Уруул, хэл, дуу хоолойгоо ашиглан айзам хэмнэл, аялгуу гаргахыг битбокс гэдэг. Хөгжөөд 40 орчим жилийн нүүр үзэж буй битбоксыг өдгөө улс бүр өөр өөрийнхөөрөө янз бүрийн хөгжимтэй хослуулах болсон.
Тэгвэл 10 гаруй жил энэ урлагаар хичээллэж буй Рэй буюу Б.Нарандэлгэр битбоксыг хөөмийтэй хослуулан дэлхийд таниулах зорилго тавьжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таныг Японд сургууль төгссөн гэж дуулсан. Одоо юу хийж байна вэ?
-Тийм ээ. Японд агаарын бохирдлыг бууруулах тухай сэдвээр магистраа
хамгаалаад өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн. Одоогоор
"Хөөмийбит Монголынх” төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд
хөөмийбитийг "Гиннес”-т бүртгүүлэхээр зорьж байгаа.
-Хөөмийбит гэж юу вэ? "Гиннес”-ийн амжилтад ямар төрлөөр бүртгүүлэх вэ?
-Америкт үүссэн битбоксыг үндэснийхээ язгуур урлаг болох хөөмийтэй
хослуулан шинэ урсгал бий болгож, дэлхийд таниулах зорилгоор
"Гиннес”-ийн амжилтад бүртгүүлэхийг хүссэн. Хөөмий, битбоксыг хослуулсан
зургаан төрлийн аялгуу (богино хэмжээний) усан дотор гаргаж үзүүлэх юм.
Миний санаачилсан төслийг ССАЖЯ дэмжиж байгаа.
-Ганцаараа хийх үү, эсвэл өөр битбоксчидтой хамтрах уу. Санаагаа хэзээ олсон бэ?
-Ганцаараа. Нэг жилийн өмнө усанд сэлж байхдаа энэ тухай анх бодсон.
Одоогоор "Орчлон” бассейнд бэлтгэлээ базааж байна. Энэ ондоо багтааж
бүртгүүлнэ.
-Усан дор хөөмийбит хэдэн минут эгшиглүүлэх вэ? Хүндрэлтэй тал нь юу вэ?
-Буруу амьсгалбал ус залгих аюултай. Анх бэлдэж байхад хэтэрхий их ус
залгиж, шингэн алдсан. Одоогоор усан дор хөөмийбитийг нэг минут хийж
байна.
-Японы битбоксчидтой хэр ойр ажилласан бэ?
-Суралцахынхаа хажуугаар уран бүтээлээ хийж, олон тоглолтод оролцсон.
Японы олны танил хүмүүстэй ч их нөхөрлөсөн. Токиогийн нэгэн богино
долгионы радиод ярилцлага өгч амжсан шүү. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд
56 орны язгуур урлагийнхныг хамруулсан наадамд оролцож гран при
хүртсэн.
-Хөөмийбитээрээ олонд танигдах боломж хэр байна вэ?
-Япончууд Монголын үндэсний урлагийг их сонирхон судалж, суралцдаг ард
түмэн. Хөөмийг битбокстой хослуулсан миний уран бүтээлүүд Япончуудад их
таалагдсан. Тэд хөөмийбитийг сонирхон надаар заалгах гэдэг. Японд долоон
шавьтай. Гэхдээ зөвхөн битбокс гэлгүй, төмөр хуур, хөөмий зэргийг
заасан.
-Шинэ уран бүтээлийн олз ихтэй юү?
-Гурван уран бүтээл хийсэн. Гэхдээ төсөл хэрэгжсэний дараа цацна.
-Таныг үглэдэг болсон гэж дуулсан.
-Тийм ээ. "Korg kaoss pad loop station” гэх төхөөрөмж дээр өөрөө аяа зохиож, үглэж байгаа.
Б.Дөлгөөн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих