Үнэндээ АН-ын эрх барьж байгаа, Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн
газар яг л партизанууд шиг байх боллоо. Шинэчлэлийн гэх малгай
"өмссөнийг" нь эс тооцвол хэлж, ярьж байгаа нь партизанууд шиг харагдаж
байна. Угтаа бол парламентын засаглалтай аль ч улсын хувьд Засгийн газар
нь танхимын зарчмаар ажилладаг. Гэтэл эрх барьж байгаа АН-ын Засгийн
газар танхимын бус фракцуудынх нь эрх ашигт нийцүүлж ажилладаг болоод
удаж байна. Уг нь фракцуудынхаа эрх ашигт нийцүүлж бус, улс орны
хөгжлийн төлөө ажиллах нь ард түмэнд, АН-ын ирээдүйд ч хэрэгтэй. Харин
фракц хоорондын зөрчилдөөндөө хөтлөгдөж партизанууд шиг ажиллах нь
эцэстээ унах нүхээ өөрсдөө ухаж буйгаас өөрцгүй билээ.
Н.Алтанхуяг
бол АН-д гавьяатай хүн. Учир нь, АН-ыг УИХ-д олонхи биш ч олуулаа
болоход нь намаа удирдаж орсон. Орон нутгийн сонгуульд улаан тойргийг
цэнхэртүүлэхэд ч түүний гавьяа бий. Бас Ерөнхийлөгчийн сонгуулийг ч энд
дурдахгүй өнгөрч болохгүй. Үүгээрээ тэр гавьяагаа эдлэх ёстой. Мөн АН-ыг
засгийн эрх барьж байсан үеүдээс хамгийн удаан ажиллаж байгаа Ерөнхий
сайд нь Н.Алтанхуяг болж байна.
Товчхондоо тэр АН-ыг олуулаа болгосныхоо гавьяаг эдлэх ёстой. Гэхдээ хэн нэгний тулган шаардалт, шантаажаар биш. Үүнийг нь ч бусад нь хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч фракцуудынх нь зөрчил бас хүлээс нь түүнийг "толгойгоороо" ажиллахад нь том хаалт болж буй. Бүр савнаасаа хальсан фракцуудынх нь зөрчил түүний тойрон хүрээлэгчдийг нэг нэгээр нь сугалж барьж, хорьж, шалгах болсон нь ойрын жишээ. Тиймээс Ерөнхий сайд намаа олуулаа болгож чадсан шигээ олон фракцуудаа зангидаж ажиллах нь чухал байна. Ингэж байж л АН-ын мөрийн хөтөлбөр, Н.Алтанхуягийн толгойгоороо ажиллах боломж нь бүрдэнэ. Тэгэхгүйгээр фракцуудынх нь зөрчил даймжирахаар сайд хүнийг ч хэн ч биш болгож, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудыг хүртэл талцуулдгийг бид бүгдээрээ харсан, бас эгдүүцсэн. Фракцууддаа ялалтын бялуугаа хувааж чадсан шигээ зөрчилдөөнийг нь даамжруулах биш, дарж чаддаг чадвар түүнд хэрэгтэй байна.
2015 он бол маш чухал бас хариуцлагатай жил. Учир нь, цөөхөн монголчууд гурван саяд хүрнэ. Хоёр хөршийн тэргүүний айлчлалын хүрээнд хийсэн гэрээ, хэлэлцээ түрүүчээсээ албан ёсны ажил хэрэг болно. Мөн улс төрийн нам хүчин дараа жил нь болох УИХ-ын сонгуульд бэлтгэж хонхоо дуугаргаж эхэлнэ. Товчхондоо унтаа байдалд байгаа улс төр сэргэнэ. Одоо бол улс төрийн хүрээнийхэн, Төрийн ордноор яваа ганцхан яриа нь зарим яамдыг нэгтгэсэн тухай байгаа. Нэг ёсондоо шинэ яамдын сайд нар нь хэн байх нь улстөрчид төдийгүй иргэдэд сонирхолтой сэдэв болж байна. Зарим нь түрүүчээсээ шинэ сайдуудын нэрсийг гаргаж, өөрсдийн таамгийг дэвшүүлээд эхэлчихэж. Мэдээж УИХ-аас шинэ яамдын бүтцийг нэгэнт баталчихсан болохоор хэн нэгэн эрхмийг сайдаар томилох нь тодорхой. Хамгийн гол нь, хэн нь ч сайд болсон Ерөнхий сайдтайгаа, танхимын гишүүдтэйгээ хамтарч ажилладаг байх нь чухал.
Тодорхой хэлбэл, фракцынхаа эрх ашиг, хувийн амбийцдаа хөтлөгдөн танхимынхаа эсрэг ажилладаг сайд хэрэггүй. Жишээ нь, АН-д өрнөж байгаа фракцуудын зөрчлөөс ил гарах болсон нь "Алтангадас", "МоАХ". Эртнээс зөрчилдөж эхэлсэн гэх энэ хоёр фракцын үл ойлголцлоос 2010 онд УИХ-аас гаргаж байсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг ажил хэрэг болоогүй цаасан дээрээ бүгдэрсэн. Уг нь нарийныг нь нарийнаар, өргөнийг нь өргөнөөр тавиад ам хэлээ ололцсон бол өдийд ажпыг нь эхлүүлээд түрүүчээсээ ашиглалтад оруулах хангалттай хугацаа байгаагүй биш байсан. Гэвч хоёрхон фракцын зөрчилдөөн энэ ажлыг хойш татсан нь маргашгүй үнэн. 2015 он чухал гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, хоёр хөршийн тэргүүний айлчлалаар хийсэн гэрээ, хэлэлцээгээс гадна Ерөнхийлөгчийн Японд хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах зарчмын тохиролцоог хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэх боломж нээгдэж буй. Товчхондоо хоёр орны чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон Далайн орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх юм.
Энэ мэтчилэн ирэх онд эдийн засаг талаасаа монголчууд
дэлхийн зах зээлд нүүх хариуцлагатай ажлууд хүлээж байна. Оюутолгойн
далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ч эхэлчих болов уу. Үүнийгээ
дагаад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээрээ валютын зах
зээл тогтворжино. Ийм хариуцлагатай жилийн босгон дээр эрх барьж байгаа
намын хувьд фракцын хоорондоо хий хоосон улс төр хийж хийрхэлгүй
хамтраад ажиллах нь чухал байна. Үр дүнд нь тэд биш монголчууд хожих
учраас. Тэгэхгүйгээр нэгдсэн удирдлагагүй мэт партизаны замаар ажиллаад
ажил явдаггүйг бид бүгдээрээ харлаа. Ерөнхий сайд ч намаа ялуулж чадсан
шигээ фракцуудынхаа зөрчлийг арилгаж чаддаг болох хэрэгтэй байна.
Фракцууд нь ч хувийн тоглолт хийхээс илүүтэй намын даргатайгаа, Ерөнхий
сайдтайгаа гар нийлж ажилладаг болмоор байна. Фракцын бус эрх ашигтаа
нийцүүлдэг бус улс орны эрх ашиг чухал болохоор тэр.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих