Мандалговиос бид Зүүн булаг гэх тэмээний нутгийг зорин хөдөллөө. Аймгийн төвөөс дал гаруй километр дэх Зүүн булаг өвөл зунгүй урсч Халзангийн говь бударгана цагаалж, хужир мараа хослоод тэмээний жаргалын орон юм.
Тэнд тэмээний ашиг шимийг ашиглан нутгийн брэнд бүтээгдэхүүнээрээ нэрд гарч яваа Сүхбаатарын Батдэлгэрийнд очлоо.
Батдэлгэр, эхнэр Өлзийтуяа хоёр Өлзийт сумын уугуул боловч аймгийн төв буюу Сайнцагаан сумын улс байж. Малчин болохоор зориг шулуудан 1997 онд хөдөөг зорихдоо засаг захиргаагаа солихгүй гээд Сайнцагаан сумынхаа иргэн хэвээр үлдэж. Одоо нутаглаж байгаа Зүүнбулаг нь Өлзийт сумын нутаг ч гэлээ Батдэлгэрийнх Сайнцагаан сумынх, бүр ажилчин байхдаа суурьшиж байсан Боржигон багт бүртгэлтэй хэвээр.
Бид тэдний гадаа буунгуут л Батдэлгэрийн ончтой санаачилга, овжин санаануудын зах зухаас хараад авлаа. Говьчууд ингэ саахдаа нэг хөлөө өргөж өвдгөн дээрээ хувингаа тавиад өрөөсөн хөл дээрээ зогсож саадаг. Олон ингэ саахад мэдээж саальчны хөл өвдөнө, чилнэ. Энэ уламжлал хэдэн зууныг элээснийг хэн мэдлээ. Харин Батдэлгэр арматурын төмөр гагнан хувингийн тогтоолог хийсэн нь тэмээн зэлний хажууд хэд хэд байна. Тэр төмөр тогтоогчоо биендээ зүүгээд хувингаа хийгээд хоёр хөл дээрээ зогсоод ингээ саачихдаг юм байна. Саальчны ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг дээшлүүлсэн энэ арга тун их сонирхол татлаа. Хөдөлмөр зохион байгуулалтын олон зуун жилээр хэвшиж тогтсон уламжлалыг ийнхүү эвдсэн Батдэлгэр гэж яггүй толгой байгаа биз.
Батдэлгэрээр энэ хялбархан төхөөрөмжийг нь хийлгэх гэсэн малчид Өлзийтөөс, Хулдаас ч ирдэг, зав зайгүй байвал хэрэглэж байгааг нь ч аваад арилж өгдөг гээд бод доо. Хороо, зэлний хүйдэс цэвэрлэх ажиллагааг ч бараг л механикжуулах шахам хөнгөвчилсөн асар том савар, тэргэнцэр хийсэн байх юм. Эднийх "Зүүн булаг” гэсэн малчны бүлэг байгуулан ингэний сүү борлуулалтаар дагнан нэлээд амжилт олсон байна. Хаа байгаа Хөвсгөл аймгаас тоглолтоор явсан жүжигчид эдний ингэний хоормгийг ууж аян замын алжаал тайлаад хөдөлсөн ч Хөвсгөлдөө очсон хойно байнга захиж зөвхөн эднийхээс хоормог авдаг болсон байх юм. Зам харилцаа хөгжсөн үед эндээс Улаанбаатар орох хүнд хоормгийг дайгаад явуулахад л өдөртөө Хөвсгөлийн автобусанд тавигдчихдаг гэнэ шүү. Төлбөр нь ч цаг минут хоцролгүй дансанд нь орчихдог. Говьсүмбэрийхэн ч эдний сүү, хоормогийн үндсэн хэрэглэгчид болжээ.
Нөхөр Батдэлгэр нь сайн малчин төдийгүй шагайн харваагаар Монгол улсын гарамгай мэргэн цолтой. Хол, ойрын тэмцээнээс авсан медаль тоо алдсан. Зуу шахсан юмдаг аа. Бас шинийг сэдэгч, санаачлагч гэсэн "Мэргэжил”-ийг нь ч бид сурвалжлах явцдаа тодруулсан юм. Эдний гадна хичнээн ч нарны эрчим хүч хураагуур байгаа юм бэ. Нарны зай хураагуур хэд хэдэн том хэмжээтэйгээс гадна алгын чимээхнийг ч нар дагуулан зоосон харагдана. Жижиг нь гар утаснуудын болон гар чийдэнгийн батерей цэнэглэх зориулалттай гэнэ. Анх эднийх хөдөө гараад Зүүн булагийн баруун хойт энгэрийн цулгуй газарт хороо барин төвхнөхдөө орчных нь нэрээр өвөлжөөгөө Ил хөөвөр гэж нэрлэсэн байна. Ингээд л өдөр хоногоор нэмсээр чулуун хороо, пүнз барьж сууцны байшингийн өрлөгийг ч дуусгажээ. Харин ингэний хоормог ийм сайхан боловсруулагдсаны цаана өөрийн гэсэн өвөрмөц арга байж л таарна.
Тормоо зэллэхдээ хэт тонгойлгож "тамлахгүй” гээд зэлийг урт гадсаар газраас хөндий татсныг бас л шинэ санаачилга гэхээс яахав. Тэмээний ноосоор утсыг ээрээд ууталчихсан байна. Ерэн нас хүрсэн ээж нь ээрээд Говьсүмбэрээс явуулдаг гэнэ. Утас ээрэхэд учир бий. Ноосыг өнгөөр нь ялгаж ээрнэ. Хар утсаар цагаан эсгий эдлэлд хээ ширэхэд тод байдаг бол тас хар утас хэрэглэх удаа ч их гардаг аж. Ээрсэн утасны үзүүр нарийн болохоор хэрэглэгчдийн санаанд нийцдэг. Нэг ээрүүл утас 45ОО төгрөг хүрч борлогдох боллоо гэнэ шүү. Батдэлгэрийнд уналганд сураагүй тайлаг, саалинд сураагүй гунж гэж байхгүй. Бага тэмээгээ уналга эдэлгээнд сургаж, ингэ болгоноо саана. Хөдөөд мотоцикль, машин давамгайлж морь, тэмээ унах нь ховордсон үед бөхнөөс нь хурганы уут өлгөчихсөн тэмээгээр жонжуулан ирж яваа Батдэлгэр өөрөө ч сонирхох юмны нэг байлаа.
Эднийх ноос сэмлэгч машинтай. Торомныхоо ноосыг угааж сэмлээд ноолуур шиг торгон ноосоор аяны болон гэрийн хөнжил хийж борлуулдаг. Тэмээний ноосон хөнжил дулаанаараа юутай ч зүйрлэшгүй. Худалдан авагчдийн олонхи нь тээврийн жолооч нар байдаг.
Зүүнбулагийн тэмээчин Батдэлгэрийнх ингэний сүү, хоормог үйлдвэрлэн тэр нь амт чанараараа хол ойрд гайхагдсан айл. Өлзийт сумын Буянтын багийн Шаварын усанд нутагтай дүү нартайгаа нийлээд "Зүүн булаг” гэсэн малчны бүлгийг дан ингэний сүү, хоормгийн борлуулалтаар хоршоод нэг хэсэг гялалзуулсан Эднийх хөргүүртэй машин худалдан авч малчны бүлгээ сурталчилсан эрээн мяраан хаяг зургаар чимэглэн аймаг, хот руу бүтээгдэхүүнээ зөөвөрлөж явсан үе ч бий. . Ингэж малчны хөдөлмөрийн амт шимтийг мэдэрсэн энэ гэр бүл өөрсөд дээрээ ирж тэмээ маллахыг , малчны, ялангуяа тэмээчний хөдөлмөрт залуу насны эрч хүчээ сорихыг залуучуудад уриалж байна. Тэдний энэ уриалга:
"Мал маллавал тэмээ маллаарай
Манай нутгийн тэмээчин болоорой” гэж энэ нутгаас төрсөн яруу найрагч Долгорын Нямаа олон жилийн өмнө уриалж байсныг санагдуулна.
С.ПҮРЭВСҮРЭН
polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих