Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас 10 дугаар сарын 23-нд Солонгос дахь монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв.
ЭСЯ-наас хагас жил тутам зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Солонгос дахь монгол иргэдийн холбоо, Оюутны холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Солонгост төгсөгчдийн холбоо болон Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагууд, мөн МGL радио, "МоСо” сонин зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.
Элчин сайд Б.Ганболд уулзалтын эхэнд хоёр орны харилцааны өнөөгийн байдал, ирэх онд болох дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, мөн өнгөрсөн 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон "Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтын талаар мэдээлэв.
Уулзалтын үеэр манай иргэдийн аж байдал, тэдний эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцлийг сайжруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулав. Элчин сайд, БНСУ-д удаан хугацаагаар оршин суугаа болон тус улсад зорчиж байгаа манай иргэдийн тоо буурах хандлагатай байгаа хэдий ч манай иргэдийн БНСУ-д гэмт хэрэг үйлдэх, тус улсын хууль дүрмийг зөрчих явдал тоон үзүүлэлтээр буурахгүй байгаад анхаарал хандуулах ёстойг тэмдэглэв. Энэ талаар ЭСЯ тухайлбал гэрээний ажилчдад Солонгост ирэхэд нь тусгайлан яриа хийж, зөвлөгөө өгөх болсныг онцлов.
Мөн монгол иргэдийн Солонгост зорчих визийн нөхцлийг сайжруулах чиглэлээр барьцаа мөнгийг болиулах, бүрдүүлэх бичиг баримт, визийн материалыг хянах хугацааг богиносгох, визтэй иргэдийг хил дээрээс буцаахгүй байх талаар солонгосын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллаж, ахиц гаргаж байгааг дурдав. Солонгосын талаас визийн нөхцлийг хөнгөвчлөхөд манай иргэд БНСУ-ын хууль журмыг зөрчихгүй байх явдал үндсэн нөхцөл мөн хэмээн Элчин сайд тэмдэглэв.
Уулзалтын үеэр ЭСЯ-наас Эбола вирусын халдвараас сэргийлэх, энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсний зэрэгцээ иргэдэд энэ талаарх анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй шуурхай хүргэхэд монгол иргэдийн нийгэмлэг, холбоо, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож ажиллахыг хүсэв.
Элчин сайд Солонгос дахь манай иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч байгаа асуудлуудыг төр засгийн сонорт хүргэхэд иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагууд "холбогч гүүр” болж ажиллах ёстойг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Уулзалтанд оролцогчид ЭСЯ-тай ажил хэргийн холбоогоо цаашид улам өргөжүүлж ажиллахаа илэрхийлж, харилцааны 25 жилийн ойгоор өөр өөрсдийн чиглэлээр Монгол Улсаа сурталчлах арга хэмжээ зохиож ажиллахаа илэрхийлэв.
Тэдний зүгээс Солонгост амьдарч байгаа монгол хүүхдүүд үндэсний хэл, соёлоо эзэмших боломжийг бүрдүүлэх, мөн Солонгост суралцаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангах, оюутнууд дадлагын ажил хийх тал дээр ЭСЯ-наас зохих дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Мөн Солонгост эмчилгээгээр ирж байгаа монголчуудад орчуулга хийж байгаа байдалд анхаарах, чанарыг сайжруулах шаардлагатай байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж, энэ талаар ЭСЯ-тай хамтран орчуулагчдын сүлжээ байгуулах, семинар зохион байгуулахаар тохиров.
БНСУ-ын албан ёсны мэдээгээр 2013 онд манай улсын 55198 иргэн Солонгост эмчилгээ, оношлогоо хийлгэсэн ба үүнээс 12034 иргэн эмчилгээний визээр ирж нийт 30 гаруй сая ам.долларыг эмчилгээ, оношлогоонд зарцуулсан байна.
ЭСЯ-наас монгол иргэдтэй хийсэн энэ удаагийн уулзалт "Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалтын мөрөөр Солонгос дахь монголчуудын нийгэмлэг, холбоод хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон ач холбогдолтой болов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих