Хүн чанарын тухай хичээл дунд сургуулийн нэгэн ангид орж байна. Багш нэгийн тоог самбар дээр бичээд энэ бол хүн чанар гэж. Тэр нэгийн тооны араас тэг тавьж, энэ бол ажил хөдөлмөр, мэргэжил боловсрол за тэгээд өөрт байгаа бүхнээ тэгээр орлуулаад жагсаа гэсэн байна. Хүүхдүүд ч ч аз жаргал, хайртай хүмүүс, эдлэл хэрэглэл гээд жагсааж гарч. Нэгийн тооны ард маш олон тэг тавигдсаар их том тоо гарлаа. Харин багш нэгийн тоог нь авчихлаа. Нэг тоог авахад бүгд тэг болж байгаатай адил хүн чанараа гээхэд танд байгаа бүх юм үгүй болно гэдгийг ойлгуулжээ. Хүн чанар гэж ердөө л энэ. Харин энэ цагт бид хамгийн чухал зүйлээ гээчихсэн яваа юм биш биз гэж бодогдох.
Өнгөрсөн өвлийн нэг явдал өнөө хэр санаанаас гардаггүй юм.
Идэр есийн жавар тачигнасан өвлийн шөнө нэг найзыгаа гэрт нь дөхүүлж өгчихөөд буцаж явтал Мянгатын байшингуудын голоос нэг бүсгүй гар өргөлөө. Шөнийн тэг цаг өнгөрчихөөд байхад бүсгүй ганц хүнийг харсаар байж өнгөрөөд явалтай биш гээд зогслоо. Нөгөө бүсгүй машинд орж ирүүтээ үг дуугуй уйлж гарлаа. "Уйлсныг бүү асуу” гэдэг хойно би жаахан тайвшрахыг нь хүлээж хэсэг зогссон. Хорь шүргэж яваа болов уу гэмээр тэр охин жаал уйлж байгаад тайвшрав бололтой, " ах аа, 40-р байрны гадаа очоод зогсчихооч цүнхтэй хувцсаа аваад гараад ирье гэлээ”. Нөхөртэйгөө муудсан хүн болохыг нь ойлгож "дүү минь ах төлбөр төлөөс гэхгүй очих газарт чинь чамайг хүргээд өгье” гэлээ.
Тэгсэн "Манай нөхөр намайг зодоод, хөөгөөд байна аа, хувцсыг минь гаргаад шидчихсэн. Очиж авахгүй бол болохгүй” гэж уйлсаар. Хүнд тус болох гээд согтуу нөхөрт цохиулчих вий гэж эмээсэн ч миний хоёр бүсгүй дүүтэй минь адил санагдаад буу буу гэж хэлж чадсангүй. "Нөхөр чинь согтуу байгаа юм уу” гэхэд "эрүүл ээ” гэх. Ингээд 40 дүгээр байрны гадаа очлоо. Өнөө охин удалгүй 2 цүнхтэй хувцас, цахилгаан тогоо, үсний индүү сэлтийг барьсаар гараад ирлээ. Өөрийн нь өмч бололой. Ингээд 6-р байшинд хүргүүлэв. Замдаа тувт уйлсаар. Хөөрхий дөө хүний бүсгүй үр ингэж зовох гэж бодохоос өр өвднө. Өвлийн хүйтэнд хань ижлээ хөөж тууж гаргачихаад ядаж ямар машинд сууж байгааг нь харчихдаггүй, хорьдог ч үгүй хүн гэж байх уу. Нөгөө хүн чанар алга. Нийгэм нэлдээ ийм болж дээ. Саяхны жишээ л гэхэд хоёр жүжигчин хүүхэн нэг нэгнээ түлж. Цахим ертөнц хийгээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөө хоёрыг муулсан, хажууд нь хараад сууж байсан мэтээр бичсэн сэтгэгдэл дүүрэн. Монголчууд бид алдсан нэгнийгээ бүүр түлхдэг, унахаар нь босч ирэхгүй болтол бяц дардаг нөгөө аймшигтай зан тэр. Хайрлах, өрөвдөх гэдэг нандин чанараа алдахаар хүн араатан болдог. Бидний ирээдүй ийм л цаг үед хүн болж төлөвшиж байна.
Уг нь бидний өвөг дээдэс "тэвдэж явахад тэвнээр тусал”, "Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ”, "хүн хэлээр, мал хөлөөр” гэж захиж сургаж ирсэн юмсан. Хүний мөс чанар муудаад ирэхээр улс орны ч хөгжил уруудаад эхэлдэг. Гэгээрэхийг хүсдэггүй, ном уншихгүй, тархиа цэнэглэхгүй ард түмэнтэй улс гүрэнд мөхөл ойрхон. Баян, хоосон өнгөтэй мөнгөтэй нь чухал биш. Гагцхүү хүнийг хайрлах, өрөвдөх, бусдын тусыг мартахгүй явах нь хүн чанар. Хорвоогийн алаг эрээн хувь тавиланд сөхрөхгүй, сөгдөхгүй шулуун дардан зүйл үгүй билээ. Тэр үед нь бид найз нөхдөө, хань ижлээ, танил талаа марталгүй хажууд байх нь юутай ч зүйрлэшгүй тус юм. Заавал хэдэн төгрөг юм уу материалын жаахан тус хүргэснээ хүн чанар гэж бодож болохгүй.
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Үр хүүхддээ хүн чанарын тухай ойлгуулж зөв хүн болгож төлөвшүүлэх нь бидний хамгийн чухал зорилго. Энэрэх, нийгүүлсэх сэтгэлтэй байж гэмээнэ хүн шиг хүн болох. "Хүн шиг хүн болоорой, чи” гэж захихийн оронд хүн шиг хүн гэж ямар байхыг өөрөөрөө үлгэрлэвээс зохих санагдана. Бусдаас хайхын оронд өөрөөсөө нэг хайгаад үзээрэй, ХҮН ЧАНАРЫГ.
Н.Мөнхсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих