Монгол Улс 1996 онд Далайн Олон Улсын байгууллагын гишүүн орон болж, тус байгууллагаас батлан гаргасан 23 конвенци, тэдгээрийн нэмэлтүүдэд нэгдэн орсон билээ. Тэгвэл Зам, тээврийн сайд А.Гансүх "Далайн хөдөлмөрийн тухай” Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци, "Аврах ажиллагааны тухай” 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн барьсан юм. Эдгээр конвенци нь манай улсын далайн салбарын хувьд шинэ эрх зүйн орчинг бий болгож байгаа төдийгүй, "Далайн хөдөлмөрийн конвенци” нь ирээдүйд далайн тээвэр эрхлэхэд зайлшгүй шаардагдах боловсон хүчин болох далайчдын хөдөлмөрлөх нөхцлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглүүлэн, далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн чухал олон улсын конвенци юм.
Одоогоор ЗТЯ-наас БНСУ-ын Далайн болон загас агнуурын технологийн институтэд 2012-2014 онд 10 далайчин сургаж төгсгөөд байгаа бөгөөд оюутнууд далайн дадлагаа дуусгаад эх орондоо ирж байгаа юм байна. Монгол далайчдыг сургах, дадлагажуулах зардлыг БНСУ-ын Далайн хэргийн яам болон Бусан хотын Далайн болон загас агнуурын технологийн институт хариуцжээ. Эдгээр далайчид Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компанид ажиллах бөгөөд тус компани нь энэ оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Транссибирийн төмөр замаар дамжуулан БНАСАУ-ын Ражин боомтоор далайд гаргаж тээвэрлэх туршилтын тээврийг эхлүүлэх юм байна. БНСУ-ын дулааны цахилгаан станц, эрчим хүчний компаниуд манай улсаас нүүрс худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.
С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих