Улс орнууд, тухайн улсын банк, санхүүгийн салбар, компани, байгууллагынхан зээлжих зэрэглэл өссөн гэх үзүүлэлтийг өөрсдийн сурталчилгаа, нэрийн хуудас болгодог бол манай улсын зээлжих зэрэглэл байнга буурсан үзүүлэлттэй явж ирэв. Ер нь зээлжих зэрэглэл гэж юу болох, тэр нь ямар учиртай болохыг ч олонх тэр бүр ухдаггүй. Нэг тийм юм байдаг, байнга буурлаа гэдэг ч муудсан юмгүй явж болоод байдаг юм гэсэн ойлголтоор хандаад сурчихаж.
Өнөөдөр манай улс В2 буюу нэг үгээр хэлбэл зээлжих зэрэглэлээр амь тавихын өмнөх төвшинд очоод байна. Өөрөөр хэлбэл, дараагийн шат бий гэж алгуурлаж аргацаах юм бидэнд үлдээгүй. Эдийн засаг удахгүй сайжирна, хоёр хөршийн тэргүүний айчлалаар ярьсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй зэрэгцээд зээлжих зэрэглэл буурсан гэх мэдээлэл олон улсын зах зээл дээр түгж байна. Зээлжих зэрэглэлийг олон улсын байгууллагууд тогтоодог учраас манайхны шилдэг улстөрч шалгаруулдагтай адилгүй. Гэхдээ манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь гадныхны хүссэнээрээ тоглох талбар болж байгаа нь бол нууц биш.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Зээлжих зэрэглэл бол тухайн компани, байгууллага, аливаа улс орны Засгийн газрын зээл авах болон авсан зээлээ эргүүлж төлөх чадварыг үнэлсэн үнэлгээ /credit rating/ юм. Энэ үнэлгээг тогтоодог Standrad&Poor’s, Moody’s, FitchRatings гэсэн ердөө гурван байгууллага л голчлон хийдэг. Үнэлгээний зах зээлд монополь байр суурийг нэгэнт эзэлсэн байгууллагууд гэж бас болно. Зээлжих зэрэглэл, санхүүгийн чадвар сайн байх хэрээр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сайн байна. Муу бол эсрэгээрээ. Шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож буй үнэлгээ ААА-ВВВ хүртэл тогтоодог. ААА–BBB хүртэлх үнэлгээг Investment grade буюу эрсдэл багатай найдвартай бизнес эсвэл улс орнуудад өгдөг. Энэ үнэлгээг авах амаргүй бол Монголын ОюуТолгойг эзэмшдэг "Рио Тинто”-гийн үнэлгээ S&P A- / Moody’s A3 байгаа нь Investment grade төрөлд орж байгаа нь энэ чиглэлийн судалгаагаар байнга гардаг нэг үзүүлэлт. Монгол Улс харин В2 гэсэн үнэлгээтэй явж байна.
МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ХОЁР УДАА БУУРУУЛАВ
Moody’s агентлаг өнгөрсөн хавар /тавдугаар сард/ Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг тогтвортой түвшнээс бууруулж сөрөг хэмээн тодорхойлсон. Ингэхдээ Засгийн газрын үнэт цаасны B1 үнэлгээг баталгаажуулж, Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлвийг нэг шатлалаар бууруулан "сөрөг” хэмээн дүгнэсэн. Энэ шалтгаанаа Монголын гадаад валютын нөөц огцом буурч, зээлийн хэмжээ өнгөрсөн оноос хурдтай өссөнтэй холбон тайлбарласан юм. Гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнээр тухайн үеийн байдлаар 18.9 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ийхээ 156.8 хувьтай тэнцэж байгааг ч анхааруулаад нөхцөл байдал нь Монголд ойрын хэдэн жил валютын хямрал үүсгэх нөхцөлийг лавшруулж байна гэж дүгнэсэн билээ. Үүнээс хоёрхон сарын дараа буюу өнгөрсөн долдугаар сард манай улсын зээлжих зэрэглэлийг В1–ээс бууруулж, В2 болгосноо зарлав. Манай зээлжих зэрэглэлийг ийнхүү нэг пунктээр доошлуулсан ч хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэсэн ангилалд хэвээр үлдээсэн юм. Зэрэглэл бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын албан нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч байгаатай холбон тайлбарласан. Мөн төсөв болон мөнгөний бодлого эрэлтийг дэмжсэн байдалтай байгаа нь төлбөрийн тэнцэл, банкны системийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэж байгаагаа ч онцлон дурдаж байв. 2014 он гарсаар тус агентлаг манай зээлжих зэрэглэлийг хоёр удаа бууруулаад байна. Мөн HSBC Holdings Plc компаниас Азийн бүс нутгийн хамгийн их өртэй 12 улсыг нэрлэхдээ жагсаалтын тавдугаарт нь Монгол Улсыг онцлоод байгаа юм.
МАНАЙ ЗЭРЭГЛЭЛ АХИХ УУ?
Боломж үргэлж байдаг ч ойрын жилүүдэд эдийн засгийн зурагт өөрчлөлт харагдахгүй байгааг манай эдийн засагчид хэлж байгаа юм. Мөн Монголын зээлжих зэрэглэл буурсан хэвээр байгаасай гэсэн хүсэл хүлээлт гадныханд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаагаа дотроосоо хайх учиртай. Тухайлбал, манай улс бонд авсан, түүнийгээ үр ашиггүй зарцуулсан. Өнөөдөр гадаад ертөнцөд Монгол өртэй, найдваргүй, бондоо эргээд төлөх юмгүй гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Үүний ард магадгүй энэхүү бичвэрийн эхэнд түрүүнд дурдсан үнэлгээ нь S&P A- / Moody’s A3 гарч, Investment grade буюу нөгөөх эрсдэлгүй найдвартай гэх төрөлд орж байгаа ОюуТолгойг атгаж суугаа "Рио Тинто”-гийнхон байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах эрх хэвлэлийнхэн бидэнд бий. Учир нь олон улсын хэмжээний том корпорациуд олон улсын зах зээл дээр янз бүрийн мэдээлэл цацах нь их, түүгээрээ өөрийн байр суурийг олж авах нь бий. Ганцхан жишээ хэлэхэд, манай УИХ, Засгийн газар Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа Үндсэн хуулиасаа эхлээд бүх хуулиа зөрчсөн. Татварын тухай хууль, Ашигт малтмалынхаа хуулийг Оюутолгойн лоббигоор өөрчилсөн. Хамгийн сүүлд л гэхэд, манай УИХ, Засгийн газар ОюуТолгойн татварын 130 сая ам,долларыг хөнгөлж 30 сая ам.доллар болголоо. Одоо дахин даварч, "Санамж бичиг” нэртэй баримт бичигт далд уурхайн санхүүжилттэй холбоотой өөрсдөдөө ашигтай нөхцлүүдийг суулгаж, Засгийн газраар баталгаажуулах гээд явж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. ОюуТолгойн талаар монголчуудад бүх мэдээлэл хаалттай, манай төр, засгийнхан хөшигний араар асуудал шийдэж байхад "Рио Тинто”-гийнхон байсхийгээд л "Монголын Засгийн газраас болж, ажил урагшлахгүй байна” гэсэн мэдээллийг олон улсын хэмжээнд цацаж байгаа шүү дээ. Тэр байтугай манай Ерөнхий сайдын бичсэн захидлыг хүртэл муухан орчуулгатайгаар Монголын нэгэн сэтгүүлд нийтлүүлсэн ч олон нийтэд тараагүй. Манай улсын гадаад худалдааны балансад ОюуТолгойгоос нэг тэрбум ам.доллар оруулсан мэтээр ойлголт яваад байгаа. Гэтэл тэд зэсийн баяжмал гаргаж олсон ашгаа Монголд оруулдаггүй. Ингээд манай улс гадаад худалдаан дээр хоёр тэрбум ам.долларын алдагдалтай, юун зээлжих зэрэглэл манатай манарч явна. Уг нь гаднаас авсан санхүүжилт, зээл, бондоо Засгийн газар эргээд ашгаа өгөх зүйлд, тухайлбал эдийн засгийн эрэлт ихтэй үйлдвэрлэлийн салбарт оруулж мөнгө үйлдвэрлэсэн бол байдал өөр байх байсныг олон эдийн засагч ярьж байгаа. Харамсалтай нь авто зам, барилга гэхчлэн газарт булсаар богино хугацаанд мөнгө үржүүлэх, орлого олох боломжуудаа бүгдийг хаасан. Өнөөдөр банкуудын зээлжих зэрэглэл бас л буурсан үзүүлэлттэй явж байна. Мөнгөний үнэ цэнийг хамгийн сайн мэдэрч байгаа салбар болох банкууд нь өөрсдөө мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулах бүү хэл бие биеэсээ өрсөн ордон барьж, түүнийхээ хэдэн давхар байх, өндрийн хэмжээ, цонхны тоогоор уралдаж байгаа учраас бас л боломжгүй. Монгол өнөөдөр ийм л байдалтай байна. Ойрын хугацаанд Орос руу мах экспортлоод их мөнгө олно гэсэн мөрөөдөлтэй. Хятадын найман боомтоор ам.доллар урсаад ирнэ гэсэн төлөвлөгөөтэй. Хэчнээн жил ярьсан Орос руу мах гаргах төлөвлөгөө бүтэхэд хол, Хятад манайх руу ам.доллар урсгана гэдэг ч худал. Зээлжих зэрэглэл улам буурч, зэрэг нэмэхийн өмнө гэгч л болж байна даа.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих