Тэртээх 1963 онд арьсны өнгөөр ялгаварлах үзэл, нийшийн тэгш бус байдлыг эсэргуүцэгч, иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Льютер Кинг 250 мянга гаруй хүн цугларсан их жагсаалын үеэр эрх чөлөөний арал хэмээх өндөр титмийг өөртөө залсан АНУ-д хэдэн зуун жилийн турш хар арьстнуудын эрх ашгийг хэрхэн хөсөр хаян дарлаж ирснийг, эрх чөлөөний төлөөх олон мянган хүний хүсэл тэмүүлэл одоо ч бүрэн биеллээ олоогүй байгааг хайр найргүй шуүмжилж, сайн сайхан ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаагаа зарлан тунхагласнаар "Надад мөрөөдөл бий" хэмээх алдарт үгийг хүний эрх, эрх чөлөөний тэмцлийн бас нэгэн гэрэлт зул болгон асаасан юм. Энэ бол тусгаар Монгол Улс өөрийгөө дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, соёмбот тугаа НҮБ-ын индэрт залах монгол хүний тэнгэрлэг хүсэл биелсэн тэртээх цагт тохиосон зүйл.
Бид мөрөөдөж, түүнийхээ төлөө оюун тархи, бие
сэтгэлээ бүрэн зориулж чадсан учраас улс орноо тэр үеийн түвэгтэй
байдлаас авран дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Хатуу ширүүн сорил,
цагийн хүйтэн салхинд ч хүсэл мөрөөдлөө гээгээгүй монгол хүн атар газар
тариа ургуулж, Ази тивд анх удаа бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж,
сансар огторгуйн цээлд дүүлэн нисч, бас ирээдүйг харах билгийн нүдээр
шинэ цаг үеийг тосон авч Ардчилсан хөгжлийн замд орсон. Монгол түмний
мөрөөдөл цаашдаа ч дундаршгүй юм. Тийм ээ, бид мөрөөдсөөр байна,
мөрөөдөх ч ёстой. Мөрөөдлөө хэзээ ч гээж болохгүй. Учир нь мөрөөдөл бол
бид юуг хүсч байгааг, аль замаар яаж явбал аз жаргалд хүрэх гэрэлт
төсөөлөл юм. Надад ч бас мөрөөөдөл бий.
Би улс орныхоо жолоог
ухаантай, өндөр ёс зүйтэй иргэд нь авч яваасай гэж мөрөөддөг. Энэ бол
төрт ёсны нарийн уламжлалтай монголчууд бидний хувьд олон үеийн турш бий
болгон авч ирсэн үнэт ёс, нандигнан хайрлаж хир толбогүй авч явах ёстой
итгэл үнэмшил юм. Хүнд хэцүү үеийг ард түмэнтэйгээ хамт туулж, гэрэл
гэгээ эрх чөлөө, тусгаар тогтнолын гэрэлт бамбар болж ирсэн Монголын төр
улам хүчирхэгжин хөгжиж урагш тэмүүлэх ёстой. Ард түмэн хэмээх агуу
хүчний хүсэл зоригт нийцэж байгаа бүхэн мандан бадарч, харин тэгж
чадаагүй бүхэн цагийн салхинд арчигдан үгүй болдог нь хатуу бөгөөд
шударга жам ёс байдаг.
Би монгол хуний нинжин сэтгэл, уужуу тайван
ухаанд суурилсан хумүүнлэг ардчилсан нийгэмд амьдрахыг мөрөөддөг.
Мөнгөний пирамид босгоод нийтээрээ цэнгэлийн манлайд хүрч болно гэдэг
хэт барууны үзэлд итгэдэгггүй. Ертөнцийг донсолгож, авъя гэснээ авч
хүрье гэсэндээ хүрчявсан их өвөг дээдэс маань түүхийн нэгээхэн цагаас
эхлээд хажуудахдаа хоргүй эгэл бөгөөд энхтайванч оршихуйг эрхэмлэх
болсон нь тэдний хүч зориг, ухаан билиг мохсоных гэж тайлбарлавал
үнэмших хүн олдох уу. Түүх бол сургамж шүү дээ.
Би байгаль эхтэйгээ зохицон амьдардаг өндөр дээд соёлоо авч үлдмээр байна. Монгол Улсын тусгаар оршихуйн юугаар ч сольшгүй үнэт Өв болж, бидний соёл, зан заншлыг тээж явдаг нүүдлийн мал аж ахуйгаа хөгжүүлэн тордож, авч явмаар байна. Харийн бүхнээр зөв буруугүй толгойгоо угаалгаж, өөрийн соёл зан заншлаа мэдэхгүй гэж хэлэхдээ ичдэггүй залуу үетэй болмооргүй байна. Өөрийн юмаа хүн өөрөө л хайхарч хөгжүүлэхгүй бол хүнийрхүү сэтгэлээр хандах нэгэн хаа мундах вэ дээ. Бид бүгдээрээ түух соёл, ахмад үедээ хүндэтгэлтэй хандаж амьдармаар байна. Тэгсний минь хариуд ирээдүй хойч үе минь ч биднийг хүндэтгэн залж байг.
Би шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болж байгаа монголчуудыг хармааргүй байна. Дээр доор, баян ядуу, дарга цэрэг, хөдөө хот, дээдэс доодос гээд монгол хүний ертөнцийг таньсан унаган сэтгэхүйд үл зохицолдох сүржин, давлиун зааг ялгааг тарьж ургуулж байгаа нь биднийг хагаралдуулах оюуны турэмгийлэл үү, аль эсвэл дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн Ардчилсан нийгэм дэх амьдралын хэв маяг уу?
Би Чингисийн үр сад ядуу буурай амьдарч байна гэсэн шившигтэй үгийг сонсмооргүй байна. Шударга бус байдал, хээл хахууль, хууль бус үйлдлүүд ямагт ядуурал, гуйланчлалыг бий болгодог нь нийгмийн гашуун үзэгдэл. Төрт ёсны олон зуун жилийн түүх соёлоороо өрнө, дорнод гайхагдаж ирсэн энэ улсын төрийн өндөр сэнтийд хувиа хичээсэн бэртэгчингүүд гараад суучихсан юм гэнэ билээ, мөнгө л байвал тэднийг юутай хуутай нь худалдаж аваад өвөг дээдсийнх нь булшин дээр казино байгуулж болно гэж хэн нэг нь ярих вий дээ гэхээс яс минь шархирах шиг болж байна.
Би цаст уулын цагаан бар цагаа болохоор шоргоолжинд бариулдгийн үлгэрийг Монгол Улсынхаа хувьд хармааргүй байна. Өөртөө бий болсон алдаа дутагдал, болж бүтэхгүй зүйлсээ үтэр цэвэрлэн хаяж байж л ирээдүй үеээ түшиж явах өндөр дээд хариуцлагыг даах хүч тэнхээгээ сэлбэнэ, ард түмний хүсэл зоригийг авч явах алсын замдаа бүдрэхгүй байх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих