Өчигдөр эрх баригч АН, хамтрагч
МАХН-тайгаа гэрээ байгуулсан нь олон хүний санаа бодлыг өөрчлөв. Хамгийн
гол нь гэрээгээ 2024 он хүртэл хийсэнд асуудал оршив.
Өнгөрсөн
тав дахь өдөр МАН-ынхан Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг
өргөн барьсан. МАН-ынхан дээр нэмэгдэж АН-ын Ж.Батзандан, "Шударга ёс”
эвсэлийн Л.Цог нар гарын үсэгээ зурахад бас л бөөн юм болсон. Олон хүн
Ж.Батзанданг буруутган шүүмжилсэн. Харин өчигдөр орой Н.Алтанхуяг,
Н.Энхбаяр хоёр гэрээ байгуулсны дараа олон хүн Ж.Батзандангийн зөв
хэмээн дэмжиж эхэллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Зоригт анх Ж.Батзандан
гишүүнийг МАН-ынхантай нийлж Засгийн газрыг огцруулах гарын үсэг
зурахад "Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын 28 дотор журмын нөхөр, нутгийн
дүү байгаад харамсаж байна” гэж олон түмэнд байр сууриа илэрхийлсэн.
Харин тэрээр өчигдөр орой "2016 онд хамтарч сонгуульд орно. Намын
гишүүдээрээ нэг ярьж болмоор. Үүнийг нь мэдсэн бол Ж.Батзандантай
зурдаг байж” гэж санаа алдан үзэл бодлоо өөрчилжээ. М.Зоригт шиг
асуудалд хандаж байр сууриа өөрчилсөн АН-ын олон гишүүн бий боллоо гэж
эх сурвалж мэдээллээ.
Хамгийн
гол нь АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он
хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулахдаа УИХ-ын гишүүд, ҮЗХ-ны
гишүүдтэйгээ зөвлөлдөөгүй байна. Засгийн бүтцийг өөрчилнө гэж дур мэдэн
шийдвэр гаргасан шигээ юм болж. Мэдээж цөөн хүнтэй ярьсан л байх. Нийт
гишүүддээ хэлсэнгүй. Түүнд нь АН-ынхан эргэлзэж эхэлжээ. Тэгээд ч
үргэлж хажуу хавирганаас нударч, байсхийгээд л нуман тулгуурт оруулж
байдаг гуравдагч хүчинтэй мөрөөдөж байгаа шигээ 2024 хүртэл 10 жил
ялалт байгуулж чадах уу? гэсэн асуултандаа АН-ынхан хариулж чадахгүй
байна.
МАН-ыг ирэх 10
жилд гудманд гаргаад, хянаж шалгаад, тарааж бутаргах уу? Тийм боломж
бий юу гэсэн асуулт ч хариу нэхэж байна. Хэрэв МАН ирэх сонгуульд ялвал
бидэн шиг зан гаргаж хатуурхавал яах вэ? гэсэн өөр нэг асуултад ч
АН-ынхан хариулж чадахгүй эргэлзэж сууна. Ийм эргэлзээ гайхшралд орсон
АН-ын ихэнх гишүүд Н.Энхбаяраас болгоомжилж байгаа бол удирдлага нь
итгэж байна.
Үүнээс гадна
Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын байгуулсан гэрээнд анхаарал татах зүйл
бийг цахим ертөнцийнхөн уудлан дэлгэж байна. Тухайлбал "Нэг намаас
гаргасан саналыг нөгөө нам дэмжинэ”, "УИХ-д суудалтай намуудын үйл
ажиллагаа явуулах байрыг төрөөс хангадаг болгоно”, "Улс төрийн намуудыг
өмч хөрөнгөтэй байхыг хориглоно”, "УИХ-д суудалтай намуудын
санхүүжилтийг төсвөөс бүрэн олгодог байх эрх зүйн шинэчлэл хийнэ”, "2016
оны сонгуульд нэг эвсэл болж ороогүй тохиолдолд нэг нэгнийхээ саналыг
хуваахгүй байх зарчим баримтална”, "2016 оны сонгуульд нэг эвсэл болж
орох эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан шийднэ”,
"2016, 2020 онд аль ч намууд олонхи болоогүй бол АН, МАХН хоёр хамтарч
Засгийн газраа байгуулна” гэх мэт олон заалж орж. Эндээс харвал хамтран
ажиллах гэхээсээ илүү МАН-ыг нухчин дарах, 2024 он хүртэл бүх бодлогын
гадна байлгах, хөрөнгө мөнгийг нь хураах гэх мэт далд санаанууд
агуулагдаж байна. Ийм зорилгын төлөө 2024 он хүртэл хамтарч, хүссэнээ
биелүүлж чадах нь ихэд эргэлзээтэй л дээ.
Ийнхүү
"аав ээжийнхээ хүсэлтээр эх орондоо ирсэн”, "эмчилгээнийхээ дундуур
яваа”, "морь унаж хөдөө айлд очиж ааруул идэх хүсэлтэй”, "хэнд ч
гомдохгүй” гэж ярьж байсан Н.Энхбаярын зорилго өөр байж. Тэр зорилгоо
биелүүллээ. Харин Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын том зорилго амбиц нөгөө
талдаа асар том бөөгнөрлийг бий болгож эхлэв. Өөрөөр хэлбэл
Н.Алтанхуяг, Н.Энхбаяр ба бусад гэсэн хоёр том хуваагдал бий болж
байна. Аль нь хүчирхэг вэ гэдэг ирэх 14 хоногт тодорхой болно.
ЦАГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих