Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд найрамдах Австри улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ.
Бүгд
найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хофбүрг ордондоо хүлээн авлаа. Үүний дараа
хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. "Хоёр улсын
дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд болж өнгөрсний
дараа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаад баярлаж
байна" гэдгээ Ерөнхийлөгч Хайнц Фишер онцоллоо. Мөн тэрээр хүний эрх,
эрх чөлөө маш чухал гэдгийг уулзалтын үеэр ярилцсан тухайгаа онцолсон.
Энэ үеэр Австрийн сэтгүүлчийн "Оюутолгой, "Рио тинто"-той асуудлаа ойрын үед шийдэж чадах уу" гэсэн асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ойрын хугацаанд шийдэх болно" гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн Австрийн "АРА" агөнтлагийн сэтгүүлч "Та Украины талаар ямар байр суурьтай байна вэ. Танай орон олон жил коммунист засаглалтай байсан" гэж манай улсын Ерөнхийлөгчөөс асуухад "Манай улс улс төрийн хувьд хамгийн чөлөөтэй орон гэж бүс нутагтаа тооцогддог. Путин манай улсад айлчлахдаа Украины асуудлыг шийдэх талаар долоон агуулга бүхий санаачилга гаргасан. Бид энх тайвны замаар хэлэлцээрийн ширээний ард асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.
Би Украинд таван жил сурсан. Энэ их олон талтай олон учир шалтгаантай асуудал гэж хардаг. Путин Си Зиньпинь нарын айлчлах үеэр яригдсан гол асуудал нь дамжин өнгөрөх тээврийн талаар байсан. Монгол Улс энэ тал дээр хоёр хөршөөсөө тодорхой хэмжээний хөнгөлөлт авах бүрэн боломжтой. Хоёр хөрштэйгөө транзит тээврийн асуудлаа шийдэж байгаа нь гуравдагч хөрш рүүгээ гарах замаа засч байгаа хэрэг" гэлээ. Харин Европ, Азийн эдийн засгийн холбоонд элсэх бодолтой эсэхийг асуухад "элсэх бодолгүй байгаа" гэлээ. Хоёр орны Ерөнхийлөгч далайд гарцгүй орнуудын хувьд хамтарч ажиллаж, ирэх арваннэгдүгээр сард Венад болох далайд гарцгүй орнуудын уулзалтын талаар урьдчилан ярилцаагүй ч өгөх санал ижил байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Австри улсын Ерөнхийлөгч Хайнц Фишерыг манай улсад дахин зочлохыг урилаа. Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч бизнес форумд оролцсон юм.
Манай тусгай сурвалжлагч М.АЛТАНЦЭЦЭГ Австри улсаас мэдээлж байна. /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих