УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаарх мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат өглөө. Түүнчлэн Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон байна. Мөн 2015 оны төсөвт төсвийн зарим өмчийг орон нутагт шилжүүлнэ гэж байгаатай холбогдуулан орон нутгийн татварын асуудлаар мэдээлэл авчээ. Ингэхдээ нийслэл болон Сангийн яамны аль аль талын санал хүсэлтийг сонссон байна. Хотын удирдлагуудын зүгээс татварыг нэмэгдүүлэхээр ярьж байгаа ч АН-ын бүлэг 2015 он төсвийн хямралтай байгаа учраас ямар ч тохиолдолд татвар нэмэхгүй гэдэгт санал нэгджээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар мэдээлэл сонссон бөгөөд энэ асуудлаа маргааш байнгын хороо, чуулганаар шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэллээ. Харин бүлгийн хувьд хамгийн гол нь ажил болон бодлого алдагдахгүйгээр ажиллах ёстой, шинээр томилогдох сайд нарыг зөв сонгож, салбараа мэддэг хүнийг томилох хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлжээ. Мөн өнөөдөртөө багтаж Ерөнхий сайд бүрэлдэхүүнийхээ асуудлыг өргөн барих байх гэлээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч бүлгийн дарга нартай уулзаж мэдээлэл солилцсон. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхийлөгч бүлгийн дарга нарт тулган шаардсан мэт харагдуулж байна, тийм зүйл болоогүй. Ерөнхийлөгч хоёр талын байр суурийг илэрхийлсэн. Нэгдүгээрт ойрын хугацаанд өргөн баригдах гол хууль болох Сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого зорилтын тухай хууль, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль, Төсвийн хуульд анхаарал хандуулахыг хүссэн. Популизм байхгүйгээр 100 хувь батлаарай гэсэн. Засгийн газрын шинэ гишүүд давхар хашиж болох эсэх дээр бүлгээ сонсооч гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч хэлсэн. Үүний дагуу өнөөдөр дахин хэлэлцэж бүлгийн гишүүд өөр, өөрсдийн санал байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль, УИХ болон Засгийн газрын хуулиа баримталж ажиллах нь зүйтэй гэж байр сууриа дахин баталсан” гэв. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болох тухай заалт байгаа тул шинээр томилогдох сайд нар "давхар дээл”-тэй байж болох юм.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бүлгийн хувьд Засгийн газрын сайд нарыг гаднаас томилох ёстой гэж үзэж байна уу. Тодорхой байр сууринд хүрсэн үү?
-Одоогийн баримталж байгаа хуулиар гаднаас болон УИХ-ын гишүүдийн алинаас нь ч сонгож болно.
-Нийслэлээс автомашин ашигласны төлбөр болон бусад татварыг нэмэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Хэрвээ татварын зарим өмчийг орон нутагт шилжүүлнэ гэвэл хот бие даагаад шийдэж болох юм биш үү?
-Э.Бат-Үүл даргын бухимдлыг бид ойлгож байна. Бид нийслэлийг шахаад байгаа юм биш. Нийслэлд олгох эрх мэдэл, татвартай холбоотой асуудлаар зохицуулалт хийх асуудал яригдсан. Ер нь бол татварын бодлого орон нутагт шилжсэнээр хэт төвлөрлийг саармагжуулна. Төрийн том бодлогыг нийслэлтэй уялдуулж хийх ёстой. Нийслэл хүн ам, авто тээвэр, утаа, гэр хорооллын ачааллыг дийлэхгүй байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулж хариуцлагатай, эдийн засгийн бүрэн чадамжтай хот болгоход бодлого дутагдаж байгаа учраас зөв шийдвэр гаргах ёстой. Нийслэл өөрөө татвартай болох асуудлыг олон удаа УИХ-д тавьсныг энэ намраас эхлүүлье гээд хэлэлцэж байгаа юм. Түүнээс биш ард иргэдээ татварын дарамтад оруулаад нийслэлээ хаях бодол байхгүй.
Д.Анар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих