МАН-ынхан судалгааны нэгэн байгууллагаар 400 саяын үнэтэй судалгаа хийлгэжээ. Тэр судалгаагаар нь МАН-ын рейтинг АН-аас дор гарч дотоод зөрчлийг нь гааруулахад чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Үүнийгээ нуух гэсэндээ Ерөнхий сайдыг огцруулах, АН-ын гишүүдийг өөр хооронд нь эвдрэлцүүлэх их ажлыг сэтгэж яваа юм байна. Үүний нэг тод жишээ нь АН-ын дарга, МАХН-ын дарга нарын хамтран ажиллах гэрээний үнэн бодит төрх энэ гэж хуурамч гэрээ зохиосон нь сахил хүртсэн биш шал дордов гээч юм боллоо. Хуурамч гэрээг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн зарим нэр бүхий ажилтнууд үйлдсэн гэдгийг Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай албан ёсоор мэдэгдлээ.
Ж.Буяндалай:
МАН-ЫН Н.ДЭМБЭРЭЛ ТЭР ГЭРЭЭГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН
-АН-МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний "нууц хавсралт” гэх баримт бичиг нь хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байна. УИХ-д суудал бүхий намуудыг хооронд нь талцуулах байдлаар үндэсний эв нэгдлийг алдагдуулж, улмаар төрийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй байсан учраас тагнуулын байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нягтлан тодруулах ажлыг хэрэгжүүллээ. Үүний дүнд энэ баримт бичиг нь хуурамчаар үйлдсэн болохыг баримтаар тогтоолоо. Энэхүү нууц гэрээ гэгч хуурамч баримт бичгийг үйлдсэн эзэд нь МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл болон тус хэлтсийн зарим нэр бүхий ажилтнууд болох нь тогтоогдоод байна. Дахин хэлэхэд, төрийн өндөр албан тушаалтан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, түүнчлэн УИХ-д суудалтай намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, нууц гэрээ гэгчийг үйлдэн үндэсний эв нэгдлийг бусниулах эрсдэлт байдал үүсгэсэн асуудлыг үргэлжлүүлэн нягталж байгаа бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зохих арга хэмжээг авах болно гэсэн юм.
Т.Гантулга:
МАНАЙ НАМ ГЭРЭЭГ ХУУРАМЧААР ХИЙГЭЭГҮЙ
-Энэ мэдээллийн дараа Төрийн ордонд МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Т.Гантулга "2014 оны аравдугаар сарын 22-ны шөнө ТЕГ-ын ажилтнууд МАН-ын төв байранд хууль зөрчин нэвтэрч, албан ажлын өрөөнөөс компьютерийн хард дискийг хураан авч, улмаар манай хэвлэл мэдээлийн ажилтнуудын гэрт ямар зөвшөөрөлгүй очсон. Шөнийн 01:00 цагт ТЕГ-т аваачин иргэн хүний эдлэх ёстой эрхийг танилцуулахгүйгээр, ямар ч өмгөөлөгчгүйгээр олон цагаар саатуулан шалгасан гэдгийг хэлмээр байна. Мөн 22-ны өдөр нь манай ажилтнуудыг дахин ТЕГ-т аваачиж саатуулсан. Эдгээр ажилтнуудыг хууран мэхлэх гэндүүлэх замаар манайд ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүнийг хилс хэрэгт гүтгэж байгаа юм байна. Бид тэр гэрээ гээчийг нь хуурамчаар хийгээгүй. Миний авсан мэдээллээр Н.Дэмбэрэлтэй өөртэй нь уулзаагүй, өөрөөс нь мэдүүлэг аваагүй юм билээ. Ман намын удирдлагуудаас хэн нэгнээс нь тодруулга мэдээлэл аваагүй байгаа гэдгийг энд хэлмээр байна. Ер нь Ерөнхий сайд төрийн тусгай алба болох ТЕГ-ын даргаар мэргэжлийн бус хүнийг хууль зөрчин байж дахин дахин зүтгүүлсээр томилуулсны цаад санаа нь төрийн энэ ажлыг өөрийн улстөрийн зорилгод ашиглах явдал илэрхий боллоо. Н.Дэмбэрэл нь манай намд ажиллаж байгаад гарах өргөдлөө өгсөн. Бид түүнийг бүхий л талаар хамгаална” гэсэн юм.
Ийнхүү АН-МАХН-ын хамтран ажиллах гэрээг хуурамчаар үйлдсэн гэх энэ үйл явдлыг дагаад хэвлэлийн бага хурлууд ээлж дараалан болсон бол АН-ын гишүүд үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй гээд өөр юм ярьцгаасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Тэр гэрээ хуурамч уу, хуурамч биш үү гэдэг нь бидэнд хамаагүй. Зөвхөн хууль бус гэрээ байгуулсан нь өөрөө асуудал. Ерөнхий сайдыг огцруулахаар манай намын 15 гишүүн гарын үсгээ зурчихаад байна. Удахгүй УИХ-ын даргад өргөн барина” хэмээн мэдэгдсэн.
Д.БОЛОР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих