Одоогоос яг арван дөрвөн жилийн өмнө анх удаа Алтан-Эмээл хотод очиж байлаа. Дотор газрын нэлхийсэн эгшмэл үнэр хамар цоргисон муруй тахир гудамтай, нурчих вий гэмээр бөөвийсөн туниа муутай намхан шавар тагзнуудтай хотод хөл тавьж байсан санагдана. Дорнодынхон ид төмрийн наймаанд хошуурч даацаа хэд дахин хэтрүүлсэн Зил-130 машинууд арай ядан гэлдэрч хилийн шугамаар мөлхөнө. Алтан-Эмээл хэмээх хотод дан хятадууд байдаг байх гэж төсөөлж буусан надад зээлийн газар, уушийн мухлаг хаана л бол хаана ороход Монгол хэлээр мэндэлж элгэмсэг дотно харьцах элэг нэгт Өвөрлөгч ахан дүүс тааралдах нь сэтгэлд дотно. Хоногийн 50 юаны үнэтэй хэрэндээ л дажгүй буудалд буусан. Хоолны газар орохдоо идэж юм олдох болов уу даа гэж тээнэгэлзэж байтал цэсэн дээр нь шарсан, чанасан хонь, үхрийн мах гэсэн байхыг хараад санаа амарч билээ. Ийнхүү Алтан-Эмээл хотод тав хоног саатаад буцсансан.
Харин үүнээс хойш 13 жилийн дараа буюу 2013 онд дахин Алтан –Эмээл хотыг зорьсон. Хотын захад ирээд нүдэндээ ч итгээгүй. Орчин цагийн өсөн дэвжиж буй залуухан хот миний өмнө өнгө өнгөөр алагласан өндөр асруудаараа гайхуулж угтсан.
Алтан-Эмээлийн хөгжлийг энгийнээр зүйрлэхэд намагт нь гутал шигдээд үлддэг байсан гудамжууд 6-8 эгнээ засмал зам болж, нурах шахсан шавар тагзнууд тэнгэр баганадсан харш болж, бохир бааздуухан уушийн газрууд нь тохилог сайхан ресторанууд, зочид буудлууд болсон. Ард иргэдийнх нь амьдрал дээшилж Дундад улсын аль ч том хотын иргэдээс ялгархааргүй хотжсон. Дундад улсын зах хязгаараа хөгжүүлэх бодлого хэрхэн үр дүнгээ өгч байгаагийн бодот жишээ болсон Алтан–Эмээл ийн өнгөө засч үсээ самнасан гоо бүсгүй адил цэмцийн буй нь Хятадын ард түмний ажилсаг хөдөлмөрч зан чанар, Зян Зимин, Си Зинпин мэтийн ухаалаг удирдагчдын улс орноо залах бодлоготой хоршиж эвссэн зүтгэлийн хүч буй. Их Хятадын эдийн засаг жилээс жилд өсөж дэлхий ертөнц ноён долларыг биш "хатагтай” юаныг сонгоход тулаад байна. Энэ ч захын Алтан-Эмээлд ч мэдрэгддэг. Аль арав гаруй жилийн өмнө зочид буудал 50 юаны үнэтэй байсан бол одоо мөн тийм үнэтэй буудлууд байсаар л байдаг. Энэ нь Хятадын мөнгөн тэмдэгт ямархан чадалтай байгааг илтгэнэ.
Анх хилийн дээс алхаж байхад Дагуурын их тал нутагт агь таанын үнэр сэнгэнэн танан цагаан өргөөнүүд ярайж эх оронтой минь ялгаагүй санагдаж байсан. Дагуурын эрдэмтэн Мэрсээгийн бичсэн "Хөлөнбуйрын олон ардад ятган сануулах бичиг”-т, Дагуур угсаатан бол эртний үеийн хуучин Монголын үлдэгдэл мөн гэж бичсэнийг батлах мэт. Харин энэ удаад очиход талд харагдах Монгол гэрийн тоо цөөрсөн харагдана. Энэ нь Дундад улс малчиддаа газар өмчлүүлэн өгсөнтэй холбоотой. Учир нь малчдаа асрах бодлого сүүлийн арав гаруй жил хэрэгжиж байгаа билээ. Малчин түмнийхээ амьдрах орчин нөхцлийг сайжруулах талаар Хятадын засгийн газар машид анхаарч ажилласан. Үүний үр дүнд малчдынх нь ч амь амжиргаа илт сайжирсан юм билээ. Шинэ Барга баруун хошуу малчиддаа тусгайлан малчдын хотхон байгуулж өгчээ. Жирийн иргэн 200000 юаниар авах байрыг малчид хөнгөлттэй үнээр буюу 60,000 юаниар авна. Нэг үгээр хэлбэл амьдрах сууцных нь 60-70 хувийг төр нь хариуцаж байна гэсэн үг. За тэгээд малчдаас авах татварыг чөлөөлсөн. Хадлан тэжээл, хашаа хороо барихад нь тэтгэлэг олгодог, ар гэр, үр хүүхдийг нь сургууль соёлд сурахад бүхий л нөхцлөөр дэмждэг нь малчин түмний сэтгэл санааг өөдрөг байлгах гэсэн ХКН-ын бодлого байх. Өнөөдрийн байдлаар Шинэ Барга Баруун хошуу дөч гаруй мянган хүн амтайгаас арав гаруй мянга нь малчид. Нийтдээ 1,6 сая орчим малтай. Малын үнэ манайхыг бодвол харьцангуй өндөр. Малаас гарах бүтээгдэхүүнийг бүгдийг боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг нь үлгэрлэмээр жишээ.
Ардчилсан нийгмийн буянаар ар Монголчууд Өвөрлөгч ахан дүүстэйгээ хүссэн үедээ очиж уулзах боломжтой болсон. Ээдрээт он жилүүдэд нэг л өглөө босоход саахалтын зайд байсан ахан дүүс нь харийн гүрний мэдэлд орсон гашуун түүх бидэнд бий. Тэгвэл өнөөдөр ахан дүүсээ эргэх, бүүр цаашлаад анд нөхдийн хэмжээнд тухлан саатаж, ажиллаж сурах бүхий л нөхцөл бүрджээ. Тэр ч байтугай Ар халхын зарим малчид ШББ хошуунд очиж найз нөхөддөө хурдан морь хэрхэн уях талаар ч зааж зөвлөж явахтай таарсан.
Хөлөн Буйрын гурван голын адуу хол ойрдоо алдартай. Ил адуу, Хэ Чүй
адуу, Сан Хэ буюу гурван голын адууг Хятадын хамгаас алдартай адуунд
тооцогддог.
Халх, Хэрлэн, Хайлаар голуудын саваар Хөлөнбуйрын баргууд нутагладаг
учир эн чигийн адууг гурван голын адуу хэмээн нэрийддэг. Энэ адууны
угшлаас Оросын Байгал чигийн адуу, цэвэр Англи цусны адуутай эрлийзжүүлж
Гурван голын адуу угшлыг Өвөрлөгч нар бий болгосон. Сайн ч хурдалж
байгаа юм билээ. Гиннесийн номонд бичигдсэн 800 морины уралдааныг
Өвөрлөгчид хийсэн. Харин Их Монголын голомтыг сахиж буй ар Монголчууд
бид 10000 морьтон жагсааж 3000 морь уралдуулан ах дүүсийнхээ хүслийг
давуулан биелүүлсэн. Хоёр улсын хилийн зурвасаар тусгаарлагдсан ч гарал
үүсэл, аж амьдрал, ахуй соёл ойр Барга түмний Баруун хошууны төв
Алтан-Эмээл хот хүлгийн хурдаар урагшилж хүүгийн зэрэгт хүрчээ. Миний
мэдэх Алтан-Эмээл ердөө л энэ. Харин хүмүүсийнх нь уужим сэтгэл, найрсаг
занг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэднэ биз. Богд эзэн Чингис хааны
хүлгийн туурайг илбэсэн Далай нуур, босоо хөх Монголыг ундаалсан Хэрлэн
голоороо хүйн холбоотой Барга Монгол ахан дүүсийг минь хөх тэнгэр ивээж,
дээдсийн сүнс таалах болтугай.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих