Яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн шинэ шүлгээс
Улсын баатар хязгаарын
Дархан Хулд ууланд
Унаа морьтойгоо цуг
Нүд чих минь байдаг
Хэцийн цагаан салхинд
Хүний нутаг дурандаж
Хэдэн бор цэрэг
Он цагтай ганддаг
Дураа голоогүй эзэн
Эзнээ голоогүй дур
Дурангийн шилэн дээр ойж
Дугаар тэмдэгтээс буцдаг
Дээдсийнх нь цус лугшсан
Нэг жаахан байлдагч
Дэлхийн том улс руу
Хараа бэлчээж зогсдог
Цэрэг шиг жагссан
Зүрхэн хошуут сум
Цэмбэн шинелийнх нь бүсэнд
Тушаал хүлээж хонодог
Жанжин туг шиг босоо
Хилийн тэр харуулын
Жагсаалын үргэлжлэл өөрөө
Эхийн хэвлийд байдаг.
Санахуйн таталбар
Явах зам залхаад
Огшчихмоор хол
Явган сүүдэр цуцаад
Зогсчихмоор хол
Ургийн хэлхээ хүрэхгүй
Тасарчихмаар хол
"Ус мөрөн олон чиг" -ийг
Үерлэтэл нь сонсох...
Эмгэн,хуучин гутал хоёр
Ээтийсэн дээрээ ээтиймээр халуунд
Эмээлийн бүүрэг эргээд
Дув дугуй болчихмоор халуунд
Хол явсан сураг
Буцаад ирмээр халуунд
Гол усаа би
Живж үхэтлээ санах...
Зүүдний шувуу төөрч төөрч
Сэрэхэд ирмээр цөлд
Зүрхний хайр төөрч төөрч
Нөхцөхөд ирмээр цөлд
Уртын дуу хүртэл
Богиносоод хүрмээр цөлд
Уул нуруудаа би
Нисч үхэтлээ санах...
Дуу,гэрэл хоёр
Багталцаж зөрөхгүй хотод
Суу,тэнэглэл хоёр
Сундалдаад явмаар хотод
Тавын таван тив
Нэг болчихсон юм шиг хотод
Тал,говио би
Ганцаардаж үхэтлээ санах...
Сэтгэл цангаж туулдаг
Сансрын их дайдад
Сэрж,унтаж бардаг
Сар жилийн аянд
Тэнгэрийн диваажинг голсон
Тэнэмэл сүнс шиг амьтан
Эх орноо дараа нь
Эргэж төртлөө санах...
Хөх өдөр
-Элегия-
Өнөөдрийг дуусгалгүй орхичхоод
Маргааш руу явчихмааар
Хөх өдөр
Өчнөөн намар
Цуг хүрээд ирсэн юм шиг
Салхитай
Ганцаардалдаа хань болоод
Гадаа гартал
Бүрэнхий
Гандсан бодол
Хуучин өвсний шивнээ шиг
Сонсогдоод-
Салхинд туугдсан навчисны
Шар нь салаад
Зүрхэн дээр хоцрох
Санаанд туугдсан дурдатгалын
Шарх нь салаад
Зүүдэнд очихоор үлдэх
Өнчин шувууны
Өд зулгааж урласан
Эртний бийрээ
Өчигдөрхөн нүүчихсэн айлын
Буйранд нийлж
Тэднийг зуралтай-
Хөөцөлдөж тоглосон
Хоёр салхины хооронд орчихоод
Гарч чадахгүй
Хөл алдаад
Тэнгэр өөд уначихмаар
Санагдах
Хөвсгөлөөс онгоц байтугай
Шувуу нисээгүй
Хөх өдөр
Хөөрхий Дэлгэрцэцэг
Эзгүй болчихсон сураг
Яагаад ирэв ээ...
2014
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих