"Утсаар яриад яахав, уулзъя", "Миний утас асуудалтай, чагнаад байх
шиг байна аа" гэх мэт цэнэж болгоомжилсон үгсийг төрд гайгүйхэн шиг ажил
алба хашдаг хүмүүс олонтаа хэлэх болсон ийм цаг үед бид амьдарч байна.
Бүр сүлжээ унагадаг бичил төхөөрөмж ашигладаг хүнтэй ч нэг бус удаа
таарч байлаа. Ийм сэжиглэл болгоомжлол ганцхан төрийн албан хаагчдад
байдаг гэвэл бас худлаа. Гар утас бидний амьдралын хэрэгцээний зайлшгүй
зүйлийн нэг болсон хэдий ч гэлээ эргээд айдас төрүүлэх болсон нь утсаар
дамжуулан тагнадаг чагнадагтай эргээд холбогдох болсонтой холбоотой.
Цахим хэрэглээний тухайд ч ялгаагүй. Хэрвээ интернэтэд л холбоотой
байгаа бол миний компьютерийг хүнийх болгочих программ хангамж Монгол
Улс аль хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн баримтыг дуулиант Жулиан Ассанжийг
Wikileaks.org сайт есдүгээр сарын дундуур дэлгэсэн билээ.
Тодруулбал,
"0S X", "Windows", "Linux" комиьютер, "Androis", "IOS", "BlackBerry",
"Symbian", "Windows" программ хангамжууд, мөн дотоод сүлжээнд нэвтрэх,
тагнах, мэдээллийг хуулах, яриаг замаас нь чагнах зэрэг тагнуулын
зориулалттай хяналтын системийг боловсруулан худалддаг "Финфишер"
компанийн хамгийн идэвхтэй үйлчлүүлэгчдийн нэг нь Монгол Улс аж.
Wikileaks.org-ийн энэ мэдээлэл Монголын хэвлэлүүд, нийгмийн сүлжээнд
багагүй дуулиан дэгдээсэн. Харин төр засгийн холбогдох ямар нэгэн
байгууллага энэ талаар албан ёсны мэдээлэл тайлбар хийсэнгүй. Дуугүй
байна гэдэг зөвшөөрсөний тэмдэг гэж үг байдаг. Албан ёсны ямар нэгэн
тайлбар хэлэхгүй байгаагаас нь үзэхээр, Монгол Улс иргэдээ тагнаж
чагнадаг гэдгээ хүлээн зөвшөөрч буй бололтой. "Wikileaks.org" дурдсанаар
манай улс 2010 оны есдүгээр сараас 2013 оны арваннэгдүгээр сар хүртэлх
хугацаанд "FinSpy", "FinFly USB", "FinUSB Suite", "FinFly ISP",
"Finlntrusion Kit", "FinFireWire", "FinFly LAN", "Finfly Web" зэрэг
программ хангамжийн лицензийг худалдан авсан бөгөөд үүнд 1.358.160 евро
төлж байсан аж.
Албан бус мэдээллээр бол, С.Баярыг Ерөнхий
сайд байхад Монгол Улс тагнах чагнах хэрэгслийн талаар багагүй хөрөнгө
оруулалт хийж, энэ талаар ихээхэн урагшаа ахисан гэнэ. Гэхдээ Монгол Улс
"Финфишер" компанийн үйлчлүүлэгч болж, программ хангамж худалдан авч
эхэлсэн цаг хугацаа нь С.Баярын Ерөнхий сайд байх үетэй таарахгүй
байгааг хэлэх хэрэгтэй биз ээ.
С.Баяр 2009 оны аравдугаар сард ажлаа хулээлгэж өгсөн бол, "Финфишер"-ээр Монгол Улс 2010 оны есдүгээр сараас үйлчлүүлж эхэлжээ.
Төр
засаг маань ингэж иргэдээ тагнаж чагнахад хэрэгтэй зүйлд хөрөнгө мөнгө
зарж, бид миний гар утас, компьютер миний дайсан болох магадлалтай тийм
цаг үед амьдарч байна. Тэгвэл үүний цаана Монголын төрийн байгууллага,
мэдээлэл өөрөө хэр хамгаалалттай вэ гэдэг асуудал бас гарч ирж байгаа
юм. Монголын төрийн яам, албан байгууллагуудьш нэгдсэн сүлжээнд хакер
халдах тохиолдол олонтаа гардаг бөгөөд Кибер довтолгоонтой тэмцэх
Монголын үндэсний төвийн хийсэн судалгаагаар манайд 2011 он гэхэд жилд
дунджаар 150 орчим кибер халдлага болж байсан гэсэн тооцоо гарч байжээ.
Энэ талаар Төрийн холбооны газрын дарга хэвлэлд ярьж байсан билээ. Цахим
ертөнцөд Монгол хэтэрхий задгай, хамгаалалт муутай атлаа харин
дотооддоо иргэдээ хянахад хөрөнгө мөнгө харамгүй зараад байгаа нь
хачирхалтай.
Д.БИЛЭГ /Улаанбаатарын сонин/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих