-Өнөөдөр Хиагт чөлөөлсөн өдөр-
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.
Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Хувьсгалт цэргийн баярын өдөр болгож, жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байсугай. Жил бvрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгосугай.
Монгол ардын хувьсгалт цэргийн 25 жилийн ойг 1946 оны долдугаар сарын 11-нд хувьсгалын ойн баярын өдөртэй хамтатган явуулж, 1947 оноос эхлэн дараагийн жилүүдэд цэргийн ойн баярыг энэ тогтоолоор заасан тусгай өдөр нь ёслон өнгөрүүлж байсугай хэмээн тогтоожээ.
Ардын хувьсгалын 25 жилийн ой тохиосон 1946 оноос эхлэн цэргийн баярыг гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ. Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт єдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэх болжээ.
Цэргийн баяр буюу Зэвсэгт хүчний өдрийг өнөөг хүртэл тэмдэглэх хугацаанд уг баярын өдрийн утга санааг болон чухам хэдэн жилийн ой гэж тооцож тэмдэглэх талаар 1990-ээд оны сүүлчээс олон янзын үзэл, баримтлал гаpсныг Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор, дэд хурандаа С.Ганболд тоймлон өгүүлсэн байна.
Нэгдүгээрт. 1997 онд Зэвсэгт хvчний 76 жилийн ойг 86 жил болгон тэмдэглэсэн юм. Энэ нь Зэвсэгт хvчний vvслийг 1921 он бус тvvнээс ч ємнє оршин тогтнож байсан Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн үүсэлтэй холбон авч үзэх гэсэн санаа нь зөв боловч арга зvйн хувьд буруу байсан юм. 1911 оны гуравдугаар сарын 18-наар монгол цэргийн баярыг тэмдэглэлээ гэхэд тэр үед Монгол Улс Манжийн эрхшээлд хэвээр байсан билээ.
Хоёрдугаарт. 2007 онд дэд хурандаа Б.Батбэх Зэвсэгт хvчний үүсэн байгуулагдсан өдрийг 1912 оны наймдугаар сарын 7-ны өдөр буюу монгол цэрэг Ховд хотыг Манжийн цэргээс чөлөөлж ялалт байгуулсан өдрөөр тогтоох тухай санал, бодлоо "Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн хуудсаар дамжуулан илэрхийлсэн билээ. Энэ нь мөн дээрхтэй адил Зэвсэгт хүчний үүслийг Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн үүсэлтэй холбон авч үзэх гэж оролдсон ч Ховдыг чөлөөлөхөөс өмнө монгол цэрэг үүсэж бий болсон гэдгийг үгүйсгэсэн талтай юм.
Гуравдугаарт. 1990-ээд оны эхэн vеэс цэргийн түүхч, эрдэмтэн, судлаачид Зэвсэгт хvчний үүслийг зөвхөн 1921 оноор хязгаарлан авч үзэх нь учир дутагдалтай хэмээн үзэж, орчин цагийн Зэвсэгт хүчин 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргээс үүсэлтэй боловч түүнээс ч өмнө буурал түүхийн туршид монгол цэрэг байсаар ирсэн төдийгvй, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн тvvхийг эш үндэс болгож, 1206 онд Их Монгол Улсын дотоод мянгануудаас бүрдсэн байнгын цэргийн шинж бvхий хишигтэн цэрэг, орон нутгийн цэргээс дайчлан зохион байгуулдаг гадаад мянгануудаас бүрдсэн хүчирхэг цэрэг байгуулагдсан он цагаар Зэвсэгт хүчний үүслийг тооцон vзэх санал дэвшүүлэх болсон юм.
Дөрөвдүгээрт. Монгол цэргийн үүслийг Их Монгол Улсын цэргээр бус бүр түүнээс ч өмнө оршин тогтнож байсан Хүннү гvрний цэргээр тооцон vзэх санал ч гарах болов. Эдгээр саналыг харгалзан vзэж цэргийн тvvхчид бид Зэвсэгт хvчний өдрийг яг таг тогтоож, тэдэн жилийн ой гэж тэмдэглэх нь төдий л зохимжгvй учир монгол цэрэг 2000 гаруй жилийн тэртээх Хүннү гүрнээс үүсэлтэйг харгалзан үзэж, жил бvрийн гуравдугаар сарын 18-ныг "Монгол цэргийн өдөр” гэж тэмдэглэж байх саналыг цэргийн эрдэм шинжилгээний ажилтнууд гаргасныг 2011 онд УИХ-аар хэлэлцэн баталжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих