Хүйтний улирал эхэлж гол, нуурын мөс хайлмагтаж, хөлдөлт үүсэхтэй холбоотойгоор үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрчид, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигч, иргэдэд дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.
1. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын ус хайлмагтаж, бүрэн хөлдөж дуустал хугацаанд шаардлагатай газруудад усан замын тээвэрлэлтийг хязгаарлах, хориглох талаар зохих шийдвэрийг гаргаж мөрдүүлж байх;
2. Орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоож байх;
3. Усны хайлмагдал, хөлдөлт явагдалтын улмаас гол, нуурын мөс цөмрөх магадлал ихэссэн газруудад тэдгээрээр явах тээврийн хэрэгсэл, мал бүхий иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;
4. Аймгийн Засаг даргаас Хөвсгөл нуурын усан замын тээврийн үйлчилгээг зогсоох тухай асуудлыг Усан замын тээврийн тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж байх;
5. Гол, нуурын мөс хайлмагталт, хөлдөлтийн улмаас цөмрөх магадлалтай гарам, гарцын судалгааг гаргаж түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нимгэрч цөмөрч хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах ажлыг аймгуудын авто замын арчлалт, тордолтын болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх;
6. Гол, нуурын мөс хайлмагталт, хөлдөлтийн улмаас үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын тээвэр, авто замын газрууд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;
7. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;
8. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нартаа тээвэрт гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд гол нуурын мөс цөмрөх магадлалтай, дутуу хөлдөж гүйцэт бэхжээгүй газруудын судалгааг өгч, түүгээр мал бүхий иргэд, тээврийн хэрэгслийг явахгүй байх талаар мэдээлэл өгч аюулгүй ажиллагааг хангуулах;
9. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх;
/МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих