Олон улсын төвшинд согтууруулах ундааг архинд шилжүүлснээр нэг хүнд 6.2 литр архи ногдож буйг ДЭМБ-аас судалгаагаар гаргажээ. Хэрэв нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг. Хөдөлмөрийн насны нэг хүнд 70,3 литр согтууруулах ундаа ногдож буй Монгол Улсын хувьд архидалт гамшгийн хэмжээнд хүрснийг харуулна. Тиймээс бид "Ардын дайсан архидалт” сэдвийг хөндсөн билээ.
Хүн архи ууж эхлэхдээ л өөрийгөө, үнэлэмжээ, ажил төрлөө, анд нөхдөө, амьдралаа бүгдийг алдаж байгаагаа мэддэггүй. Эцэст нь түүнд зөвхөн архи үлдсэн байх гашуун түүх олон. Тэр дундаас архинд донтож олон жилийн ажил амьдралаа алдсан ч цагаа олж биеэ татаж чадсан нэгэн залуугийн яриаг энэ дугаарт хүргэе.
Би эхнэртэйгээ суугаад 15 жил болж байна. Бид 14 настай хүүтэй, хоёр настай охинтой. Эхнэртэйгээ анх танилцахдаа л хааяа архи уучихдаг байлаа. Суусан хойноо ууж шоудах шалтаг шалтгаан тасрахгүй, улам бүр уух нь ихсээд, сүүлдээ зан ааш ч эвдрээд ирдэг юм билээ. Эхнэр маань миний архидалтыг тэсвэрлэхгүй хүүгээ аваад салаад явсан. Тэр хугацаанд эхлээд гутарч уугаад сүүлдээ тэр хоёрыгоо санаад уухаа болихоор шийдсэн. Тэгээд буцаж эргүүлдэж гуйж байгаад хоёр жилийн дараа бие биедээ хайртай хэвээрээ байгаагаа мэдээд буцаж нийлсэн. Хэсэг хугацаанд тэссэн ч дахиад л архи ууж, урд өмнөхөөсөө илүү олон хоногоор уудаг болов. Долоон жилийн турш эхнэр маань өөрөөсөө бурууг хайж, өөрийгөө өөрчилж, хамаг л цагаа надад зориулах гэж хичээж, дахин хүүхэд төрүүлбэл намайг засарна гэж найдсан байх. Миний эрүүл байх үеийг тааруулах гэж хичээсээр жирэмсэн болчихоод надад хэлэх гэхэд нь архи ууж алга болоод хэд хоног хүлээлгэсэн гэдэг. Би маш их баярлаж архи уухгүй байхыг хичээсэн ч ямар нэг шалтгаан гарч ууна. Тэр бүрт уурлана, үглэнэ, гуйна, уйлна, сална гэж сүрдүүлнэ. Гэвч би өөрийгөө архичин болсон, архины хамааралтай хүн гэж боддоггүй учраас тэгс гээд л өнгөрүүлнэ
Би охиноо маш их хүлээж байсан мөртлөө төрөхөөс нь 10-аадхан хоногийн өмнө гарч яваад хэд хоног сэхээ сөгөөгүй архидсан юм. Гэтэл эхнэр минь төрчихсөн гэсэн мэдээ дуулгаж, би архи гараагүй шахуу эхний шөлийг нь хүргэж өгчихөөд найзуудтайгаа баяраа тэмдэглээд явчихсан. Өлгийний даавуу, памперс, сүү оруулах идэх юм ч дөхүүлж өгөх ухаан байгаагүй. Маргааш нь эхнэр охиноо эмнэлгээс гаргах байсан ч машиныхаа ард хувцас, хүүхдийн өлгий давуу бүгдийг хийчихсэн хэр нь эмнэлэг дээр очилгүй ууж явлаа. Эмнэлгээс ор сулла гэж эхнэрийг хөөж эхлэхэд аргагүйн эрхэнд дүүгээ дуудаж, дээл өмсч гэртээ гарсан байв. Би тэр оройдоо гэртээ харьтал хаалга тайлж өгөөгүй. Эрүүлдээ охиноо хараарай гээд намайг оруулаагүй юм. Үүдэндээ хоёр ч хонолоо.
Охиноо төрснөөс хойш тав дахь хоногт намайг эрүүл болохоор гэртээ оруулсан. Дахиж уувал шууд сална гэсэн юм. Гэвч би 50 хоног л тэссэн. Гадаадаас найз маань ирснээр дахин ууж эхэллээ. Найзаараа далимдуулж нэг гарах гэтэл эхнэр "Чи одоо гарч яваад уух юм бол би ирэхэд чинь байхгүй шүү” гэж байна. Би ч тоосонгүй. Гэтэл орой нь нэлээд согтуу иртэл эхнэр хоёр хүүхдээ аваад явчихсан байв. 12 настай хүү, өлгийтэй охиноо тэврээд хаа хүрэхэв гэж бодоод эхэндээ ч тоосонгүй, харин ч сайхан боломж гарсан дээр гэсэн шиг ёстой тасралтгүй ууж байлаа. Нэг л долоо хоног ажилдаа явсан байх.
20 хонолоо гэтэл манай гурав ирдэггүй. Ах эгч, найз нөхөд нь хэн ч мэддэггүй. Дэмий л ийш тийш утасдах ч сураг гаргаж чадахгүй учир уусаар л байв. Энд тэндээс мөнгө зээлж дуусаад гэрийнхээ бүх юмыг ломбарданд тавьсан.
Тэгээд 21 дэх хоног дээр эгч нар намайг олж эрүүлжүүлэхэд өгчихөөд маргааш зөвхөн бид нар очиж авна гэсэн захиастайгаар хонуулдаг юм байна. Тэгээд л нэг эмнэлэгт баривчилж авчран хэвтүүлсэн. Архинаас гаргадаг спираль тавиулна гэхээр нь дотроо хордлогоо тайлуулж, биеэ гайгүй болгочихоод л гараад явчихна гэж бодож байлаа. Харин эрүүлжээд, сэтгэл заслын сургалтад суугаад, АА-д очиж үзээд, эхнэр маань хаяж яваад сураггүй олон хоночихсон, би ер нь өнгөрч байгаа хүн байна гээд их юм бодогдсон.
Тэгээд л өдий болтол өөрөө архиа больж чадахгүй байгаа юм чинь спиралийг нь тавиулъя гэж шийдсэн. Эхнэр хүүхдээ алдахгүйн тулд шувуу бүхэнд үг зааж, шуудан бүрийд захиа дайдаг гэдэг шиг юм болсон. Ухаарсан, ойлгосон гэдгээ бичиж, ярьж хэлж гуйсаар эмнэлгээс гарахад эхнэр минь хоёр хүүхэдтэйгээ ирсэн юм. Эмнэлгээс гэр бүлийнх нь хүн ирж хичээлд суу гэсэн гэж хэлүүлээд байхад эхнэр маань ирэхгүй байсан хэрнээ надаас нууцаар очоод эмчтэй уулзсан байсан. Намайг өөрөө энэ бүхнийг ойлгож ухаараасай гэж хүсэхдээ хатуурхсан юм билээ. Намайг архинаас гаргахад эхнэрийн минь хүчин зүтгэл маш том үүрэгтэй байсан.
Архинд донтох гэдэг маш хүчтэй сэтгэцийн өвчин юм билээ. Хүн өөрийгөө л ялан дийлж, ойлгож тэвчиж байж архинаас салж чаддаг болохыг би өөрийн биеэр мэдэрсэн. Би урд нь архи уухаа больё гэж ойлгоод, хичээгээд байсан хэр нь архи уухгүй удахаар бие нэхээд уур хүрээд эхэлдэг. Тэгээд ч олон баяр ёслол, тэмдэглэлт өдөр ямар тасрах биш дээ.
Одоо өөрийгөө, үр хүүхдээ, хань ижлээ, амьдралаа бодоод архинаас бүрмөсөн холдсон. Бүх найз нөхөд, ажлынхандаа архины эсрэг спираль тавиулсан гэдгээ зарлаад эмчийн зөвлөгөөний дагуу эхний зургаан сарын турш нэг ч уулзалт, баар цэнгээний газарт очоогүй. Одоо хоёр жил болж байна. Ажлаа тараад л гэртээ ирдэг, амьдралаа яаж дээшлүүлэх вэ гэж боддог болсон. Өмнө нь миний өмнөөс эхнэр минь гүйж кодлуулна гэж оочер авч, Налайхын хүн дээр очиж, Alcobuse гээд эм уулгаж, шар хадны наркологийн эмнэлэгт ч архины эмчилгээ хийлгэж байсан. Гэвч би өөрөө хүсээгүй, бүгд хүчээр хийгдсэн учраас үр дүнд хүрээгүй байх. Эмнэлэгт 10 хоногийн 700,000 төгрөг төлж сэтгэл заслын хичээлд сууж байхдаа их зүйл ойлгосон. Эргээд бодоход уудаг байхдаа би өөрийгөө архинд орчихсон архичин болчихсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагүй. Хүн бүр л хааяа уудаг, би ч хааяа л уудаг гэж өмөөрдөг байлаа. Одоо бол өөрийгөө ямар их уудаг байснаа, хайран цаг хугацаа, мөнгө алдсанаа хүмүүст ичиж зовохгүй ярьдаг. Архи бол хүний сэтгэлийн зүйл. Уухгүй гэвэл өөрийнх нь л ухамсар байдаг. Архи амьдралын дайсан гэж үг байдаг байх аа. Над шиг бодож өөрийгөө өмөөрч архи уудаг хүн байвал "Битгий өөрийгөө хуураарай, их ч, бага ч архи уудаг л бол архины хамааралтай болдог юм шүү” гэж хэлмээр байна.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих