Сирийн Кобане хотод ширүүн тулаан өрнөсөөр байна. "Лалын улс” бүлгийнхэн Туркийн хил орчимд байдаг эл хотыг эзлэхээр ихээхэн хүчээр дайрч байгаа ч курд үндэстнүүд хамгаалан тэмцсээр байгаа ажээ. Долоо хоногийн сүүлчээр болсон тулалдаанд "Лалын улс”-ын 31 босогчийг устгажээ. Кобане хотыг хамгаалж байгаа курдуудын Ардыг хамгаалах нэгдэл АНУ тэргүүтэй холбоотны хүчний агаарын довтолгооны дэмжлэгтэйгээр лалуудын довтолгоог амжилттай сөрөн зогссоор байна.
Сирийн хойд болон зүүн нутаг, Иракийн баруун хэсэгт үлэмж газар нутгийг хяналтдаа аваад буй "Лалын улс” бүлгийнхэн Кобане хотыг эзлэхээр сар гаруйн турш дайрч байгаа юм. Кобане хотыг эзэлснээр Турктай залгаа хилийн дагуу ихээхэн газар нутгийг хянах боломжтой болох ажээ. Курд үндэстэн давамгайлсан Кобане хот жихадистуудын эсрэг курдын тэмцлийн билэгдэл болон хувирчээ. Төр улсгүй хамгийн том үндэстэн гэгддэг курдууд (нийтдээ 30 саяд хүрдэг) Турк, Сири, Иран, Иракийн газар нутагт тархан амьдардаг. Ирак дахь курдууд ихээхэн автономит эрхтэй болсон бөгөөд тэдний дайчдын Пешмерга бүлэг "Лалын улс”-ын эсрэг хүчтэй тэмцэж байна. Курдууд болон лалын босогчдын хоорондох ширүүн тулааны талбар болоод байгаа Кобане хот Туркийн хилд ойрхон байдаг тул тэндээс мэдээлэл авч түгээхэд хавьгүй хялбар байгаа аж. Туркийн эрх баригчид армийн танкууд, анги нэгтгэлээ Кобане хотоос ойрхон газарт төвлөрүүлээд байгаа ч курд дайчдад дэмжлэг өгч тус хот руу нэвтрэхээс татгалзаж байна. АНУ болон холбоотнууд турк цэргүүдийг Кобане хотод нэвтрэхийг хүсч байгаа ч Туркийн эрх баригчид хөдөлж өгөхгүй байгаа аж. Үүний улмаас Турк дахь курд үндэстнүүд эсэргүүцлийн жагсаал хийж, багагүй үймээн самуун дэгдээсэн билээ. Кобане хотод "Лалын улс” бүлгийн эсрэг сөрөн зогсч байгаа курд дайчдын Ардыг хамгаалах нэгдэл бүлгийг Анкарагийн Засгийн газар Курдистаны Ажилчдын намтай адилтган үздэг тул туслахаас татгалзаж байгаа ажээ. Тиймээс Туркийн арми Кобане хотод нэвтрэхээс зайлсхийж, лалын босогчид газар нутаг руу нь нэвтрэхээс сэргийлэн хил дээрх хүчээ зузаатгаад байгаа бололтой.
Сири, Иракт хүчээ аваад байгаа террорист
"Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэхийн тулд Турк улс Инкирлик агаарын
цэргийн баазаа АНУ-д ашиглуулахыг зөвшөөрсөн гэсэн мэдээлэл түгсэн юм.
Гэвч үүний дараа Туркийн Ерөнхий сайд Эрдоган Инкирлик баазыг
ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй хэмээн дээрх мэдээллийг няцаажээ.
Зууны мэдээ
Н.Мөнхжин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих