САЙДАД ГОРИЛОГЧИД СӨРӨГ ХҮЧИНД ТААЛАГДСАНГҮЙ
Сайдын сандлаас бууж буй долоон хүн дор бүрнээ л сонин, сэтгүүл, ухаалаг утсаа шагайж урвагар сууна. Харин сайд болох санаатай гишүүн Д.Зоригт додигор харагдана лээ. Тэрээр Сангийн сайдад нэр дэвшээд байгаа юм. Харин Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшсэн, одоогийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшээд буй Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нар шинэ ажилдаа орохоор яарцгаах аж. Гэвч сайдад горилогчдыг сөрөг хүчин хүлээн зөвшөөрсөнгүй. Дээрх гурван эрхмийг харъяалах байнгын хорооны хуралдаанаар томилох гэсэн боловч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлагын хугацаа ажлын тав хоног үргэлжлэх тул ирэх пүрэв гариг хүртэл энэ асуудлыг дахиж хэлэлцэхгүй болов.
Шинээр сайд болгохоор нэр дэвшүүлсэн хүмүүс сөрөг хүчинд таалагдаагүй гурван шалтгааныг тоочив. Нэгдүгээрт, өмнө нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ирсэнгүй. Хоёрдугаарт, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт "давхар дээлтэй” болно. Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д цогцоор нь өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх ёстой гэж үзжээ.
"САЙН САЙД НАР ЯВЖ, МУУ НЬ ҮЛДЭВ”
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлтөд өртөж, гэнэт цомхотголд орж орон тоогүй болсон долоон сайдыг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар ажлаас нь чөлөөлөв. Ерөнхий сайд сайн ажилласан яамдаа нэгтгэж буйгаа өмнө нь хэлж байсан тул сайд нар нь ч сайн ажилласан гэж гишүүд дүгнэлээ. Ялангуяа Сангийн сайд Ч.Улааныг мэргэжлийн, дөрвөн удаа сайдаар ажилласан асар их туршлагатай, Монголын санхүү, эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгийг олон гишүүн магтав. Тухайлбал, С.Баярцогт гишүүн "Ч.Улаан сайд сүүлийн 20 жилийн хамгийн хүнд үеүдэд Сангийн сайд байсан. Санхүү, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой маш олон хуулийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ирсэн. Мөн Засгийн газарт удаа дараа Сангийн сайдаар ажиллаж ирсэн зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй” гэсэн юм.
Энд тодруулахад Ц.Баярсайханыг Барилга хот байгуулалтын, А.Гансүхийг Зам тээврийн, Д.Ганхуягийг Уул уурхайн, Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн, М.Сономпилийг Эрчим хүчний, Ч.Улааныг Сангийн, Л.Болдыг Гадаад харилцааны албан тушаалаас чөлөөлөхийг холбогдох байнгын хороод дэмжсэн байв.
А.ГАНСҮХ ГУДАМЖИНД ГАРАХ УУ, АЖИЛ АМАЛСАН УУ?
Хачирхалтай нь сайн ажилласан сайд нарыг яагаад солих болов гэдэг асуудлыг зарим гишүүн хөндлөө. Хэрэв сайн ажилласан юм бол цомхотгодог, харин үлдэж буй хэд нь муу ажилладаг гэсэн яриа ч гишүүдийн дунд өрнөлөө. Гишүүний асуултад байнгын хорооны дарга болон Ерөнхий сайд ингэж хариулав.
О.Баасанхүү:
-Цомхотголд орж ажлаасаа халагдаж буй сайд нарт Хөдөлмөрийн хуулиараа сайдтай ижил төстэй хэмжээний албан тушаал санал болгох ёстой. Тийм зүйл яригдсан уу. МАН томилох сайд нарын асуудлаар тав хоногийн завсарлага авсан тул хуучин сайд нарыг тав хоног ажиллуулж болохгүй юу. Улсын сан хөмрөг алга болчихгүй байгаа. Завсарлага авснаар нь МАН-ынхнаас сайдын үүрэг гүйцэтгэгч томилж өрөөг нь мануулах уу?
Ц.Даваасүрэн:
-Цомхотголд орсон ч биш юм. Тэрийг би мэдэхгүй. УИХ-ын гишүүн хүн ажлаа хийгээд явах байлгүй. Би ажил олгогч биш учраас хариулж мэдэхгүй. Байнгын хорооны хурлаар ийм асуудал хөндөгдөөгүй. Уг нь сайд нарыг өмнө нь томилчихоод чөлөөлдөг туршлага байсан. Гэвч энэ удаад эхлээд чөлөөлчихлөө.
Ж.Энхбаяр:
-Ч.Улаан гэдэг хүн Монголын эдиийн засаг, төсвийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнийг сайн ажилласан гэх үү, муу гэх үү. Сайн ажилласан юм бол ийм сайдыг биш та өөрийгөө чөлөөлөх санал тавих хэрэгтэй. Та ингэж Монголын төрөөр тоглох хэрэггүй шүү, Ерөнхий сайд аа?
Н.Алтанхуяг:
-Төрөөр тоглосон хүн алга. Та бүхэн ч сүүлийн хэдэн жил төр барилаа. Надад авдаг арга хэмжээгээ ав. Тэгээд яах вэ. Сайд нар огцорч байгаа юм, яамд нэгдээд ийм юм боллоо. Одоо яая гэх билээ. Ч.Улаан сайд дөрөв биш үндсэндээ таван удаа сайдаар ажилласан. Тэр надад их өмөг түшиг боллоо, түүнд баярлалаа. Харамсалтай нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг.
О.Баасанхүү:
-Энэ удаад Зам тээврийн яам сайн ажиллаж, агаар, төмөр замын салбарт ихээхэн ахиц гарлаа. Сайдаар нь ажиллаж байсан А.Гансүхэд ямар албан тушаал бэлдэв. Тэр сайн ажилласан ч гудамжинд гарч болохгүй биз дээ?
Н.Алтанхуяг:
-Өмнө нь ийм тохиолдол гарчээ. 2012 онд сайд нарын ор гарч бусад сайд нарт ажил үүргийг нь хариуцуулах тушаал гаргаж байжээ. Тэгэхээр би тушаал гаргах байх.
М.ГАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих