Шинэчлэлийн Засгийн газраас өөрсдийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт
аялал жуулчлалыг тусгай сонирхол, байгаль, соёлын гэхчилэн бүс нутгаар
төрөлжүүлэн хөгжүүлэх тухай тусгаж, үндэсний бахархлыг зарлан тунхаглаж
байгаа. Тухайлбал, Үндэсний бахархалт шувуугаар шонхор, Үндэсний
бахархалт хайрханаар Бурхан Халдун уулыг тусгайлан зарласан байдаг.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хурапдаанаар Үндэсний
бахархалт цэцгээр Бэр цэцгийг тодруулан зарлаж, тогтоолоор
баталгаажуулжээ.
Алтанхундага, вансэмбэрүү, цагаан цээнэ, Говийн хялгана зэрэг есөн цэцгийг нэрлэж, ургамал судлаач, багш, оюутан, эрдэмтэн, аялал жуулчлалын ажилтан зэрэг 1000 гаруй хүнээс авсан санал асуулгаар дээрх цэцгийг тодруулсан байна. Бэр цэцэг нь Монголын хангай, говь, хээр талын бүх нутгаар элбэг тархсан бөгөөд дулааны улиралд цэцэг дэлбээтэйгээ байж, тарихад ч арчилгаа бага шаарддагаас гадна байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, цэцэг ургамлын зах зээлд борлуулалт сайтай, өсөн дэлгэрэх чадавхитай байдал нь олон нийтийн саналыг авахад нөлөөлжээ. Манай дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон "Цогт тайж" кинонд Түвдийг дайлаар мордож буй Арслан тайжид дурлалт бүсгүй Хулан нь бэр цэцгийг дурсгаж байдгийг та санаж байгаа биз дээ. Монголчууд дайн дажингүй, амар амгалан байхын бэлгэдэл болгож бэр цэцгийг "Тахилын цэцэг" гэж нэрлэж ирсэн түүхтэй гэдэг. Цэнхэр, нил хөх болон нил ягаан өнгөтэй энэ цэцгийн үзэгдэх дүр төрх нь уран дархчуудын урласан мөнгөн баавартай эмээлийн хэв загвартай адил харагддаг гэж монголчууд ярих нь бий. Ямартай ч бид улс үндэстнээрээ дээдлэн хүндлэх, хайрлаж хамгаалах бахархалт цэцэгтэй боллоо. Энэ нь бэр цэцэг.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих