Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг энэ сарын 2-нд Ерөнхий
сайд Н.Алтанхуяг өргөн барьж, 7-нд УИХ-ын чуулганаар баталсан. Үүнээс
хойш бүрэлдэхүүнээ тодруулах гэсэн улс төрийн тогоон доторхи тохиролцоон
сунжирч, уван цуван шинэ сайдуудын нэр тодорсон ч батлах хүртлээ бас их
улстөржилтийг дамжих бололтой. Ийнхүү Төрийн ордонд засгийн бүрэлдэхүүн
тойрсон зогсоо чөлөөгүй улстөржилт болж байхад гадна нь зургаан яам
эзэнгүйдэж, төрийн ажил зогсов. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтцийн
тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталснаас хойш 20 гаруй хоног нэгтгэх
гэж байгаа нэртэй "сэглээд" хаячихсан зургаан яам зөвхөн хүлээлтийн
байдалтай байгаа. Гэвч эдгээр яамнаас хамааралтай хувь, хувьсгалын
ажлууд хэрхэн явж байгааг тодруулахаар нэгтгэх зарим яамаар оров.
Хэдийгээр зургаан яам гурав болон нэгдэх нь тодорхой болсон учраас хүнээ цомхтгох, нүүж суухаас эхлээд ажил их байгаа боловч сайд томилогдоогүй байгаа учраас ямар ч шийдгүй хүлээж байна гэдэг хариултыг дээрх яамдынхан хэлж байлаа. Тухайлбал, Эрчим хүчний яамны хувьд шинэ хуулиараа Уул уурхайн яамтай нийлэхээр байгаа. Тус яамны хэвлэлийн албанаас тодруулахад, "Сайд томигдоогүй учраас хүлээлтийн байдалтай байна. Ямартай ч бүтцээ боловсруулж байна. Тиймээс ямар нэг хөдөлгөөн хийгдээгүй" гэсэн хариулт өгсөн. Эдийн засгийн хөгжлийн яам ч бас нэг иймэрхүү хариу хэлж байна. Нэгэнт шийдвэр гаргаж, гарын үсэг зурдаг "толгой" нь байхгүй болохоор яамдаар орж гарах хүн ч цөөн байна лээ.
Яамдын нүүдэл суудлын хувьд зургаан яамны нэгтгэсэн бүтэц өмнөх Засгийн газарт байсан учраас хуучин байрууддаа байрлах юм билээ. Тухайлбал, Уул уурхай эрчим хүчний яам хуучин байрандаа буюу одоогийн Эдийн засгийн хөгжлийн яам руу, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам одоогийн Барилга хот байгуулалтын яамныхаа байранд байрлаж, одоогийн Эдийн засгийн хөгжлийн яамныхан хариуцах асуудлынхаа чиглэлээр Сангийн яам, Гадаад харилцааны яам руу нүүж очих нь. Тэгэхдээ нэгтгэсэн яамдын зарим чиг үүрэг давхацеан албан тушаалууд цомхтголд орж байгаа. Тухайлбал, 140 орон тоо цомхтголд орно гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Ингэснээр 1.3 тэрбум төгрөг төсөвт хэмнэнэ гэсэн тооцоо бий.
Сайд томилогдохгүй удсанаараа яамд нүүж сууж, албан хаагчид халагдаж солигдох хугацаа удааширч байгаа нь ч өнгөрч. Хамгийн гол нь эдгээр яамдуудын ард төрийн ажил гацаж, аж ахуйн нэгжүүдийн ажил дагаж зогсоод байна, Тэгэхдээ зөвхөн дээрхи зургаан яамны ч ажил зогсоод байгаа юм биш. Бүтцийн өөрчлөлтөд ороод байгаа Сангийн яамнаас болж бусад бүх яамны санхүү зогсоод байгаа юм. Төрийн байгууллагаас болж хувийн хэвшлийнхний ажил хэрхэн алдагддагийн доорхи жишээгээр харуулахыг зорилоо.
БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨЛТӨӨС БОЛЖ 106 ЛИЦЕНЗИЙН АСУУДАЛ ДАХИН ХОЙШЛОХ НЬ
Сүүлийн
дөрвөн жил нэг ч шинэ лиценз олгогдоогүй, уул уурхайн компаниудын ажил
зогссоноос гөологи, өрмийн компаниуд ажилчдаа халж, хоёр жил гараа хумин
сууж байгаа билээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалынгазрын нэрээс
сүүлийн хоёр жил "уяатай" байгаа 106 лиценз эзэмшигчийн төлөелел нэгэн
компанийн менежертэй салбарын яаман дээр өчигдөр тааралдсан юм. Геологи,
өрмийн компаниуд банкнаас авсан зээлээс төлж чадахгүйд хүрч, ирэх
жилээс компанийнхаа үйл ажиллагааг түр зогсоож, экс тайлан гаргахаас өөр
аргагүй болоод байгааг онцолсон. Бага хэмжээний ч болтугай хөрөнгө
оруулалт орж ирж, томоохон компаниуд хайгуулийн ажил хийгээсэй хэмээн
дээрх геологи, геофизик, өрмийн компаниуд залбирч суугаа гэхэд
хилсдэхгүй. Гэтэл 2013 оны нэгдүгээр сарын 30-наас цуцлагдаж, өнөөдрийг
хүртэл тодорхой эзэмшигчдэд нь олгогдоогүй байгаа 106 лицензийн асуудал
хоёр ийнхүү дахин нэг өвөл "ичээндээ орох"-оос өөр аргагүй болоод байгаа
бололтой.
Тодруулбал, Ашигт малтмалын газраас энэхүү 106 лицензийн эхний хэсгийнх нь талбайд сонгон шалгаруулалт зарласан боловч хоёрхон компани л шалгаруулалтад тэнцэж үлдсэн байна. Дээр нь энэхүү 106 лицензийг анх цуцлахдаа төрөөс лиценз эзэмшигчдийг хохироосон хэмээн үзэж тэдний хохирлыг барагдуулахаар 216 дугаар тогтоолыг гаргасан ч өнөөдрийг хүртэл компаниуд нь хохирлоо барагдуулаагүй байгаад ийнхүү бухимдаж байгаагаа лиценз эзэмшигч компанийн нэгэн төлөөлөл хэлсэн юм. Тэрээр энэ оны долдугаар сарын 20-ноос хойш буюу сүүлийн гурван сарын турш Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны үүдийг сахиж лицензтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр явж байгаа ажээ. Гэтэл Сангийн яам, Татварын ерөнхий газраас хүн ирж уулзаж байж ажлын хэсгээ байгуулна гэх шалтгаанаар ийнхүү гурван сарын нүүр үзсэн байна. Дээр нь, сүүлийн хэдэн долоо хоног "Сайд солигдож, яамны тамга тэмдэг өөрчлөгдөж байгаа учир асуудал нэг тийш болтол ямарч бичиг баримт үйлдэх боломжгүй" хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд лиценз эзэмшигч компаниудын амыг таглах болжээ. Засгийн газраас гаргасан шийдвэр тогтоолыг биелүүлэхийн тулд нэг ажлын хэсэг байгуулах гэж Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар бүтэн гурван сар "үзээд" ч дийлэхгүй байна гэдэг нэг бодлын эмгэнэл гэлтэй. Гэтэл энэхүү 106 лицензийн ард манай улсын нэр хүндийг дэлхийд таниулах томоохон компаниуд, дээр нь хайгуулын ажил зогссоноос үүдэж хэчнээн геологич, өрөмчин, туслах ханган нийлүүлэгч материал нийлүүлдэг бизнес эрхлэгч хоногийн хоолоо арай ядан аргалж байгааг мэдэхгүй.
Улстөрчид сандал, суудлаа сэлгэж байх хойгуур энэ мэтчилэн геологи, хайгуулаас эхлээд улсын эдийн засаг нь хүндэрч байгааг анзаарах цаг нь болжээ. Дашрамд дурдахад, дээрх 106 тусгай зөвшөөрөл эзэмшигчид дунд монголчуудаас гадна Америк, Австри, Люксембург, Канад, Сингапур, Хятад зэрэг хэд хэдэн улсын хөрөнгө оруулагчид байгаа юм билээ. Хөрөнгө оруулагчдын хувьд алтны 39, зэсийн 10, газрын ховор элементийн хоёр, нүүрсний 23, хайлуур жоншны 11 гээд чиглэл бүрээр жагсаавал 22 төрлийн ашигт малтмал дээр тусгай зөвшөөрөл авчээ. 106 тусгай зөвшөөрлийн лицензийн 14 нь зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан тав, үлдсэн нь дотоодынх нь байгаа юм.
Д.Сүрэн /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих