"Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр"-ийг анх 2006 онд санаачилж,
2008 оноос жил бүрийн аравдугаар сарын 20-нд олон улсад тэмдэглэн
өнгөрүүлдэг болжээ. Сайн сайхан, үнэнч шударга амьдрах, бусдын нэр
төрийг хүндэтгэхийн ач холбогдлыг ойлгуулан таниулах зорилготой энэ
өдрийг манай улс 2009 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Бусад өдрүүдийн л
адил жирийн нэгэн өдөр боловч олон талаараа ач тустай мэт санагдана.
Монголчууд бид "Хүн нэрээ, тогос өдөө", "Нэр хугарахаар, яс хугар",
"Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй" гэж эрт дээр
үеэс нэр төрөө бүхнээс дээдлэн эрхэмлэж ирсэн ард түмэн. Нэр төр, ноён
нуруугаа эрхэмлэх нь зөвхөн хувь хүний асуудал бус өөрийг нь хүрээлэн
буй хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагын нэг хэлбэр гэдгийг тэд хамгаас
сайн ойлгож байсан. Гэтэл өнөө цагийн хүмүүс бид нэр төр гэдгийг арай л
өөрөөр ойлгоод байх шиг. Олонх нь үнэтэй машин, 9911-тэй дугаар, тансаг
эд зүйл эдэлж хэрэглэж, албан тушаалд яаж ийгээд очиж байвал нэр хүндтэй
болно гэсэн ойлголттой болж. Эцэг эхээс заяасан нэрээ өндөрт өргөж нэр
төрөө хайрлахын учир утгыг ойлгосон хүмүүст энэ бүхэн арай өөрөөр
үнэлэгдэж ойлгогдоно. Тэд эцэг эхийнхээ хазайлгаж болохгүй нэр төр, удам
угсааны эрхэм бүхнийг хамгаалж явдаг болохоос биш титэм мэт алт
эрдэнэсээр гангарах нь огт хэрэггүй юм. Ийм бодлыг өөрсдөдөө шингээж, үр
хойч үеэ тийм л үзэл санаагаар хүмүүжүүлэхийн тулд нэг өдрийг ч болов
зориулах юмсан.
О.ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих