
Гэхдээ гишүүдийн хувьд төмөр замын царигийн асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлж байсан ч нэг зүйл дээр санал нэгдсэн юм. Энэ нь төсөл хэлэлцэгдэх явцад буюу замын дундаас орж ирсэн Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал. Энэ санал батлагдсан хоёр хөрштэй хийсэн яриа хэлэлцээрээс гажсан асуудал үүснэ хэмээгээд байсан ч гишүүдийн дэмжлэг авалгүй хасагдсан юм. Тогтоолын төсөл батлагдах энэ үед Эдийң засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар "Энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа. Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа” хэмээж тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжснээр төмөр замын асуудлыг эцэслэв.
Төмөр замын царигийн асуудалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэрбээр "Сэтлээд нарийн цариг тавиад орж ирэх зам Хятадын стандартаар хийгдэнэ. Энэ төмөр замыг бид барихын тулд мөнгийг нь хаанаас гаргах юм. Бид зээл аваад Хятадын төмөр замын стандартыг оруулж ирэх юм уу... Эдийн засгийн утгаараа цаад тал хөрөнгөө гаргах ёстой биш үү. Өчигдөр л гэхэд хоёр газраас лоббидоод оруулаад ирсэн. Зөвхөн засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцэх ёстой гээд суугаад байж болохгүй. Судлах ёстой. Ерөнхийдөө бодлогын бичиг баримтыг зөрчсөн шийдвэр гарлаа. Бидний хамгийн их ярьдаг иргэн бүрт хувьцаа өгсөн Тавантолгойг урагшаа нарийн царигаар тээвэрлэх шийдвэр гарчихаж байгаа юм. Нарийн царигаар тээвэрлэнэ гэдэг нь тухайн үедээ тодорхой хугацаанд хэдэн төгрөг олох л байх. Олсон мөнгөө улстөрчид халамжид тараачихдаг. Тэгэхээр бодлогын маш том алдаатай шийдвэр гарлаа” гэсэн юм.
Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.
Үүний дараа Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан "Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа. Түүний Монгол Улсаас 2010 онд 2500 тонн, 2011 онд 5000 тонн хивгийг ОХУ, БНХАУ-д экспортлосон. Харин 2012 онд өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гаргаж хивгийг экспортлоогүй юм байна. Мөн гурил тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон агуулах савны дуүргэлттэй холбоотойгоор тэжээлийн хивгийг экспортлох хүсэлт тавьсны дагуу хивгийн экспортод тавьсан хориог цуцалсан байна. Харин өнгөрсөн оны II хагас жилд нийтдээ БНХАУ руу 40.3 мянган тонн, ОХУ руу 5.4 мянган тонн нийт 45.7 мянган тонн хивэг буюу манай улсын жилд үйлдвэрлэдэг нийт хивгийн 50 гаруй хувийг экспортлосон гэдгийг дуулгаж байлаа.
Монголын мэдээ
Э.Зул
Э.Зул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих