь хил, гаалийн мэргэжлийн хяналтын албаны мэдээгээр батлагдаж байгаа юм. Одоогоор энэ үйлдвэрийг хаагаад байгаа ч Хятадын хойд хэсэгт тархсан бүтээгдэхүүнүүдийг нь бүрэн дүүрэн устгаж чадаагүй л байна. Мөн хилийн чанадад зарагдсан бүтээгдэхүүнийг эргүүлэн татах боломжгүй гэдгээ ч Хятадын Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Хүний үсээр ийнхүү хүний биед сөрөг нөлөөтэй жан, цуу, сүмс зэргийг хийхээс гадна сайн үйлд ч зориулж эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, хүний үсийг ашиглаж, хорт хавдрын эсрэг эм бүтээдэг гэнэ. Хүний үсний уганд маш олон хэрэгцээтэй бодис агуулагддаг болохыг эрдэмтэд баталжээ. Иймд нарийн шинжилгээ хийсний үр дүнд үсийг уусгаж хийсэн бүтээгдэхүүн нь хорт хавдар, тэр тусмаа элэг, ходоодны хавдрын эсрэг эрчимтэй анагаах найрлага бүхий бодисыг гаргаж авчээ. Үүнийг туршилтын журмаар хорт хавдартай хүмүүст туршиж үзэхэд санаанд оромгүй үр дүн гарчээ. Туршилтанд хамрагдсан зарим өвчтөн нь дээрх бүтээгдэхүүнийг хэрэглээд, дараа нь химийн эмчилгээгүйгээр хорт хавдрын эсээ устгаж чадсан байна. Гэвч энэ гайхамшигтай үр дүнгийн талаар олон нийтэд хараахан зарлах цаг нь болоогүй байгаа гэнэ. Учир нь анагаах ухааны зарим мэргэжилтнүүд хүний үснээс гаргаж авсан бүтээгдэхүүн нь анагаах ухааны зарчимд нийцэхгүй, мөн нөгөө талаасаа эцсийн үр дүнг гарах хүртэл хангалттай хугацаа өнгөрөөгүй, мөн Хятадад бүтээсэн ч дэлхийн хөгжилтэй бусад орны лабортариудад батлаагүй гэдэг шалтгаанаар нийтэд зарлахаас татгалзсан байна. Хамгийн сонирхолтой баримт нь хорт хавдрын эсрэг эмийг бүтээхэд европ хүмүүсийн шаргал, улаан үснээс илүүтэй ази хүмүүсийн бор, хүрэн үсээр хийсэн бүтээгдэхүүн хорт хавдрын өвчлөлд илүү эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ.
Иймд үс нь голдуу хүрэн, бор үстэй охид хүүхнүүдтэй манай улсыг
онилж, урт үс авах "аян дайн" зарласан бололтой. Нэг хэсэг завсарлаад
байсан үс худалдаж авах зар эргэн сэргэж эхлээд байгаа аж. Хорт хавдрын
эсрэг эм бүтээж байгаатай холбогдуулан Хятад болон Зүүн өмнөд Азийн
үсчний салонууд хаягдал үсээ ч хаяхаа больжээ. Дашрамд сонирхуулахад,
хүний үсийг санаанд багтамгүй маш олон зүйлд ашигласан тохиолдлууд
байдаг. Үүний нэг бол үс нь газрын тосыг шингээж авдаг байгалийн парлон
болдог гэнэ. Энэхүү санааг Алабамагийн үсчин Филлип МакКрори
санаачилжээ. Түүний хэлснээр хүмүүсийн тайралт хийж засуулсан үсийг
хаягдал болгож газарт булахын оронд шилэн триконд бөөгнөрүүлж
цуглуулснаар далай тэнгисийн усыг ихээр бохирдуулаад байгаа газрын
тосыг шүүж авах нь хамгийн үр дүнтэй юм. Шингээж авсныхаа дараагаар
үүнийгээ түлш болгон хувиргах бүрэн боломжтой гэж үзжээ. Энэхүү санаагаа
тэрээр 1989 онд Аляскийн нутагт их хэмжээгээр асгарсан газрын тостой
холбоотой дуулиант явдлыг зурагтаар харж байхдаа бодож олсон ба усны
минжний үсэнд газрын тос шингэж тэрээр амьд үлдсэнийг хараад ийнхүү
сэдсэн юм байна. 2007 онд Сан Францискогийн эрэгт газрын тос их
хэмжээгээр асгарсныг МакКроригийн бодож олсон хүний үсээр хийсэн
шингээгчийн тусламжтайгаар шүүн цэвэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар
11.340 кг орчин хүний хаягдал үсээр 170.000 галлон газрын тосыг шингээн
авч цэвэрлэх боломжтой гэнэ.
ОДОО ЦАГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих